Categories
мэдээ цаг-үе

Орос багш нараар А үсэг заалгасан 10б-гийнхэн

“1975 оны намар оросоор нэг ч үг хэлж үзээгүй бид хэдхэн хоног бэлдсэний үр дүнд шалгалтандаа тэнцэж нийслэлийн 23 дугаар тусгай дунд сургуулийн нэгдүгээр ангид элсэж билээ. Ингээд гурван бүлэгт хуваагдаж байсан юм. Нэг л мэдэхэд арван намар, арван хавар өнгөрч сургуулиа төгссөн дөө” гэж энэ удаагийн зочин 10б ангийнхаан маань хэлж байв.

Тухайн үед 23 дугаар сургууль орос сургууль байсан юм. Бүх хичээл, хичээлээс гадуурх арга хэмжээнүүд орос хэл дээр явагддаг байжээ. Хуучнаар ЗХУ-аас уригдаж ирсэн мэргэжилтэн багш нараар хичээл заалгаж байсныгаа “Бидний эрдэм номын их аянд хөтөлж, хөлийг минь дөрөөнд, гарыг минь ганзаганд хүргэж өгсөн хүн бол манай бага ангийн багш нар юм. Зөвлөлтөөс ирсэн багш нараар хичээл заалгаж байсан нь их хувьтай хэрэг” гэцгээж байлаа. Анх 1А Адашева Тамара Сергеевна багштай 35 сурагч, 1Б Беляева Алла Сергеевна багштай 42 сурагч, 1В Галина Степановна багштай 36 сурагчтай гурван бүлэг нийт 113 хүүхэд элсэн орж байжээ. “Манай сургуулийн хүүхдүүдийг унаган орос хэлтэй, монгол хэлэндээ сул гэж хүмүүс тухайн үедээ ярьдаг л байсан. Хэдийгээр монгол хэл дээр ордог хичээл тун цөөхөн байсан ч түүнийг зааж байсан монгол багш нарын маань мэргэжлийн ур чадвар, ажлын хариуцлага өндөр байсан юм. Монгол хэл, уран зохиол, Монголын түүхийг Монгол багш нар ордог. Бид зургадугаар ангиасаа Монгол хэл үзсэн” хэмээн ангийн сурагч Р.Нора хэлсэн юм. Тэрбээр үргэлжлүүлэн “Одоо эргээд бодоход 23 дугаар сургуулийнхаа багш нарыгаа чадварлаг мэргэжилтнүүд байжээ гэж бодогддог. Жишээлбэл, математикийн багш Кисина Ирина Александровна, Валентина Васильевна, биологийн багш Галина Сергеевна, физикийн багш Януто Николай Николаевич, химийн багш Нила Михайловна, орос хэл, уран зохиолын багш Соломатина Людмила Романовна, Надежда Алесандровна, түүхийн багш Коломиец Юрий Александрович, Костылёва Лидия Михайловна, хичээлийн эрхлэгч Галкин Алексей Александрович, Зоя Ивановна гээд үнэхээр гайхамшигтай багш нараар хичээл заалгаж байжээ. Багш нар дүнг бодитой байхыг илүүд үздэг, зарчимч, хатуу байсан. Бидний дунд муухай бичдэг хүүхэд ер нь л их цөөхөн. Бичгийн сайхан хэвтэй байсныгаа бид бага ангийн багштайгаа холбож ойлгодог” гэлээ.

Бүх хичээл дээр өндөр шаардлага тавьдаг байсан тул онц дүн авна гэдэг үнэндээ хэцүү. Гэсэн ч тэрхүү өндөр шаардлага, хатуу байдал бидний хойчийн амьдралд сайнаар нөлөөлсөн гэлээ. Энэ нь оюутан болсон хойно 23 дугаар сургуулийн хүүхдийн чансаа бусад хүүхдүүдийнхээс хол илүү байсан гэх зэргээр ажиглагддаг гэнэ.Эдний ангийнхан дунд ангид сурч байхдаа бүгдээрээ ном уншдаг, тэмдэглэл хөтөлдөг байжээ. Бүгд сургуулийн номын санд тодорхой хуваарийн дагуу суудаг байсан аж. Түүнчлэн ДСНК буюу одоогийн РЦНК дээр бямба гариг болгон очиж кино үзэж, уулзалт зохион байгуулан, шинжлэх ухааны үзэсгэлэн үздэг байсан талаараа бидэнд дурслаа. Энэ талаар Р.Нора “Ер нь л манай сургуулийн хичээл болон хичээлээс гадуурх ажлууд уялдаа холбоо сайтай, хүүхдийн бүх талын өв тэгш хүмүүжил, анги хамт олны коллектив, нийгэмшилд онцгой ач холбогдолтой байсан юм. Анги хамт олон бүрэлдэхийн хэрээр охид, хөвгүүд гэлтгүй хоорондоо их тоглодог байсан. Сургуулийн он жилүүд, хүүхэд нас, гэгээлэг амьдралын хамгийн сайхан агшин мөчүүдийн гэрэлт хуудас яах ч аргагүй мөн. Үерхэл нөхөрлөл, хайр хүндлэл, хүн чанар гээд бүхий л нандин чанаруудыг бидэнд хайрласан зөвлөлтийн мэргэжилтэн багш нарын ач гавьяаг яахин мартах билээ” хэмээн хуучлав.

23 дугаар сургуулийн 1985 оны төгсөгчид. 30 жилийн ойн уулзалт

Ангийн хөвгүүдийн нэг онцгой хобби бол хөл бөмбөг. Энэ тухай Ж.Бат-Өлзий Бид ангидаа хичээлийн завсарлагаанаар, заримдаа бүр багшийн нүдийг хариулж байгаад хичээл дээрээ цаас ашиглаад ширээн дээрээ 2-3 төрлийн хөл бөмбөг тоглоно. Бүр дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулдаг байлаа шүү дээ. Хичээл тарахаар гадаа шайб, лааз, гурвын бөмбөг, хөлбөмбөг гээд хэд хэдэн төрлийн бөмбөг өшиглөдөг байсан шүү. Дүрмийг нь өөрсдөө зохиочихно оо. Хөл бөмбөг бол манай ангийнхны “өвчин” юм” гээд инээлдлээ.

Тэр үед цэрэгжилтийн хичээл ордог байжээ. Дуут жагсаалын тэмцээнийг их өндөр түвшинд зохион байгуулдаг байсан цаг. 10б-гийнхэн төв цэнгэлдэхэд болдог улсын хэмжээний том арга хэмцээнд Будёновын хувцастай мөн жагсаалын форм хувцастай оролцдог байсан гэнэ.

Хүүхэд насны сайхан баяруудын нэг яах аргагүй шинэ жил. 23 дугаар сургууль тухайн үед биеийн тамрын зааландаа ихээ том амьд сүлд мод засч, хүүхдүүд өөрсдийн гараараа хийсэн тоглоомоор чимэглэдэг байжээ. Сурагчид өөрсдийн гараараа хийдэг болоод ч тэр үү, чимэглэл бүр нь тун үзэмжтэй санагддаг байсан гэнэ шүү. Харин зурах авьяастай хүүхдүүд эцэг эхийнхээ тусламжтайгаар хачин гоё ханын сонин хийдэг байсан гээд ангийн нөхөд ам уралдан ярьцгаав.

23 дугаар сургууль тухайн үедээ л гар бөмбөгийн секцийн сургалтаараа улсын хэмжээнд толгой цохьдог байж. Энэ нь Базарсад багштай салшгүй холбоотой ажээ. Эдний ангиас хэд хэдэн сурагч гар бөмбөгөөр хичээлэдэг байсан гэнэ. “Базарсад багш их цэмцгэр, цагийг чанд баримталдаг, шаардлага өндөр, хүүхдэд үнэхээр хайртай, ажилдаа хариуцлагатай хүн байсан юм. Хүүхдүүд биеийн тамирын зааланд талбай дундуур гуталтайгаа явах нь бүү хэл орохдоо бараг мөргөж ордог байлаа. Бэлтгэл эхлэхийн өмнө заалаа цэвэрлэдэг, шалаа тосолдог, волейболын секцний сэмэрч, урагдсаныг оёж, янзлах ёстой. Хэрэв муу сурсан, эсвэл бэлтгэл дээр багшийн нүдийг хуурдаг, шалтгаангүй хичээл тасалдаг, хүмүүжлийн доголдол гаргасан хүүхдүүдийг секцнээсээ шууд хасдаг ийм л зарчимч хүн байлаа” гэж ангийн нөхөд хэлэв.

Ангийн сурагч Ч.Энхмэнд “Манай сургуулийн ахлах ангийн сурагчид зун болохоор Төв аймгийн Баянчандмань суманд байрлах хөдөлмөр зусланд ажиллаж, амардаг байлаа. Нэг ангиас тодорхой тооны хүүхдүүдийг явуулдаг байсан тул хүүхэд бүр нэг л удаа явах завшаан олддог. Хөдөлмөр зусланд өглөө эрт босож шүүдэртэй өвсөн дээр волейболынхоо бэлтгэлийг хийнэ. Өдөр нь ногоон талбай дээр зэрлэг зулгааж, орой нь хөл бөмбөг, теннис тоглоцгооно. Мөн заримдаа гитар тоглож дуулж, бүжиглээд л цагийг зугаатай хөгжилтэй өнгөрөөдөг байж билээ. Ер нь тэр үеийн дунд сургуулиуд бүгдээрээ л хөдөлмөрлөх, амьдрах ухаанд сургадаг байжээ. Сургалтын энэ хэлбэр одоогийн хүүхдүүдэд үнэхээр үгүйлэгдэж, бие даан хөдөлмөрлөж, хариуцлага хүлээн амьдрах чадварт сургах арга зайлшгүй хэрэгцээтэй байгаа нь харагддаг” гээд өөрийн санал бодлоо хуваалцав.Эдний төгсөлтийнхөн долоо хоног бүр төрөлх сургуулийнхаа биеийн тамрын зааланд цугларч, спортын тэмцээн уралдаан зохион байгуулдаг юм байна.

Тус ангиас төрсөн Хөдөлмөрийн баатар, гавьяат дасгалжуулагч Байт сурын спортын гавьяат тамирчин Ц.Бадамхатан өдгөө тэнгэрт дэвшжээ. Түүний дасгалжуулсан тамирчин нь Паралимпд Монгол Улсын нэрийг дэлхийн дэвжээнд гаргаж алтан медалийн эзэн болсон билээ. Мөн Ц.Батамхатны нэрэмжит байт харвааны улсын аваргын тэмцээн жил бүр уламжлал ёсоор зохион байгуулагддаг юм байна. Ангийн нөхөд нь түүнийг “Энгийн, нийтэч, сургуулийн хамт олондоо нэр хүндтэй мундаг хүн байсныг дурсан ярилцдаг. Монголын байт харвааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан түүнийг өдий хүртэл шавь нар нь төдийгүй олон түмэн хүндэлж, дурсаж явдагт нь бид бахархдаг” хэмээн нэхэн дурслаа.

Эдний ангийн Я.Очирсүх Сангийн сайдаар ажиллаж байсан юм. Тэрбээр төгсөлтөөсөө ганцаараа онц дүнтэй төгсөж байсан гэнэ. Мөн Б.Энхээ эмчийн мэргэжил эзэмшсэн бөгөөд хувийн эмнэлгээ байгуулан амжилттай ажиллаж байна. Мөнхбат Оюу толгой ордыг илрүүлэхэд гар бие оролцсон геологич юм.

И.Балжмаа Алтанбулаг чөлөөт бүсэд ерөнхий менежерээр ажилладаг. Түүний хөдөлмөрийг үнэлж Алтан гадас одонгоор мялаажээ. Ж.Баярмаа “Гедеон Рихтер” фармацептикал компанийн суурин төлөөлөгчөөр ажилладаг гэнэ. Санхүүгийн бүртгэл, эдийн засгийн багш, доктор Ж.Бат-Өлзий докторын зэргээ хамгаалж амжжээ. Доктор Д.Батжаргал ШУТИС-ийн Дарханы салбар сургуульд англи хэлний багшаар ажиллаж байна. Ангийн охин Байгал Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны даргаар очжээ. Болормаа гаалийн улсын байцаагчаар ажиллаж байна. Б.Буянхишиг Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээнд инженерээр, Ган-Очир мебелийн үйлдвэрт ажилладаг. Мэндбаяр гуравдугаар сургуулийн ерөнхий менежер, түүнийг төр засгаас Алтан гадас одонгоор шагнажээ. Б.Энхтуяа өдөр өнжүүлэх сургалтын төв захирал юм. Эдний анги В.Сэлэнгээ, В.Сэргэлэн гэсэн төрсөн ах, дүү бий. В.Сэлэнгээ нь Монголын Зохиолчдын Эвлэлийн хорооны нарийн бичгийн даргаар 20 гаруй жил ажиллаж байгаа бөгөөд Алтан гадас одонт юм. В.Сэргэлэн банк, санхүүгийн салбарт ажиллаж байгаад ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ. Түвшинтөр Сүлжмэлийн хувийн үйлдвэрийн гүйцэтгэх захирал гэнэ. Ангиас хоёр нягтлан бодогч төрсөн нь Б.Тунгалаг болон Л.Уянгатуул нар юм. Энэ хоёр маань мэргэжлээрээ ажиллаж буй гэнэ. Мөн хэд хэдэн сурагч хувиараа бизнес эрхэлж байгаа юм. Тодруулбал, Алтангэрэл, Гантулга, Төртүвшин, Б.Баярмаа нар бизнес эрхэлдэг. Мөн Наранчимэг “Русская колбаса” хиамны үйлдвэрт гүйцэтгэх захирал, Р.Нора “Хайрхан Ойл” ХХК-ийн захирал, Ч.Энхмэнд хувийн компанид менежер гэнэ. Түүнчлэн О.Алтантуяа Польш улсад, Гэрэл Америкт, Саруул Киргизстан улсад гэр бүлийн хүний хамт, Эрдэнэбилиг Швейцарь улсад ажиллаж амьдарч байна. Харин Ш.Бат-Эрдэнэ өдгөө бурхны оронд заларчээ. Түүнийг анд нөхөд, хамт олон нь санан дурсаж байв.

Э.ЯНЖМАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *