Categories
гадаад мэдээ

Оросын 300 дипломатчийг АНУ-аас “хөөж” болзошгүй

Москва, Вашингтоны хооронд элчин сайдын яамны ажилтнуудыг тойрсон маргаан ид өрнөж байна. Оросын талаас АНУ-ын дипломатчдад виз олгохдоо “гар татах” болсон нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж буй. Ийнхүү АНУ-ын сенаторууд Оросын 300 дипломатчийг албадан гаргах хүсэлтийг ерөнхийлөгч Жо Байденд өчигдөр бичгээр уламжилжээ.

ОХУ өнгөрсөн наймдугаар сард Москва дахь АНУ-ын элчин сайдын яамнаас 182 дипломат ажилтан болон олон арван гэрээт ажилчдыг “хөөсөн” юм. Мөн тус яамыг Орос болон гуравдагч орноос ажилтан авч, гэрээ байгуулан ажиллахыг хориглосон билээ. Ийнхүү Орост АНУ-ын 100 орчим дипломатч үлдсэн бол АНУ-д Оросын 400 дипломатч ажилладаг.

АНУ-ын сенаторууд Байденд бичсэн захидалдаа “Дипломат төлөөлөгчийн газрын энэ тэнцвэргүй харилцааг хүлээн зөвшөөрөх аргагүй. Тиймээс ОХУ-д алба хааж буй америк дипломатууд болон АНУ-д ажиллаж буй Оросын дипломатуудын тоог тэнцвэржүүлэх үүднээс Москва хангалттай хэмжээний виз олгох ёстой” гэжээ.

Москва үүнийг биелүүлэхгүй байх аваас Оросын 300 орчим дипломат ажилтныг АНУ-аас гаргах хэрэгтэй гэдгийг тэд мөн захиандаа дурджээ. Хүсэлт гаргагчид Сенатын гадаад харилцаа, тагнуулын хорооны удирдагчид болох АН-ын гишүүн Боб Менендез, Марк Уорнер болон БНН-ын гишүүн Жим Риш, Марко Рубио нар аж. Цагаан ордон, төрийн департаментаас хараахан хариу өгөөгүй байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *