Украины арми сүүлийн үед Лиман хот болон Херсон мужийн хойд хэсэгт мэдэгдэхүйц ахиц дэвшил гарган, өөрийн Харьков мужийг бүрэн хяналтандаа авч, 169 сууринд дайсны үлдэгдлийг “цэвэрлэж”, Херсон мужийн 50 гаран сууринг чөлөөлсөн болохыг Америкийн дайн судлалын хүрээлэн(ISW) ээлжит тайландаа бичжээ. Эдгээр фронтод ялагдсан ангиуд нь өмнө нь Оросын хамгийн шилдэг цэргүүдэд тооцогддог байсан гэж шинжээчид онцолсон байна. Тэд Оросын 144-р мотобуудлагын дивизийн ангиуд Лиман хотын ойролцоо, агаарын десантын 76-р дивиз Херсон мужид байлдаж байсныг тайландаа дурджээ. “ISW-“ийн мэргэжилтнүүд “Украйны хүчтэй сөрөг довтолгооны эсрэг Оросын арми эзэлсэн газар нутгаа барьж, тогтоож чадахгүй нь илт боллоо” гэж онцлон тэмдэглэсэн байна.Эдгээр тулалдааны үеэр Орос их хэмжээний цэрэг, техникээ алдаж, олзлуулан хэт их хохирол амссан нь нэмэгдэж Орост энэ бүгдийн буруутанг илрүүлэх аян өрнөж эхлэв. Хамгийн түрүүнд Чеченийн тэргүүн Рамзан Кадыров энэ ажлыг эхлүүлж, хөлсний цэргийн “Вагнер” компанийг үндэслэгч Евгений Пригожин дэмжив. Кадыров “Энэ хэсгийн хамгаалалтыг Цэргийн төв тойргийн командлагч, хурандаа генерал Александр Лапин удирдаж байсан” гэж өөрийн “Telegram” хуудсандаа бичжээ. “Лисичанскийг эзлэн авсны төлөө Оросын баатрын одонг хүлээн авсан Лапин цэргүүдтэйгээ хамт байгаагүй. Лапиныг дээд талаас нь Жанжин штабын дарга нар хамгаалж байгаа нь ичмээр юм. Лапиныг жирийн цэрэг болгож, шагналыг нь хурааж, пулемёт бариулж, ичгүүрийг нь цусаар нь угаалгахын тулд түүнийг фронт руу явуулах ёстой” гэж Кадыров нэмж бичсэн байна. Харин Пригожин “Кадыровын мэдэгдэл мэдээж миний хэв маягт огт нийцэхгүй. Гэхдээ Рамзаны зөв, шатаагаад бай!” гэж бичсэн аж. Тэднийг ДНР-ын “Батлан хамгаалахын сайд” асан Игорь Стрелков-Гиркин дэмжиж, ОХУ-ын Жанжин штабын дарга Валерий Герасимовын гэрэл зургийг нийтэлж “Энэ нөхөр бидний бүх “ялалт”-ын гавъяаг үүрэх ёстой” гэж бичжээ. “РИА Новости” агентлагийн цэргийн сурвалжлагч Александр Харченко болон Сергей Шилов, блогер ЯнZeн, нийтлэлч Егор Холмогоров, цэргийн шинжээч Семен Пегов нар генерал Лапинтай хамт Жанжин штабын дарга Герасимов, Батлан хамгаалахын сайд Шойгу нарт хариуцлага тооцох ёстой гэж “жиргэв”. ОХУ-ын Төрийн думын дарга Вячеслава Володины туслах асан сэтгүүлч Анастасия Кашеварова “Та нар эрчүүд мөн үү? Эсвэл төмсөгөө сугалуулчихсан юм уу? Оросын аугаа арми, хангамж хаачив аа? Зарчихсан уу? Ерөнхийлөгчид энэ бүхний тухай илтгэдэг хүн гэж байна уу? гэсэн бол Госдумын “Единая Россия” намын депутат, 58-р армийн командлагч асан дэслэгч генерал Николай Грулёв “Агуулахад бэлэн байсан манай цэргийн 1.5 сая иж бүрэн хувцас хааччихав аа?!” гэсэн байна. Зохиолч Захар Прилепин Лиманыг Украины зэвсэгт хүчин эзэлсэн тухай мэдээ “Украины зэвсэгт хүчин манай хот руу, Оросын “Красный” Лиман хотод нэвтэрч байна.” гэж сонсогдох ёстой гэж бичжээ. Харин үүнийг “Хэн нэгэн генералд бүх бурууг тохох гэж тэд хоорондоо хэмлэлдээд эхэллээ. Энэ бол Оросын удирдлагад өгч буй анхны “хонхны дуу” яах аргагүй мөн. Энэ утга учиргүй дайны гол шалтгаан болсон хүндээ хариуцлага тооцож чадахгүй аваас та нар бие биенийгээ нэг нэгээр нь “залгисаар” байх болно” гэж Украины ерөнхийлөгч Владимир Зеленский өөрийн твиттер хуудсандаа бичсэн байна. Мөн зарим улс төр судлаачид ОХУ-ын Додоод яамныхныг буруутгахын тулд Батлан хамгаалах яамныхан нь тэдний хамгаалах үүрэгтэй хийн хоолой, Крымын гүүрийг дэлбэлсэн. ОХУ-ын БХЯ-ыхан ДХЯ-хан бидний хангамжийг хангадаг гүүрүүдийг хамгаалж чадаагүйгээс бид ялагдсан гэж Кремльд маргалдаж эхэлсэн гэж мэдээлж байгаа юм. Оросууд Украины томоохон хотуудыг 83-н пуужингаар харвасны 43-ыг нь Украины агаарын довтолгооноос хамгаалах хүчин устгасан бөгөөд 14 хүн амь үрэгдэж 100 орчим хүн шархадаж гэмтсэн. Энэ явдлыг Лондонгийн Хааны коллежийн Оросын батлан хамгаалах бодлогын судлаач Роб Ли “Украинд өгсөн олон тооны пуужингийн цохилт нь Крымын гүүрийг дэлбэлсэн гэж украйнчуудыг хашраахаас илүү дотоодынхоо дургүйцлийг намжаах гэж хийсэн үйлдэл байх өндөр магадлалтай” гэж бичсэн юм. Харин улс төр судлаачид болон цэргийн шинжээчид Украины томоохон хотуудыг пуужингаар харвасны хариуд барууны улсууд Оросын эсрэг илүү хатуу арга хэмжээ авах нь тодорхой.Тэр үед Орост буруутанг илрүүлэх ажил дахин яаж өрнөх нь сонин байна хэмээн бичиж байна.
Г.АМАРСАНАА