Categories
мэдээ нийгэм

Орос Монголын хамтарсан “ХАЛХЫН ГОЛ-1939” үзэсгэлэнг нээлээ

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Архивын ерөнхий газар, Оросын Холбооны Улсын Холбооны архивын агентлаг хамтран “ХАЛХЫН ГОЛ-1939” түүхэн баримтат үзэсгэлэнг бэлтгэн гаргахаар шийдвэрлэсэн. Энэ дагуу Монгол Улсын Батлан хамгаалах яам, Батлан хамгаалахын төв архив, Гадаад харилцааны төв архив, Оросын цэргийн түүхийн төв архив, Оросын кино гэрэл зургийн баримтын төв архив, Оросын Түүхийн нийгэмлэг хамтран “ХАЛХЫН ГОЛЫН ДАЙН-1939” сэдэвт үзэсгэлэнг зохион байгуулж, өнөөдөр Монголын Үндэсний музейд нээлтээ хийлээ.

Тус үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын ХЗДХЯ-ны дэд сайд Г.Элбэгсайхан, Батлан хамгаалах яамны дэд сайд Т.Дуламдорж, Архивын ерөнхий газрын дарга С.Энхбаатар, ОХУ-аас Монгол улсад суугаа Элчин сайд И.К.Азизов, ОХУ-ын Холбооны архивын агентлагийн орлогч дарга А.В.Юрасов, Эрхүү мужийн Архивын агентлагийн дарга С.Г.Овчинников, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад ард улсын тэргүүнА.С Цыденовболон бусад зочид төлөөлөгч нар оролцлоо.

Үзэсгэлэнд ОХУ-ын холбогдох архивуудаас 133 баримт бичиг, 24 гэрэл зураг, Монгол Улсын төрийн архивуудаас 162 баримт бичиг, 46 гэрэл зураг, Үндэсний төв архиваас 247 гэрэл зураг, 165 баримт илрүүлэн, сонголт хийж, 130 гаруй баримтыг байрлуулж нийтийн хүртээл болгож байна.

Үзэсгэлэнд “БНМАУ, Манжго улсын хилийн будилаан зохицуулах бага хурлын төлөөлөгчдийн явуулсан цахилгаан, хурлын тэмдэглэл”, “Халхын голын байлдааны схем зураг, тушаал, төлөвлөгөө”, “Халхын голын дайны нөхцлийн акт”, “Халхын голын дайны гал зогсоох тухай ЗХУ-ын Гадаад хэргийн ардын комиссар В.М.Молотов, Москвад суугаа Японы Элчин сайд С.Того нарын аман хэлэлцээ”, В.М.Молотов, С.Того нарын БНМАУ, Манжго улсын хоорондох хилийг нарийвчлан тогтоох тухай 1940 оны хэлэлцээр” болон дайны үед явагдаж байсан үзэл суртлын тэмцлийн илрэл болсон фронтын сонин, ухуулах хуудас, түүхэн ялалтыг алдаршуулан мөнхжүүлсэнтэй холбогдох Монгол Улс, Оросын Холбооны Улсын архивуудын ховор баримт бичиг, гэрэл зураг, 1940 онд Халхын голын ялалтад зориулан Москва хотын Кинохроникын төв студид найруулагч И.Копалины бүтээсэн анхны баримтат киног үзүүллээ.

Мөн үзэсгэлэнгийн үеэр “Халхын голын зэвсэгт мөргөлдөөн. 1939 оны тав-есдүгээр сар” номын нээлтийн арга хэмжээ зохион байгуулагдлаа.

ХАЛХЫН ГОЛЫН ДАЙН-1939” сэдэвт үзэсгэлэн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл Монголын Үндэсний музейд байрлах юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *