Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Орон орны тарваганууд олон хэлээр “ярьдаг”

Тарвага бол хэрэмнийхэн овгийн мэрэгч амьтан. Дэлхий даяар 14 зүйлийн тарвага бий. Манай улс Алтайн тарвага буюу хар тарвага, хээрийн тарвага буюу шар тарвага гэсэн хоёр зүйлийн тарвагатай. Энэ амьтны биеийн урт 47-58 см, жин 3-5 кг байдаг. Гуужилт гурваас тавдугаар сард эхэлж, наймаас арваннэгдүгээр сард үс хөрс нь бүрэн гүйцдэг. Эмэгчин тарвага ихдээ 12 хүртэлх мөндөл гаргана. Мөндөлүүд 30-40 грамм жинтэй төрж, эхийгээ сар шахам хөхөж, өвсөн хоолонд ордог аж. Тарвага өдрийн идэвхтэй амьтан. Хавар өглөөнөөс орой болтол өдөржин идээшилдэг бол зуны дунд сар буюу тарга тэвээрэг авсан үедээ нарнаар гарч идээшлээд үдэд нүхэндээ орж, нар баруунаа хэлбийхээс жаргатал дахиад л иддэг. Тарвага бүл дотроо хэн нь ямар үүрэг гүйцэтгэдэг талаар гадаад дотоодын судлаачдын сонирхолтой судалгаа олон бий. Тарваганууд колони үүсгэж амьдарна. Энгийнээр хэлбэл тодорхой хэмжээний нутаг дэвсгэрийг эзэмшин тэр нутагтаа эзэн суудаг. Нутагт нь орж ирсэн бусад тарваганаас зай барьж, нутгаа хамгаалах тэмцэл өрнүүлдэг.

ЭРХ ДАРХТАЙ ЭХ ТАРВАГА

Нэг бүлд үр төлөө гаргадаг эх тарвага хамгийн том үүрэгтэй. Өөрөөр хэлбэл бүлдээ хамгийн эрх дархтай нь. Үр төл нь нас биед хүрч, биеэ даан тусдаа өрх тусгаарлаж, нутаг сонгон амьдардаг. Идээшлэхээс бусад цагт унтаж байдаг учир их мартамхай амьтан гэж яригддаг. Нүхэнд амьдралынхаа ихэнх цагийг өнгөрөөдөг болохоор биологийн цагийг маш сайн мэдэрдэг. Эрт ичээнээс гарна гэдэг нь өвс ногоо эрт ургана, дулаан сайхан зун болно гэсэн үг. Нүхээ гүнзгий таглавал хавар оройтож ирнэ, хүйтэн өвөл болохын дохио. Тэгэхээр тарвага байгалийг сайн мэдэрдэг амьтан. Хөеө цуглуулж хураахдаа идэх гэж цуглуулдаггүй. Зөвхөн олуулаа цуглаж, ичээндээ орох үедээ хэвтрээ дулаан байлгахын тулд хөеө цуглуулдаг. Хатсан хуурай өвсийг дулаалганд зориулж цуглуулна уу гэхээс нүхэндээ ороод иддэггүй. Яагаад гэвэл идэш тэжээлээ сойж, ходоодондоо хоол тэжээл өвс, ногооны үлдэгдэл үлдээдэггүй, тарга тэвээргээ нөөцлөн ичдэг.

МОНГОЛ ТАРВАГАНЫ ДОХИОН ХЭЛ ХАМГИЙН ЭРТНИЙХ

Тарвага аюулд орсон үедээ дуут дохио бусдадаа өгдөг гэнэ. Энэ дохио нь бусдаас өөр өвөрмөц байдаг аж. “Евроазийн тарваганы дуут дохионд нөлөөлдөг экологи генетикийн хүчин зүйлүүд” гэсэн судалгааг ОХУ-ын эрдэмтэн,тарвага судлаач доктор, профессор Н.А. Александрович хийжээ. Тэрээр тарвага аюулд өртсөн үедээ гаргадаг дууг судалжээ. Хойд Америк, хойд Африк, төв болон Азийн улсуудаар тархан суурьшсан тарваганууд хаана амьдардгаасаа шалтгаалан аюулгүйн дохио өгөхдөө олон хэлээр “ярьдаг” аж. Н.А.Александрович “Аюул тулгарч байна болгоомжлоорой гэж сануулах үед бид орос, монгол, англи хэлээр ярьдаг шиг тэд олон хэлээр “ярьдаг”. Тархан суурьшсан нутгийнхаа онцлогоор тарвага бүр өөр өөрийн хэлтэй. Газар газрын тарвага янз бүрийн хэлтэй гэж ойлгож болно. Хэлсэнийг нь зөвхөн генетикийн хувьд төстэй ойрхон төрлүүд л ойлгоно. Бусад төрөл нь ойлгохгүй. Газар зүйн байршлаасаа шалтгаалаад тарвага бас өөр өөр хэлээр ярьж байгаатай адил. Гэхдээ энэ бол хүний хэл биш. Хүн тухайн хэлийг сураад бодол санаагаа хэлж болдог. Тарвага хэлгүй учир генетикийн өөрчлөлтийн хувьд дохио нь үе удам дамжин өвлөгдөн хөгжиж ирсэн байдаг. Монгол тарваганы аюулыг болгоомжлуулах дохион хэл хамгийн эртнийх. Монгол тарваганы дууны дохион дотор бусад бүх төрөл зүйлийн тарваганы дуугарч байгаа дууны элемент, дохионууд байдаг” хэмээн онцолжээ. Тарваганы эх орон нь хойд Америк. Тэндээс анх үүсч бусад газар тархан суурьшжээ. Евроазид тарвага суурьшин хөгжиж ирсэн үеэс дуу дохио нь үүсч гарсан гэж Н.А.Александрович онцолж байна.

ЯПОНД БЭЛЭГЛЭСЭН ТАРВАГА ИЧИХГҮЙГЭЭР АМЬДАРЧ ДАСЖЭЭ

Аливаа улс үндэстэн бүр өөрийн гэсэн онцлогтоо тохирсон амьтан, ургамлын аймагтай. Японд тарвага нутагшуулсан жишээ бий. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди Монгол-Японы найрамдлын бэлэг болгож, Японы хааны зоопаркад тарвага бэлэглэжээ. Тухайн үед манайх буга, чоно, тарвага гэсэн амьтад санал болгосон ч япончууд тарвагыг сонгосон аж. Ингээд тарвагыг гаршуулж, зан үйл, амьдрал ахуйн утга учиртай ойр амьтан болгохоор зоопаркдаа байршуулжээ. Манай улсаас бэлэглэсэн энэ амьтан Японы зоо паркад 16 жил амьдарч, үр төлөө өгсөөр байгаа тухай МУИС-ийн Биологийн тэнхимийн багш, биологийн ухааны доктор, профессор Д.Суран ярьсан юм. Амьтныг байгалийн өөр бүс нутагт байршуулна гэдэг маш олон судалгаа шинжилгээний үр дүнд хийгддэг. Бид тарвагыг жилийн дөрвөн улиралд тэжээлтэй байлгахын тулд хүнсний ногоогоор хооллож суртал нь дасгасан. Ингэхдээ 1986 онд хээрийн их судалгаа туршилт явуулсан хэмээн тайлбарласан юм. Японы амьтны хүрээлэнгийнхэн Монголоос ирсэн тарвагыг жилийн дөрвөн улиралд тэжээлтэй байлгахын тулд хүнсний ногоогоор хооллож сургасан гэнэ. Бүр ичихгүйгээр амьдруулсан байна. Уг нь тарвага бол ичдэг амьтан. Жилийн зургаан сар нь байгал дээр ногоон өвс ургамлаар хооллож, өвс гандахаар ичээндээ ордог. Гэтэл шилжүүлсэн тарваганууд халуун бүс нутагт, олон хүний нүдэн дээр шилэн хоргонд ичихгүйгээр амьдарч байна. Ингэж ичихгүй байгаа тохиолдолд нас нь бага зэрэг богиносдог гэсэн таамаглал гаргажээ. Гэхдээ бас байгал дээр тарвага арав гаруй жил насалдаг гэсэн судалгаа бий. Харин шилжүүлсэн тарвага зоопаркад 16 жил амьдарч байна. Тэгэхээр ичихгүй амьдарвал урт насалдаг ч байж мэдэх юм.

ОРЧНОО ДАГАЖ ЗҮСЭЭ ХУВИРГАДАГ

Тарваганы арьс үс идэж байгаа хоол хүнснийх нь чанартай холбоотой гэсэн таамаг судлаачид дэвшүүлжээ. Монголд 1980-аад оны үед Алтайн хорь гаруй тарвагыг Завхан аймагт нутагшуулжээ. Алтайн тарвага уг нь хар үстэй, сор ихтэй. Гэтэл Завханд нутагшуултал хэдхэн жилийн дотор нутгийн тарвага шиг болсон гэнэ шүү. Энэ нь амьдарч байгаа нутгийнх нь хад чулуу, газрын хөрсний өнгөнөөс хамаарч өнгө зүс хувирах үзэгдэл ажээ. Монголд байгаа хоёр зүйл тарваганы тухайд хошгирч байгаа дууны авиа, үсний өнгө, гадаад төрх өөр учир гадна талаасаа ялгаатай харагддаг. Гэхдээ генетикийн хувьд хоорондоо ижил төстэй. Тарваганы үс, яс, мах эм, эмчилгээний зориулалтаар хэрэглэгдэж ирсэн олон баримт ном сударт бичигдсэн байдаг. Тарваганы идэш тэжээлд эмийн ургамал дийлэнхийг эзэлдэг ажээ.


ИДДЭГ ӨВСНИЙ ТАЛ НЬ ЭМИЙН УРГАМАЛ

Тарваганы эд эрхтэн хүний биед сайн гэдэг нь идэж байгаа идэш тэжээлтэй нь холбоотой. Жишээ нь Богд уулын тарваганд хийсэнсудалгаагаар 47 төрөл зүйлийн ургамал идэж байгааг тогтоожээ. Үүний 40 орчим хувь нь дандаа эмийн ургамал байж. Тарвага өвсөн идэштэн дундаа дандаа ногоон өвсөн идэштэн. Тэгэхээр хавар шинэ ургамлуудын ногоон соёог түүж иддэг. Зунжин ногоон ургамал идэж, дараагийн зургаан сарын нөөцөө бэлддэг. Тарвага нүх ухаж амьдардаг амьтан. Хөрсийг сийрэгжүүлэх ажил хийдэг гэсэн үг. Энэ нь агаарын чийгшилд эерэг нөлөө үзүүлдэг. Тарвага ичээнээс гарснаас хойш малд халддаг, махан идэшт амьтдын тоо эрс буурдаг. Товчхондоо эко системд маш эерэг нөлөөтэй амьтдын нэг. Судлаачдын 1980-1990-ээд онд хийж байсан судалгаагаар нэг тарваганаас дунджаар 2-3 кг мах, 10 гаруй дм.кв дулаан хадгалах үс сайтай арьс, 1-1.2кг өөх тос, 0.7 орчим гр цэвэр тос гарч байжээ. Тарваганы яс, соёог нь гоёл чимэглэлийн зүйлд хэрэглэдэг.


ДЭЛХИЙН ТАРВАГА СУДЛААЧИД МОНГОЛЫГ СОНИРХДОГ

Т а р в а г а М о н г о л ы н нутаг дэвсгэрийн гуравны нэгт тархсан гэсэн судалгаа бий. Улс орон зах зээлд шилжсэн үеэс тарваганы тоо толгой эрс буурчээ. Сүүлийн жилүүдэд тарвагыг үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалтаар агнахыг хуулиар хориглосон. Үүнээс хойш зарим нутагт тоо толгой нь өсч байгаа гэж эрдэмтэд онцолж байна. Мөн сүүлийн жилүүдэд байгаль, ан амьтан хамгааллын нөхөрлөлүүд и х э э р б а й г у у л а г д а ж тодорхой бүсэд тарвага өсөх хандлагатай болжээ. Тарвага орчин үеийн шинжлэх ухааны маргаантай байгаа олон асуудлыг судалж шийдэхэд их тохиромжтой объект гэж эрдэмтэн судлаачид үзэж байна. Монголчууд тарваганы түүхий эдийг ашигладаг түүхэн уламжлалтай, өөрийн үндэсний технологиудыг бий болгосон өвөрмөц заншилтай орон. Энэ утгаараа дэлхийн тарвага судлаачдын сонирхлыг татдаг. Америкт зургаан зүйл, Евроазид найман зүйлийн тарвага тархан суурьшжээ. Сүүлийн жилүүдэд тарвагыг хүмүүс хаа таарсан газраа намнадаг болсон. Уг нь нас бие гүйцсэн гурваас дээш насны тарвагыг намрын улиралд агнах ёстой аж. Монголын тарвага судлаачид арьсны бүтцийн боловсрох зүй тогтлыг судлаад наймдугаар сарын 20-ноос агнаж эхэлбэл зохистойг тогтоожээ. Энэ тухай “Дэлхийн тарваганы зүйлүүд” сэдэвт олон улсын тарвага судлаачдын хурлын үеэр яригдсан юм. Уг хурал Улаанбаатар хотноо энэ сарын 13-17-ны өдрүүдэд болж буй. Хуралд 13 орны 120 гаруй судлаачид оролцож байна. Шинжлэх ухааны академийн ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн захирал, биологийн шинжлэх ухааны доктор Я.Адъяа ярихдаа “Олон улсын тарвага судлаачдын хурал урьд нь зургаан удаа болсон. Анх 1991 онд Италид болж байв. Өнөөдөр Монголд олон улсын VII хурлыг хийж байна. Хуралд дэлхийн 13 орны 121 судлаач, тарвага судлалын чиглэлээр хийсэн эрдэм шинжилгээний ажлын үр дүнгээ ирүүлсэн. Дэлхийд тархсан 14 зүйл тарваганы экологи биологийн онцлогийг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн гаргасан. Дэлхийн арав гаруй орны 14 төрөл зүйл тарваганы 41 судлаач зурагчид 60 гаруй бүтээлээ ирүүллээ. Үүнээс 40 гаруй бүтээлийг сонгон танилцуулж байгаа. Мөн тарваганы тухай богино хэмжээний кино бүтээлээ. Нийт 28 илтгэл хэлэлцэнэ. Орчин үеийн амьтан судлалд хэрэглэгдэж буй арга зүй, биологийн шинжлэх ухаанд нэвтэрсэн дэвшилтэт шинэ арга, онолын өндөр түвшний асуудлуудыг хэлэлцэж байгаа. Жишээлбэл: 1974 онд Монголд анх ирж ажиллаж байсан Москвагийн их сургууль хуучин Ард түмний найрамдалт сургуулийн багш, тарвага судлаач доктор, профессор Н.А. Александрович өөрийнхөө ажлын 30-40 жилийн үр дүнг танилцуулж илтгэл тавилаа” хэмээн тайлбарлав.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *