Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Орхон сумынхан Ерөнхий сайдад “Орхон кластер” цогц үйлдвэрлэл байгуулах хүсэлт тавилаа

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Дархан-Уул аймгийн Орхон суманд ажиллаж, иргэд, тариаланчидтай уулзлаа. Орхон сумын иргэд уулзалтад зориулж аймгийн өрхийн үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа ажиллууллаа.

Орхон сумын нийт хүн амын 80 орчим хувь нь төмс, хүнсний ногоо тариалж, жилд 10-16 мянган тн ургац авч, улсын нийт ургацын 10 гаруй хувийг хангадаг байна.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат иргэдтэй уулзах үеэрээ Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан тариаланч, ногоочидтой холбоотой зарим хөтөлбөр арга хэмжээг танилцуулж, жимс ногооны гэж алдаршсан Орхон сумын хөдөлмөрч иргэдээр талархаж байдгаа хэллээ.

Мал аж ахуй, газар тариалан зэрэг хөдөө аж ахуй бол манай улсын түүчээлэх салбар байх учиртай. Малчид, тариаланчид, ногоочид маань үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээрээ, түүний чанараар хоёр хөрш төдийгүй дэлхийд өрсөлдөх, нийлүүлэх боломж бий. Засгийн газар энэ асуудалд анхаарч ажиллана гэлээ.

Орхон сумынхан энэ үеэр “Орхон кластер” нэртэй шингэн бүтээгдэхүүн, жимс жимсгэний төрөл бүрийн ундаа үйлдвэрлэх, ногооны салат, өргөст хэмх дарах, савлах тоног төхөөрөмж бүхий сав баглааны цогц үйлдвэрлэл байгуулах хүсэлтээ Ерөнхий сайдад гардууллаа. Ийм үйлдвэрлэлтэй болсноор орхончууд ажилтай, орлоготой, үйлдвэрлэгч, баялаг бүтээгч болж сумын иргэдийн амьдрал ахуй дээшилнэ гэж үзэж байгаа юм байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *