Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан Орхон аймгийн Баян-Өндөр уулыг германчуудтай хамтран ойжуулах, байгалийг нөхөн сэргээх төслийн багийнхныг хүлээн авч уулзжээ.
Уулзалтад Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал Ц.Даваацэрэн, Орхон аймгийн Засаг даргын орлогч Д.Энхбат, “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирлын Нийгмийн асуудал эрхэлсэн орлогч С.Сувдаа, ХБНГУ-ын “Geotec rohstoffe” компанийн захирал Шварц Рудижер, тус компанийн хөрөнгө оруулалтын зөвлөх Ш.Маттиас, зөвлөх С.Батбэх нар оролцсон юм.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан олон жилийн өмнөөс уул уурхайн ашиглалт явуулж ирсэн Эрдэнэтийн бүс нутагт ойжуулах, байгалийг нөхөн сэргээх төсөл боловсруулан ажиллахаар болсон багийнханд талархал илэрхийллээ. Баян-Өндөр уул нь Бүтээлийн нурууны салбар бөгөөд шинэс, хус, гацуур голлон ургаж байсан ч 1976 онд Эрдэнэт хот байгуулагдсанаас хойш хотын суурьшлын бүс тэлж, хүмүүс байгаль орчиндоо хайр гамгүй хандсанаас 1995 оноос хойш уулын өвөр энгэр, бэл хэсгээр модгүй болжээ. Үүнийг тус багийнхан ойжуулахаар төсөл боловсруулсан байна. Ингэхдээ уулын баяжуулах үйлдвэрийн ашиглалтын явцад ашиглалтын газарт орсон зулзган моддыг Баян-Өндөр ууланд шилжүүлэн ургуулах ажлыг ч хийх ажээ.
Төсөл хамтран хэрэгжүүлэх байгууллагаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар, тус аймгийн Баян-Өндөр сум, Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр, “Ногоон Эрдэнэт” иргэний хөдөлгөөн, “Ногоон соёолж” ХХК, Эрдэнэтийн иргэд, аж ахуйн нэгж, компаниуд, ТББ, их, дээд сургуулиуд оролцохоор болжээ.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан уулзалтын үеэр Монгол Улс уул уурхайн орон болж байгаагийн хэрээр байгалийн нөхөн сэргээлт нэн чухал болж байгааг хэллээ. Тэрээр “Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жилдээ хавар, намар хоёр удаа мод тарих үндэсний өдөртэй болсон. Мод тарих нь арчилгаа шаардсан нарийн ажил байдаг. Монголд голдуу ойгоос ургаа мод авчирч шилжүүлэн тарьдаг нь тийм ч оновчтой ажил биш. Суулгацаа бэлдэх ёстой. Монголчуудад германчуудаас мод тарих технологид суралцах, судлах туршлага их бий” гэлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ажлын гараагаа Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрт засварчнаар эхэлсэн. Тиймээс тэрээр Эрдэнэтийн ойр орчмыг ойжуулах, нөхөн сэргээх ажлыг дэмжиж байгаа гэдгийг уламжлав. Өнгөрсөн долоо хоногт Германы хөрөнгө оруулалттай Барилгын материалын үйлдвэрийн нээлт болсон. Жилдээ 450-500 мянган м/куб бетон үйлдвэрлэх хүчин чадал бүхий энэхүү үйлдвэр нь Герман, Голландын хамтарсан үйлдвэр бөгөөд евро стандартыг хангаж байгаагаараа дэвшилттэй гэдгийг мөн дурдаж байлаа.