Categories
мэдээ цаг-үе

Оросын эрдэмтэд Далай ламтай хамтран хойд нас байдгийг батална гэв

Өнгөрсөн зун буюу наймдугаар сард Буддын шашны тэргүүн Далай лам Оросын хүний оюун ухаан, сэтгэл судлалын шинжлэх ухааны салбарын тэргүүлэгч эрдэмтдийг хүлээн авч уулзжээ. Энэ үеэр хүний ухамсар, тархины үйл ажиллагааны талаарх шинэ онолыг бий болгох цаг болсныг онцлон ярьжээ. Өөрөөр хэлбэл, хүн төрөлхтөн бий болсон цагаас яригдсаар ирсэн оюун ухаан дараагийн төрөлд шилжин очдог, хойд нас гэж үнэхээр байдаг уу гэдэгт тодорхой хариулт өгөх болсон гэв. Буддын шашны тэргүүн ч үүнтэй санал нийлсэн тул Оросын эрдэмтэдтэй уулзаж энэ талаар ярилцахаар Дели хотод урьсан юм байна.

Манай хойд хөршийн эрдэмтэд 150 жилийн өмнөөс хүний оюун санаа, уураг тархитай холбоотой судалгаа хийж байгаа. Өөрөөр хэлбэл, ухамсар, тархи хоёр ямар холбоотой болохыг тайлахаар ажилласаар байгаа гэнэ. Хойд нас гэдэг нь үүнтэй салшгүй холбоотой. Хамгийн гол нь хүн төрөлхтөн өнөөдрийг хүртэл тодорхой хариулт өгч чадаагүй асуултын хариуг олсноор Оросын эрдэмтэд Буддын шашин болон орчин үеийн шинжлэх ухаан хоёрыг холбож өгөх гүүр болох гэнэ. Энэ үеэр тэд Далай ламтай хамтран хойд нас гэж байдаг, хүний оюун ухаан нэг биеэс нөгөөд шилждэг болохыг батлах туршилт хийхийг санал болгожээ. Туршилтад энэ чиглэлээр шинжилгээ судалгаа хийдэг философи, сэтгэл судлаач эрдэмтэд оролцох ёстой гэв.

Оюун ухаан нэг биеэс нөгөөд шилждэг, хүний бие бүрэлдэх явцад оюун ухаан бий болдог нь урьд настай холбоотой хэмээн Буддын шашин үздэг. Далай лам үүнтэй санал нэгдэж туршилтыг дэмжих болно гэдгээ ч хэлжээ. Энэ асуудал шашин, орчин үеийн шинжлэх ухаан хоёрыг заагладаг хамгийн гол асуудал. Тиймээс ч сүүлийн 30 жил Буддын шашны зүтгэлтнүүдтэй хамтран ажиллаж байсан барууны эрдэмтэд иймэрхүү туршилт хийх санал тавьдаггүй байсан бололтой. Хэрвээ хүний оюун ухаан нэг биеэс нөгөөд шилждэг буюу сүнс байдаг гэдэг нь батлагдах юм бол шинжлэх ухаанд маш том эргэлт гарна. Өөрөөр хэлбэл, өнөөдрийг хүртэл бидний итгэж үнэмшиж ирсэн орчин үеийн шинжлэх ухааны үндэс суурийг эргэн харахаас өөр аргагүй болно.

Хүн төрөлхтний түүхэнд сүнс нэг биеэс нөгөөд шилждэг гэдэг нь амьдрал дээр батлагдсан. Далай лам ч үүнийг нотлох жишээнүүдийг дурдсан байна. Уулзалтын үеэр Дээрхийн гэгээнтэн сүнсний талаар ярихдаа “Хойд насаа сайн санаж байсан хоёр энэтхэг охидыг би өөрөө харсан. Нэг нь Энэтхэгийн Канпура, нөгөө нь Патьялд амьдардаг. Нэг охины эцэг эх нь хойд насандаа хэрхэн амьдарч байсан тухай яриагаар өмнө нь амьдарч байсан газар нь хүртэл аваачсан байдаг. Тэгэхэд охин өрөөгөө хараад таньсан” хэмээн ярьжээ. Түүнээс гадна урьд насандаа Энэтхэгт амьдарч байснаа маш тод санаж байсан нэгэн түвд хүүтэй уулзсан гэнэ. Харин Оросын эрдэмтэд хойд насны талаар ярихад яагаад заавал хүүхдүүдийн дурсамж дээр тулгуурладаг болохыг Дээрхийн гэгээнтнээс асуусан байна. Далай ламын тайлбарласнаар хүүхэд жаахан байхдаа өмнө насныхаа дурсамжийг илүү тод санадаг гэнэ. Тусгай дасгал сургуулилтын тусламжтайгаар түүнийгээ оюун тархиндаа хадгалахгүй бол амархан мартагдан замхардаг. Жишээ нь хүн бясалгал хийж оюун санааны хувьд өөр түвшинд очихдоо өнгөрсөн амьдралд нь тохиолдсон зүйлийг эргэн санадаг.

Азид тэр дундаа Буддын шашинд хүн дахин төрдөг талаар номлосоор ирсэн бол барууны эрдэмтэд үүнийг үгүйсгэдэг. Буддын шашны томоохон эрдэмтэд бүтээлдээ 51 сэтгэцийн хүчин зүйлийн талаар дурдсан байдгийг Буддын шашны тэргүүн дурджээ. Хүний сэтгэл санааны янз бүрийн байдал, зовж шаналах зэрэг нь эдгээр хүчин зүйлтэй шууд холбоотой юм байна. Товчхон бөгөөд энгийнээр тайлбарлах юм бол хүний оюун ухаан, тархи нь хоёр өөр зүйл боловч хоорондоо салшгүй холбоотой. Далай лам үүнийг олон жил судлаад квантын физикийн үндсэн зарчимтай тун төстэй гэсэн дүгнэлтэд хүрсэн хэмээн хэлсэн байна. Мэдээллийг агуулдаг тархи нь хүний биеийг удирдаж байдаг хэмээн Оросын эрдэмтэд ярьсантай ч Дээрхийн гэгээнтэн санал нийлжээ. Уулзалтад оролцсон Буддын шашны нэгэн эрдэмтэн мэдээлэлд тулгуурласан ухамсар нь “салхины хүч” хэмээн нэрлэдэг тусгай хүчээр дараагийн төрөлд буюу биед дамжигдан очдог хэмээн ярьжээ. Гэхдээ хэт их мэдээлэлд дарагдваас энэ нь нэг хэлбэрийн зовлон болдог гэдгийг энэ чиглэлээр олон жил судалгаа хийсэн эрдэмтэд дурдсан байна. Энэ зовлонгоос буюу хэт мэдээллийн дарамтаас бясалгалын тусламжтайгаар салж болдог гэдгийг туршилтаар баталжээ.

Буддын шашинтнууд хэдэн мянган жилийн туршид бясалгалын янз бүрийн аргыг судлах төдийгүй амьдрал дээр туршсаар ирсэн. Хамгийн гол нь оюун ухаан, ухамсрын талаар тайлбарыг өгсөн байдаг. Буддын сүм хийдүүдэд байгалийн шинжлэх ухааны талаар тусгай сургалт байдаг. Тиймээс ч Далай лам шинжлэх ухааныг барууны, дорнын гэж зааглахгүй байхыг хүссэн байна. Хүний оюун ухаан нэг биеэс нөгөөд дамждаг гэдэг нь батлагдвал шинжлэх ухаанд эргэлт гарах төдийгүй хүний ухамсар,ёс суртахууны хувьд том өөрчлөлт гарах нь зайлшгүй. Буддын гүн ухаанд үйлийн үрийн тухай номлодог. Энэ насандаа яаж амьдарснаас хойд насандаа ямар төрөл олж төрөх нь шалтгаалдаг гэдэг. Та муу үйлдэл хийвээс хойд төрөлдөө тийм шийтгэл хүртэнэ, зөв сэтгэлтэй, зөв үйлдэлтэй байваас дараа төрөлдөө сайн сайхан явна хэмээн сургадаг.

Ямар ч байсан хойд нас, сүнс зэрэг байдаг гэдэг нь батлагдах юм бол орчин үеийн шинжлэх ухааны онол бүхэлдээ үгүйсгэгдэнэ. Буддын шашны тэргүүн Далай лам Оросын эрдэмтэдтэй энэ чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байгаа гэдгийг дээр дурдсан. Харин энэ бүхнийг батлахын тулд чухам ямар туршилт хийх талаар эрдэмтэд ч, Дээрхийн гэгээнтэн ч тодорхой юм хэлсэнгүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *