Categories
гадаад мэдээ

Оросын арми Луганскийн ихэнх хэсгийг хяналтдаа авсныг зарлав DNN.mn

Оросын батлан хамгаалах яам өчигдөр Украины Донбассын бүс нутагт багтдаг хоёр мужийн нэг болох Луганскийн газар нутгийн 97 хувийг хяналтдаа оруулсныг зарлажээ.

Нөгөө нэг муж болох Донецкийн газар нутгийн тал орчим хувь Оросын цэргийн хяналтад байгааг Украины тал өмнө нь мэдээлж байв.

Оросын зэвсэгт хүчин хоёр сар орчмын өмнө Украины нийслэл Киев хотыг эзлэх төлөвлөгөөнөөсөө ухарч, зөвхөн Донбассыг бүрэн хяналтдаа оруулах зорилт тавьсан юм.

Украины зэвсэгт хүчин 2014 оноос хойш Донбасст салан тусгаарлагчидтай тулалдаж байгаа. Дайны эхэн үед Оросын арми Украины өмнөд хязгаарын Херсон мужийг бүхэлд нь, Запорожье мужийн томоохон хэсгийг эзлэн авсан юм.

Одоо эдгээр мужуудын тусгаар тогтнолыг зарлах, эсвэл ОХУ-д нэгтгэх асуудал яригдаж эхлээд байгаа.

Хоёрдугаар сарын 24-нөөс өмнө Крымийн хойг, Донбассын зарим хэсгийг оролцуулаад Украины газар нутгийн 7 хувь ОХУ-ын болон түүний талыг баримтлагчдын мэдэлд байгааг Киевийн засгийн газар мэдээлж байжээ.

Өнгөрсөн долоо хоногт Украины ерөнхийлөгч Володимир Зеленский хэлсэн үгэндээ улс орных нь газар нутгийн 20 хувь Оросын зэвсэгт хүчний хяналтад байгааг баталсан юм.

Одоо Луганск мужийн Северодонецк, Лисичанск хотуудын төлөө ширүүн тулаан талуудын хооронд үргэлжилж байна.

Украины ерөнхийлөгчийн зөвлөх Михайло Подоляк дайны талбараас ирж буй таагүй мэдээлэлд хэт автаж, сэтгэлээр унахгүй байхыг ард түмэндээ уриалжээ.

“Бид ямар нэг зүйлээ алдсан тухай мэдээнээс айж цочирдох хэрэггүй. Тактикийн маневр үргэлжилж байна. Бид алдсанаа бас буцааж авч байгаа” гэж тэр өчигдөр хийсэн видео мэдэгдэлдээ өгүүлсэн байна.

Луганск мужийн захирагч Сергей Хайдай “Гудамжны ширүүн тулаан Северодонецк хотод янз бүрийн үр дүнтэй үргэлжилж байгаа. Нөхцөл байдал байнга өөрчлөгдөж байгаа ч Украинчууд довтолгоог няцаасаар байна” гэж ярьжээ.

Лисичанск хотыг Оросын арми тасралтгүй их буугаар галлаж байгааг тэр бас мэдээлсэн юм.

“Хотыг бүхэлд нь сүйрүүлж байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд Оросын гал нэлээд эрчимжсэн. Оросууд газрын хөрснөөс арчих тактик хэрэглэж байна” гэж Гайдай ярьжээ.

Өрнөдийн орнуудаас Украинд илгээсэн алсын тусгалын хүнд зэвсэг техникүүд Донбассын фронтын нөхцөл байдлыг өөрчилнө гэж мэргэжилтнүүд үзэж байгаа.

АНУ-ын засаг захиргаа Украинд илгээх HIMARS пуужингийн системийнхээ сургалтыг Герман болон Европын бусад хэсэгт эхлүүлжээ. 70 км хүртэл зайд олон пуужингийн өндөр нарийвчлалтай цохилт өгөх чадвартай уг зэвсгийг бүрэн эзэмшихэд гурван долоо хоногийн сургалт шаардагдах гэнэ.

АНУ-аас гадна Герман, Их Британи улсууд мөн хамгийн орчин үеийн пуужингийн системээ Украинд илгээх шийдвэрийг саяхан зарласан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *