Categories
мэдээ нийгэм

Онлайнаар виз мэдүүлэхийг дэмжихгүй нь хэний эрх ашгийн төлөө вэ?

БНХАУ-д суралцах хүсэлтэй хүүхдүүд, ар гэрийнхэнтэйгээ виз мэдүүлэхээр элчин сайдын яамных нь гадаа урт дараалал үүсгэжээ. Зургаан сараас хойш виз мэдүүлээд авч чадаагүй иргэд нэгдэн, онлайн бүртгэл үүсгэж, дарааллын дагуу виз авч байсан аж. Харин есдүгээр сарын сүүлээр найман хоног амарсан БНХАУ-ын элчин сайдын яам өнгөрсөн даваа гаригаас дахин визээ өгч эхэлсэн байна. Гэвч онлайн бүртгэлээр цэгцтэй дарааллаар нь өгч байсан визийг Ганболд гэх цагдаа хамгаалалтад гарах өдрөө “онлайн хүчингүй болсон. Энд хонож оочирлосон хүмүүсээ оруулна” хэмээн будлиан үүсгэсэн байна. Онлайнаар бүртгүүлсэн хүмүүс үүнийг эсэргүүцэн, тус элчин сайдын яамны гадаа үймээн дэгдэж, цагдаа нар хамгаалалтад гарчээ. Энэ талаар виз авахыг хүссэн иргэн С.Шинэбаяраас тодрууллаа. “Би наймдугаар сараас хойш дүүгээ урагшаа сургуульд нь явуулахаар виз мэдүүлсэн. Бас л оочирлож байсан. Иргэд сүүлд эмх цэгцэнд оръё, онлайнаар өөрсдөө бүртгүүлээд дарааллаараа оръё гэж нэгдээд фэйсбүүк группыг үүсгэсэн. Энэ нь хамаагүй эмх цэгцтэй хурдан шуурхай явж байсан ч нэг цагдаа ирж будлиан үүсгээд ийм байдалд хүргэлээ. Өөрсдийн танил талаа оруулахаар зүтгэж, эмх замбараатай байсан зүйлийг цагдаа сэргийлэх болтол нь дэвэргэлээ. Онлайнаар виз мэдүүлэхийг дэмжихгүй нь хэний эрх ашгийн төлөө вэ?” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *