Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар аймаг, орон нутгийн удирдлагуудтай өнөөдөр цахим хурал хийлээ.
Манай Засгийн газар улс орны эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэж, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө зоримог, тууштай, бүтээлч ажиллаж, үр дүнд суурилсан, хариуцлагатай, сахилгатай Засгийн газар байх болно гэдгийг аймгийн Засаг дарга нарт хэллээ.
Сүүлийн жилүүдэд манай улсад сахилга, хариуцлага бүх шатанд суларч, дэг журам, шударга ёс алдагдсан. Засгийн газар өөрөөсөө эхэлж, хариуцлага сахилга батыг эрс сайжруулан үлгэрлэн манлайлж, төрийн болон орон нутгийн захиргааны бүх шатны байгууллагаас ажлын хариуцлага, сахилга дэг журмыг сайжруулахыг шаардана. Орон нутгийн удирдлагууд та бүхэн ч нутаг дэвсгэртээ энэ асуудлаар өөрсдөө үлгэр жишээ үзүүлж, нутгийн захиргааны бүх шатны байгууллагаас ийм зарчим барьж ажиллаарай гэлээ.
Сахилга, хариуцлага, дэг журмыг чангатгах тухай Засгийн газрын албан даалгавар гарсан. Энэ даалгаврыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт сахилга, хариуцлагыг өндөржүүлэх, төрийн албаны ил тод, нээлттэй байдлыг хангах, авлигаас ангид байх, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг хүртээмжтэй, шуурхай зохион байгуулах зэрэг тодорхой асуудлыг тусгасан. Засгийн газар нутгийн захиргааны бүх шатны байгууллагад зөвхөн хууль дээдлэх, ёс суртахуунтай байх зарчмыг шаардаж ажиллана гэдгийг Г.Занданшатар сайд анхааруулаад аймгийн Засаг дарга нар өгсөн үүрэг даалгаврынхаа гүйцэтгэл, дотоод хяналт, шалгалтаа эрс сайжруулж, бодит үр дүн шаардаж ажиллахыг үүрэг болгов.
Цаг уурын байгууллагын урьдчилсан мэдээгээр энэ өвөл цас ихтэй, хүйтэн өвөл болох төлөвтэй. Намрын дунд сард багагүй хэмжээний цаг орж, эхний дохио өглөө. Өнгөрөгч зун манай орны нийт нутгийн 75 хувь нь гантай, гандуу байлаа. Иймд орон нутгийн удирдлагууд мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэлд онцгой анхаарч, болзошгүй хүндрэлийг урьдчилан тооцож, төлөвлөж ажиллах хэрэгтэй. Алслагдсан болон даваа саад ихтэй сумын төв, суурин газруудад нүүрс, шатахууны нөөцийг хангалттай бүрдүүлэх, гэр хорооллын өрхийн шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифийг аймгийн төв, 10 мянгаас дээш хүн амтай суурин газарт 50 хувиар бууруулж, хөнгөлөлт үзүүлж, ажиллах ёстойг хэллээ.
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар цахим хурлын үеэр аймаг орон нутгийн удирдлагын санал хүсэлтийг сонсч, тулгамдаад буй зарим асуудлыг шийдвэрлэлээ.
Эдийн засаг хүнд байгаа ч манай Засгийн газар сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарна. “Хүүхэд бүр цэцэрлэгт” хөтөлбөр хэрэгжүүлж, аймаг, нийслэлд цэцэрлэг, цэцэрлэгийн өргөтгөл нэмж барина. Гурван ээлжтэй сургуулиудыг хоёр ээлжтэй болгоно гэлээ. Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомт, Цагаанхадны гаалийн хяналтын бүсийн нөхцөл байдлыг сайжруулахаар Уул уурхайн сайд, Зам, тээврийн хөгжлийн сайдын хамтарсан ажлын хэсэг гаргаж, ажиллуулна. Азийн хөгжлийн банкны 60 сая ам.долларын зээлийг жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, иргэдийг ажлын байртай болгоход зарцуулахаар төлөвлөсөн гэж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар аймгийн удирдлагуудын асуултад хариулах үеэрээ хэллээ. Бусад асуудлыг судалж үзээд шуурхай шийдвэрлэхийг холбогдох албаны хүмүүст үүрэг болголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.