Categories
мэдээ нийгэм

Орон нутагт сүү боловсруулах жижиг цех ажиллуулна

Хувийн хэвшлийн оролцоотой мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн болон хүнсний ногооны үйлдвэрлэлийн нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх” төслийн хүрээнд 500 хүртэлх литр сүү боловсруулах хүчин чадалтай сүү боловсруулах жижиг цехүүд ажиллаж эхэллээ.

Тодруулбал дээрх төслийн дэд төсөл болох “Эмэгтэйчүүдийг дэмжих замаар орон нутгийн сүүний үйлдвэрлэлийг сайжруулах нь” техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд дөрвөн аймгийн 6 суманд “Гэр гал тогоо” нэртэй сүү боловсруулах жижиг цех байгуулах юм. Энэ хүрээнд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Мустафа Синасеир өнгөрсөн баасан гарагт Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын “Сүүн цацал” бүлэг, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын “Баяжих” холбооны сүү үйлдвэрлэгч эмэгтэйчүүдийн бүлэгт цехийн тоног төхөөрөмж гардуулсан байна. Сүүний цехүүд 5-6 нэр төрлийн сүү, сүүн бүтээгдэхүүнийг орчин үеийн технологиор үйлдвэрлэх аж.

Ингэсэнээр 10 орчим хүнийг ажлын байраар хангаж, жилд 127.9 сая төгрөгийн борлуулалт хийн 7.1 сая төгрөгийн цэвэр ашигтай ажиллах боломжтой гэдгээрээ орон нутгийн эмэгтэйчүүдийн бүлэг, хоршоодын үйл ажиллагааг дэмжсэн, тогтмол орлоготой болгох нөхцөл бүрдэж байна.

Тоног төхөөрөмжийн хувьд, цөцгий ялгагч сеператор, полиэтилен уут наагч машин, аяганы ам наагч машин, он сар хэвлэгч машин, сүүний бидон, зэвэрдэггүй ган ажлын ширээ, цөцгийн тос цохигч, халаах тогоо, зэвэрдэггүй ган ааруул хатаагч гэсэн есөн төрлийн иж бүрдэлтэй юм байна.

Мөн төслөөс 12 хүнийг сургагч багшаар бэлтгэх, “Гэр гал тогоо” тоног төхөөрөмжийг ашиглан, уламжлалт цагаан идээг хүнсний стандарт, эрүүл ахуйн шаардлагад нийцүүлэн боловсруулах арга туршлагаас зааж сургах юм байна.

Түүнчлэн хөдөө орон нутагт сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, орчин үеийн технологийг нэвтрүүлэх, бүтээгдэхүүний нэр, төрлийг олшруулахад дэмжлэг үзүүлэх аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *