Categories
гадаад мэдээ

Оросын цэрэг Киев хотод тулж иржээ || DNN.mn

Орон нутгийн цагаар өнөөдөр өглөө үүрээр Оросын зэвсэгт хүчин Киев хот руу пуужин харвасан тухай Украины албаныхан мэдээлжээ.

Үүрээр Оросын байлдааны нэг онгоц буудуулж, тус хотын орон сууцны барилга дээр унасан тухай зарим албаны эх сурвалж мэдээлж байна. Онгоц унаж, шатах үед найман хүн шархадсан гэнэ.

Украины албаныхны мэдээлснээр Баасан гарагийн орой гэхэд Оросын цэрэг Киев хотын хаяанд тулж ирэхээр байгаа гэнэ.

Украины цэрэг нийслэл хотоо хамгаалж, хүч давуу дайсантай дөрвөн фронт дээр зэрэг тулалдаж байгааг бас мэдээлжээ.

Тус улсын томоохон хотуудаас 100,000 орчим хүн дүрвэж, олон арван хүн алагдсан мэдээ ирж байна.

Оросуудын зорилго Киев хотыг эзэлж, одоогийн эрх баригчдыг засгийн эрхээс зайлуулах гэж Украин болон өрнөдийн орнууд үзэж байгаа юм.

Хэдийгээр Оросын цэрэг ойртож байгаа ч Киевээс явахгүйгээ Украины ерөнхийлөгч Володимир Зеленский өглөө мэдэгджээ.

Тэрбээр интернэтээр тараасан видео мэдэгдэлдээ “Би дайснуудынхаа номер нэг бай болоод байна. Миний гэр бүл хоёр дахь бай нь. Тэд төрийн тэргүүнийг нь устгах замаар Украиныг улс төрийн хувьд сүйрүүлэх гэж байна. Гэхдээ би нийслэлээс явахгүй. Миний гэр бүл Украинд байгаа” гэж ярьсан байна.

Украины гадаад хэргийн сайд Дмитро Кулеба твиттер хуудсандаа “Оросын пуужингийн аймшигт цохилтод Киев өртлөө. Манай нийслэл хамгийн сүүлд 1941 онд Нацист Германы довтолгооны үед ийм зүйл үзэж байв” гэж бичжээ.

АНУ тэргүүтэй өрнөдийн орнууд ОХУ-ын түрэмгийллийг зогсоохын тулд эдийн засгийн багц хориг арга хэмжээнүүдийг авсаар байна.

НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөл өнөөдөр Оросын түрэмгийллийг буруушааж, цэргээ Украинаас гаргахыг шаардсан агуулгатай тогтоол дээр санал хураах юм. Тогтоолд ОХУ-ын төлөөлөгч хориг тавих нь тодорхой байна. Харин Хятад улс ямар байр суурь баримтлах нь тодорхойгүй байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *