Categories
мэдээ цаг-үе

Оросын тал Украин руу довтлох шалтгааныг зохиомлоор бий болгох ажиллагаанд бэлдэж байгааг АНУ анхааруулав

ОХУ-аас ирэх долоо хоногт Украин руу дайрах уу? | News.MN

Өнгөрсөн Мягмар гарагт ОХУ-ын батлан хамгаалах яам Украины хилээс цэргийн хүчээ татаж эхэлсэн талаар мэдээлж байв.

Гэвч өрнөдийн орнууд болон NATO үүнийг нь сүүлд үгүйсгэсэн юм. Тагнуулын мэдээллээс гадна хиймэл дагуулаас авсан зургаас Украины хил дээрх Оросын цэргийн ажиллагаа “буураагүй, харин эрчимжиж байгаа нь харагдаж байна” гэж тэд мэдэгдээд байна.

Тэгвэл өчигдөр Украин руу довтлох шалтгааныг зохиомлоор бий болгох ажиллагаанд Оросын тал бэлдэж байгааг АНУ-ын эрх баригчид анхаарууллаа.

“Тэд эзлэн түрэмгийллээ зөвтгөх хуурамч шалтгааныг үүсгэхээр бэлдэж байна. Үүнд итгэх үндэслэл бидэнд бий” гэж Цагаан ордны гадаа хийсэн мэдэгдлийнхээ үеэр АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден хэлжээ.

Сүүлд АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен ийм ажиллагааны хэд хэдэн хувилбар бэлтгэгдэж байгааг НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөлд мэдээлсэн юм.

Үүнд Оросын нутаг дэвсгэрт террорист ажиллагаа (бөмбөг дэлбэлэх) зохион байгуулах, иргэдийг бөөнөөр устгасныг гэрчлэх булш илрүүлэх, энгийн иргэдийн эсрэг дроны халдлага зохион байгуулах, химийн зэвсгийн зохиомол болон бодитой халдлага зохион байгуулах зэрэг хувилбаруудыг дурджээ.

Ийм хуурамч ажиллагааг зохион байгуулсны дараа ОХУ-ын засгийн газар “Украин дахь орос гаралтай иргэдийг хамгаалах асуудлаар шуурхай хуралдаж, агаарын болон кибер довтолгоог эхлүүлэх шийдвэр гаргана” гэж Блинкен тайлбарласан байна.

Ингэхдээ тэр ямар нэг баримт үзүүлээгүй ч “Би өнөөдөр энд дайн эхлүүлэх гэж биш, дайнаас сэргийлэхийн тулд зогсож байна” гэж мэдэгджээ.

Хуурамч ажиллагааны талаар сэжиглэх үндэслэл байгааг сүүлд NATO-гийн тэргүүн Йенс Столтенбэрг, Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон, гадаад хэргийн сайд Элизабет Трасс нар бас хэлсэн байна.

ОХУ-ын батлан хамгаалах яам цэргээ татаж эхэлсэн талаар мэдэгдсэний дараа Украины сөргөлдөөн буурах найдлага төрж эхэлсэн юм.

Гэвч Пүрэв гарагт Украины арми болон Оросын дэмжлэгтэй салан тусгаарлагчид харилцан нэг нэгэн рүүгээ гал нээсэн нь байдлыг дахин хурцатгалаа.

Украины албаныхны мэдээлснээр өчигдөр салан тусгаарлагчдын их бууны сум Станиця Луганська хотын хүүхдийн асрамжийн газрын хананд туссаны улмаас гурван насанд хүрэгч шархаджээ.

Харин салан тусгаарлагчид мэдээлэхдээ өчигдөр Украины арми өөрийнх нь хяналтад байдаг хэд хэдэн газарт алсын цохилт өгснийг баталсан байна.

Өрнөдийн болон Украины удирдагчдын дээрх мэдэгдлүүдийг Москвагийн эрх баригчид няцаасаар байгаа. Өчигдөр ОХУ-ын засгийн газар Москвад суух АНУ-ын элчин сайдын орлогчийг нутаг дэвсгэрээсээ хөөх шийдвэр гаргасан нь харилцааг хурцатгах бас нэг үйлдэл болжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *