Categories
гадаад мэдээ

Оросын цэргүүд Украины эзлэгдсэн хотыг орхиж явахаар даргатай нь тохиролцжээ || DNN.mn

Оросын цэрэгт эзлэгдсэн Украины нэг хотын оршин суугчид Бямба гарагт эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсны үр дүнд хоригдож байсан хотын даргаа суллуулжээ.

25,000 орчим оршин суугчтай Славутич хот нь Чернобылийн атомын цахилгаан станцад ойрхон оршдог бөгөөд Оросын цэрэг Украинд халдсан өдрөөс хойш удалгүй эзлэгдэж байсан юм.

Цэргийнхэн хотын дарга Юрий Фомичевыг баривчилж хориод байжээ.

Иргэдийн эсэргүүцлийн жагсаалыг цэргүүд эхлээд хүч хэрэглэн тараахыг оролдсон байна. Цэргүүд агаарт хий буудаж, утаат гранат дэлбэлсэн боловч жагсаал таралгүй, харин улам өргөжсөн гэнэ.

Ингээд эцэст нь Оросын цэргийнхэн хотын дарга Фомичевыг суллан явуулжээ. Хэрвээ хотод Украины цэрэг байхгүй, иргэдийн гар дээр галт зэвсэг байхгүйг баталж чадвал цэргүүд хотоос гарах тохиролцоо хийснийг Фомичев энэ үеэр жагсагчдад мэдэгджээ.

Хотод шалгалт явуулсны дараа цэргүүд гарах ба ингэхдээ хотын гадна харуулын нэг пост үлдээхээр болсон байна.

Оросын зэвсэгт хүчин эзлэн авсан Украины хотууддаа хяналт тогтооход хэцүү болсныг энэ явдал харуулж байгаа юм.

ОХУ-ын батлан хамгаалах яам Украинд явуулж буй ажиллагааныхаа цар хүрээг хумьж, тус улсын дорнод хэсгийн Донбассыг чөлөөлөхөд хүчээ төвлөрүүлэх төлөвлөгөөтэй байгааг Баасан гарагт мэдэгдсэн билээ.

Гэхдээ Украины тал үүнд эргэлзэж байна. Оростой явуулж буй яриа хэлэлцээний ахлагч, Украины ерөнхийлөгчийн зөвлөх Михайло Подоляк өчигдөр хэвлэлд ярихдаа “Би үүнд итгэхгүй байна. Тэдний сонирхол Донбасс биш. Тэдний гол зорилго бол Киев, Чернихов, Харьков, бас Мариуполийг эзэлж, биднийг Азовын тэнгисээс салгах юм. Тэд хүчээ татаж байгаад дахин хуваарилаад довтлохоор зэхэж байж магадгүй” гэжээ.

Эх сурвалж: The Guardian

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *