Categories
мэдээ нийгэм

Орон сууцны үнийн индекс өмнөх сараас өслөө

Үл хөдлөх хөрөнгийн “Тэнхлэг Зууч” ХХК Монгол банктай хамтран орон сууцны үнийн индексийг судлан гаргадаг. Тус компаниас наймдугаар сарын дүн мэдээг танилцууллаа. Судалгаанд нийт хуучин, шинэ байрны 90 хувь буюу 4986 орон сууцны хамарагджээ. Зах зээл дэх судалгааны үнэн бодит байдлыг 95 хувь гэж үзэж байгаагаа “Тэнхлэг Зууч” ХХК-ийн захирал Д.Должинсүрэн онцлов.

Судалгаагаар орон сууцны индекс 1.01 байна. Өнгөрсөн сараас 0.6 хувь өссөн ч өмнөх оныхоос 0.6 хувиар буурчээ. Шинэ орон сууцны үнэ өссөн нь индекс өмнөх сараас бага зэрэг өсөхөд нөлөөлжээ. Шинэ орон сууцны нэг метр кв-ын дундаж үнэ 2 сая 91 мянган төгрөг байна. Энэ нь өмнөх сараас 3.8 хувиар, өнгөрсөн оноос 3 хувиар өссөн дүн юм. Өнгөрсөн сард энэ үзүүлэлт 2 сая 20 мянга байжээ.

Долдугаар сард бүх нийтээр амардаг тул орон сууцны худалдаа, түрээс зогсонги байдалд орж, найм, есдүгээр сард эргээд эрэлт хэрэгцээ их болсон. Иймд шинэ орон сууцны дундаж үнэ өсчээ. Харин хоёр өрөө хуучин орон сууцны дундаж үнэ 72 сая төгрөг болж, өмнөх сараас болон өмнөх оныхоос буурчээ.

Сүхбаатар дүүрэгт хуучин орон сууцны үнэ хамгийн өндөр 88.8 сая төгрөг байгаа бол Сонгино хайрхан дүүрэгт хамгийн хямд 54.8 сая төгрөг байна.

С.ОЮУНЖАРГАЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *