Шинэ он гарахын өмнөхөн нийслэлийн Сүхбаатар дүүргийн долдугаар хорооны 10 дугаар байрны орцонд ой долоон сартай охиноо орхиж явсан хэрэг гарсан. Охиныг нэгэн бүсгүй олж, ЭХЭМҮТ-д хүргэж өгөхөд биеийн байдал нь хүнд, хоёр уушги нь битүү хатгалгаатай гэсэн онош тодорсон юм.
Ойрын өдрүүдэд охины биеийн байдал огцом муудаж, эрчимт эмчилгээний Сэхээн амьдруулах тасагт шилжсэн байгаад охинд шаардлагатай гэсэн эмчилгээг эмнэлгийн зүгээс цаг алдалгүй хийж байгаа талаар эх сурвалж мэдээлж байна. Цагдаагийн байгууллага охиноо орхиж явсан ээжийг эрчимтэй эрэн сурвалжилж олж тогтоосон.
Тэрээр “Охиноо хүнд өвчин тусахаар нь орхиж явахаас өөр аргагүйд хүрсэн. Охиныг минь буянтай хүн олж аваад өвчнөөс нь салгаасай гэж хүссэн” гэсэн утга бүхий мэдүүлэг өгсөн байдаг. Одоо тэрээр охиноо ЭХЭМҮТ-д асарч, сахиж байна. Цагдаагийн байгууллага түүнд эрүү үүсгэн шалгаж байгаа билээ.