Categories
мэдээ цаг-үе

​Ононгийн аварга хээрийг эргэн дурсахад

Энэ манхайсан хөх тэнгэрийн дор олон ч хурдан буяныг харж явлаа. Гэхдээ Ононгийн хээр арай л онцгой адуу байсан даа” хэмээн хэн хэнгүй уулга алдана. Үнэндээ тийм юм аа. Алтан тэлүүр магнайдаа наадам болгоны од харвуулж, адууны авшигтай уяач эзнийхээ сэтгэлийн нарыг мандааж явсан ажнайг мэдэхгүй нэгэн Монголд ховор оо. Талын салхины аясаар зүгээр л нэг хадаг шиг намирч өгдөг давхилыг нь хараагүй хүмүүн үгүй болов уу. Морь, бөхөө ямагт дээдэлдэг монголчууд Сэргэлэн сумаар овоглосон уяачийн хүлэг, хүчит бөх хоёрыг бахдаж, үнэн голоосоо хүндэтгэн хайрлаж байсан цаг саяхан. Агваансамдангийн Сүхбат аварга зодоглоогүй, Ононгийн хээр тоосоо өргөөгүй наадам нэг л уйтай санагддаг байсан даа. Одоо ч цагийн аясаар юм өөр болж дээ. Сүхбат аваргыг хүндэтгэх олон түмний хүндэтгэл ч өөр болсон санагдана. Уул нь аварга хүн аваргаараа л байх сайхан, за тэр ч яахав.

Ард түмний хөөр баяр дээд цэгтээ хүрч, энэ замбуулинд бүх зүйл утга учиртай байдгийг мэдрэн, бүр нэг сэтгэл ханамжаар дүүрэн наадсан нь хоёр мянга нэгэн он билээ. Ардын хувьсгалын түүхт наян жилийн ойн хүчит бөхийн барилдаанд зодоглосон 1024 бөхөөс А.Сүхбат аварга арав давж түрүүлсэн. Яагаав, нөгөө Өсөхөөд өшиглүүлэн, эмч домч болоод барилдах ч өнгөрлөө дөө гэж байтал Бат-Эрдэнэ аваргыг өвдөглүүлээд түрүүлчихээгүй юу.

Тэрхүү наадмын их морьдын уралдаанд газар, газраас цугласан олон шандаст хүлгүүд тоосоо өргөхөд Ононгийн аварга хээр огтхон ч ажралгүй барианд орсныг манайхан мэднэ. Аварга хээр Онон уяачид ирсэн түүх их сонин. Уулзах ёстой хүмүүс л уулзаж учирдаг гэсэн үг байдаг. Түүн лүгээ адил тод манлай уяач, хээр морь хоёр нэгэн уяан дээр золгож, Монгол даяар алдарших хувьтай байжээ. Нэгэн мянга есөн зуун ерэн долоон онд юм гэдэг.

Ононгийн найз Ганхүү Сүхбаатар аймгийн Уулбаян сумаас морь авахаар явахдаа дүү Д.Сугарыг нь дагуулжээ. Тэднийг Баруун-Уртын тэнгэр дор очиход овооны наадам таарсан байгаа юм. Хурдан ажнай сонирхохоор холоос зорин ирэхэд овооны наадам таарсанд хэн хэн нь ихэд бэлгэшээсэн нь мэдээж. Явсан ажил бүтэх нь хэмээн бодсон байлгүй.

Тэгтэл бэсрэг наадмын морьдын уралдаанд түрүүлсэн хээр морь Сугарын харцыг булаав гэнэ шүү. Барагтайд хурдан хурцыг нь буруу таньдаггүй, болж л өгвөл оноод хэлчихдэг мань хүнийг ус нутгийнхан нь байтугай хол ойрын хашир уяачид ч

“морь мэддэг хүү дээ” гэж хүндэтгэдэг аж. Сугар багагүй эргэлзэж, хээр морийг хэдэн талаас нь шинжиж байгаад уяачтай нь уулзжээ. Уяач эзэн нь зарахгүй барихгүй гэж гүрийсэнгүй. Үнэ таарвал өгчихнө гэсэн байна. Юу ч гэсэн ахтайгаа зөвлөлдье гээд Ононгийнд давхиад ирж. Учир явдлаа ч хэлж.

Гэтэл ах нь “Овооны наадамд түрүүлсэн морь авах гэлээ. Чи бараг сэтгэлийн хөөрлөөр л хандаж байна” гэх утгатай үг сөрвийлгөн, ерөнхийдөө зэм хүртээгээд авсан аж. Сугар ахынхаа өөдөөс хариу үг хэлсэнгүй ганц хоёр хоножээ. Гэвч өнөө хээр морь санаа бодлоос нь гарч өгдөггүй, өдөр нүдэнд нь үзэгдэж, шөнө зүүдлэгдэх нь холгүй юм болсон байна. Ахтайгаа дахин нэг ярилцаж, өөрийн нүдээр хараагүй болохоор цааргалзаад байгааг нь хэлж, хэрвээ харах юм бол шүүрс алдана даа гэсний хүчинд авахаар болсон гэдэг.

Аварга хээр Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Агвааны унаган адуу аж. Агваан эгч дүүсийнхээ нэг хүнд азарга тавиарай гэж өгснийг нь өнөө нөхөр азарга тавьсангүй, засч хаяад зарчихсан байгаа юм. Авсан хүн нь Мөнххаан сумын Мөнхжин буюу Осгой гэдэг залуу. Ингэж цуут хурдан хүлэг хэд хэдэн гар дамжиж, арилжаа наймаагаар орж яваад Онон уяачид дүү Сугарынх нь буянаар ирсэн түүхтэй. Гурван зуун тавин мянган төгрөгөөр Онон авсан гэдэг. Ерэн долоон оны 350 мянган төгрөг гэдэг мөнгө байсан цаг л даа.

Хээр ажнайг авсан жилээ уялгүй өнжөөжээ. Дараа жил нь буюу ерэн найман онд уятал төрийн наадамд аман хүзүүнд давхиж аргагүй хурдан хүлэг гэдгээ нотолсон байгаа юм. 1999 онд Боржигоны бүсийн наадамд түрүүлж, “Говь Шанхын хурд”-д аман хүзүүджээ. Аварга хээрийн онцгой амжилт үзүүлсэн жил нь 2001 он. Бичил туурвилынхаа эхэнд өгүүлсэн дээ, наян жилийн ойд түрүүлсэн гэж. Тэгвэл улсын наадамд түрүүлчихээд дараахан нь болсон Монголын шигшмэл хурдан хүлгүүдийн “Их хурд-II” уралдаанд мөн хол тасархай түрүүлсэн юм. Үндсэндээ давхар уяагаар уягдсан хэрэг. Ер нь уг ажнай хүлгийг газрын хол, морины олноос айдаггүй улам уужимхан харайдаг, уяа их даадаг, дандаа хатуу уяагаар уягддаг, давхил нь ороод ирэхээр ааш зан нь дийлдэхээ больдгийг Онон уяач хэлдэг байсан. Энэ нь А.Сүхбат аварга даваа өгсөх тусам улам задгайрч, уран барилддаг байсантай агаар нэг санагдаад байгаа юм.

“Их хурд-II“ уралдаанд аварга хээрийгээ түрүүлнэ гэдэгт Онон манлай итгэл дүүрэн байсан гэх.

Тэрээр морьд уралдахын урьд орой өнгөнд давхих магадлалтай бүх морьдыг шинжиж үзэчихээд “Маргааш манай уяанаас дөрвөн их морь айрагдах нь баталгаатай юм байна” гэж галынхаа нөхдөд палхийтэл хэлчихэж. Дөрвөн их морь гэдэг нь өөрийнхөө аварга хээр, Дарьгангын Галиндэвийн адууны угшилтай буурал морио, Энэрэлтийн хар, Мөнгөн-Оньсын бөмбөг халзан нарыг хэлсэн хэрэг. Үнэхээр маргаашийн наадамд хээр морь нь түрүүлж, буурал гуравт давхиж, бөмбөг халзан таваар оржээ. Харин Энэрэлтийн хар морь эргэхдээ хөлөө эвгүй гишгэснээс замд татуулж уралдуулаагүй аж. Эндээс Онон гэдэг уяач хэлсэн амандаа хүрч, хэрхэн наадаж чаддагийг нэвт шувт харж болохоор байгаа юм. Шигшмэл морьдын тэрхүү уралдаанд аварга хээрийнх нь ард ирсэн Завханы Тэсийн Г.Нагааранзын хүрэн морийг тод манлай харчихаад ёстой аварга амьтан байна даа хэмээн дуу алдаж, өнөөдөр миний хээрийг барсангүй. Харин ирэх жилийн наадмаар мөн ч их зовоох юм байна гэсэн аж. Бас л түүний хэлснээр болж 2002 оны наадамд Г.Нагааранзын өндөр хүрэн халзан түрүүлж, аварга хээр аман хүзүүдсэн юм.

Нэг зүйлийг сонин болгож хэлэхэд, хандгайн шинжтэй гэгддэг уг ажнай тав, зургаа жилийн богинохон хугацаанд том, жижиг наадамд гуч орчим удаа түрүүлж уяач эзэндээ таван машин, арав гаруй мотоцикль болоод бусад шагналыг авчирсан буянтан. Наадам болгонд магнайдаа баярын од харвуулсан хүлэг гэдэг нь тийм учиртай. 2004 онд арвандөрвөн настдайдаа “Их хурд-III” уралдаанд айрагдчихаад Алтан-Овооны даншигт явж байх замдаа үүрд хөрвөөсөн гэдэг. Бүр тодруулбал, Сүхбаатар аймгийн нутаг Гангын Цагаан овооны зүүн хойно Өлгий гэдэг газар амьсгал хураажээ. “Аварга хээр минь Алтан Дарь овооныхоо барааг сүүлийн удаа харчихаад яваад өглөө дөө” гэж тод манлай уяач гашуудсан нь мэдээж. “Манлай түмэн эх” өргөмжлөлт цуут хурдан ажнай ийнхүү нутгийнхаа тэнгэр дор амьсгал хурааж, нутгийнхаа шороонд шингэжээ.

“Улирлаа дагаад өнгө нь хэд хувирах

Уяа нь орохоор бүр олон хувирах

Шар хадаг шиг шар хээр морь

Шанзны эгшиг салхитай

Буурал намраар буган халтар болно

Будрах цаснаар зээрэн шарга болно

Ир нь ханахаар шар хадаг болно

Эзнийхээ магнайд тод нар болно

Ааш нь адасга шиг болоод ирэхээр

Алтан наран дээр хөрвөөж босоод байхаар

Сойлго нь ханаж байгаа нь тэр

Согоогоо дуудах буга болж байгаа нь тэр

Бөөн морины бөгсөнд дандаа эргэдэг ч

Бөөрөг алаг толгодыг эвхэж өгдөг адуу…” хэмээх Аюурбунъяагийн Лхагва найрагчийн шүлгээр Монгол Улсын тод манлай уяач, гавьяат малчин Дамбадаржаагийн Ононгийн цуут хурдан хүлгийн тухай өгүүлсэн бичил туурвилаа өндөрлөж байна.

Д.БАТБОЛД

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *