Categories
мэдээ улс-төр

“Онлайн эрх чөлөө”-ний төвийг Улаанбаатарт байгуулах боломж бий

Дэлхий дахинд интернэт маш хүчтэй, хурдтай хөгжиж байна. Гэхдээ улс орон бүрт өөр өөр хууль эрх зүйн зохицуулалтаар, эдийн засаг, нийгмийн янз бүрийн нөхцөлөөс хамааралтайгаар хөгжиж байна. Интернэтийн хөгжлийг ерөнхийд нь хязгааргүй гэж үзэж байгаа боловч үүний ард хүний эрхийг хамгаалах тухай асуудал, хувь хүний нууцыг хадгалах, элдэв халдлага хүчирхийллээс сэргийлэх тухай асуудал яригдаж байдаг. Тиймээс энэ бүхнийг хэрхэн шийдэх вэ гэдэг дээр хамгийн зохистой технологийг эрэлхийлж, шинэ санаачилга хайж туршлагаа хуваалцах үүднээс “Онлайн эрх чөлөө” эвслийн бага хурлыг жил бүр хийдэг юм. Эвсэл Азийн орноос анх удаа Монголд хуралдсан нь энэ. Төрийн ордонд хоёр өдөр үргэлжилсэн чуулган дэлхийн мэдээллийн технологийн шилдэг компанийн мэргэжилтнүүд, хүний эрхийн байгууллагын төлөөлөл, цахим хэвлэл мэдээллийнхнийг хамарлаа.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж интернэтийн хөгжлийг бүхий л талаар дэмжинэ гэдгэээнэ хурал дээр илэрхийлж,“Онлайн эрх чөлөө”-ний төв оффисыг Улаанбаатарт байгуулах саналыг тавьсан юм. Хурлыг зохион байгуулагчдын нэг, “Глобал партнерс дижитал” байгууллагын төлөөлөгч Andrew Puddephatt-аас “Онлайн эрх чөлөө”-ний төв оффисыг Улаанбаатарт байгуулах санал хэрэгжих боломжтой эсэхийг тодруулахад “Хуралд ирсэн төлөөлөгчдийн хувьд сэтгэгдэл өндөр байна. Бидний ирсэн зорилго тодорхой хэмжээнд биелж, үр дүн гарлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн нээлтийн үеэр хэлсэн үг энэ арга хэмжээний ач холбогдлыг өргөж өгсөн. Монголын Засгийн газраас сайн зохион байгууллаа. Яваандаа онлайн эрх чөлөөний оффисыг энд байгуулах боломж байгаа” гэж хэлэв.

УИХ-ын дарга З.Энхболд хэлэхдээ 60 гаруй орны төр, засгийн болон хувийн хэвшлийн төлөөлөл, иргэний нийгмийн байгууллагынхан, илтгэгчдэд талархал илэрхийлээдМонгол Улс интернэтийн орчинд хүний эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжих үйлсэд өөрсдийн хувь нэмрээ оруулахаар санаачилгатай ажиллаж байгааг онцолсон юм. Түүний нэгэн жишээ нь энэхүү “Онлайн эрх чөлөө” эвслийн хурал боллоо гэж байв. Мөн “Харилцаа холбооны салбарын хууль, төр, засгийн бодлого, зохицуулалтаар интернэтийг нээлттэй, хүртээмжтэй болгоход тус дөхөм үзүүлнэ. “Онлайн эрх чөлөө” эвсэл тал бүрээс хэлэлцэж, улс орнуудын интернэтийн эрх чөлөөг хөхиүлэн дэмжих бодлого, шийдвэрийг ил тод болгохыг зорьсноо дуулгасан. Интернэтийн эрх чөлөөг бүс нутагтаа хамгаалах, хөхиүлэн дэмжихэд тууштай байр суурь баримталж байгаагаа бас илэрхийлсэн юм.

Өнөөдрийн салбар хуралдаанаар “Монгол Улс дахь онлайн эрх чөлөө ба төр засгийн байгууллагуудын үйл ажиллагаа”, “Олон нийтийг цахим ертөнцөд холбох нь”, “Интернэтийн засаглал ба хүний эрх, ардчиллын үнэт зүйл, нээлттэй, ил тод байдлыг хөгжүүлэх нь” зэрэг сэдвээр асуудлыг авч хэлэлцсэн юм. Тухайлбал “Монгол улс дахь онлайн эрх чөлөө ба төр засгийн байгууллагуудын үйл ажиллагаа” хуралдаанаар Монголын цахим хэвлэл мэдээллийн орчинд байгаа зарим асуудлыг хөндсөнөөс гадна “Цахим өртөө”, “Торгоны зам” төрийн бус байгууллагын хийсэн судалгааг танилцуулав. Тэдний судалгаанаас харвал Монголд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хэдий хангалттай мэт боловч зарим зохицуулалт, журмаар хязгаарлагдах хандлага ажиглагдсан байна. Жишээ нь, Харилцаа холбооны газраас вэб сайтад сэтгэгдэл бичихэд тодорхой журам гаргаж, мөрдүүлж байгаа. Олон улсад сэтгэгдлийн асуудлыг томоохон хэвлэл мэдээллийн хэрэгсэл өөрсдөө дотооддоо зохицуулдаг байна. Харин Монголд ингэж төрийн байгууллага сэтгэгдэл зохицуулах нь оновчгүй гэж салбар хуралдаанд оролцогчид дүгнэж байсан.

Түүнчлэн манай улсын мэдээллийн технологийн салбарынхан дэлхийн шилдэг мэргэжилтнүүдээс туршлага судлах, тэдэнтэй холбоо тогтоож хамтран ажиллах боломжийг энэ хурал олгов. Тэднийг төлөөлж “EOH” компанийн захирал П.Амараас сэтгэгдлийг нь сонслоо. Тэрбээр “Гүүгл, Мозилла, Майкрософт зэрэг дэлхийн тэргүүлэгч компанийн төлөөлөгч ирсэн байна. Тэдэнтэй уулзаж, IT-ийн салбарын хөгжлийн талаар ярилцах, санал солилцох, хамтарч ажиллах боломжийг бидэнд олголоо. Сүүлийн 10 жилийн хугацаанд Монголын интернэтийн хөгжилд үсрэнгүй амжилт гарсан. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ ирээдүйд мэдлэг, технологид суурилсанэдийн засгийн хөгжлийг бий болгоно гэж байна. Тэгэхээр Монголын мэдээлэл холбооны компаниуд хүний нөөцөө бодлоготойгоор бэлдэх, санхүүгийн боломжоо нэмэх шаардлагатай. Дотоодын компаниуд санхүүгийн нөхцөлөөс шалтгаалан гаднаас эксперт урьж авчраад туршлага судлаад байх боломжгүй. Мэдээллийн технологийн компаниуд бол харьцангуй шинэ мэдлэгийг бүтээж, шинэчлэгдэж, хувьсч байдаг учраас ур чадвар арга зүйгээ сайжруулах шаардлага гардаг. Бидний хувьд цаашдаа аутсорсинг хийж, улсдаа технологиор дамжуулан санхүүгийн урсгал оруулж ирэх зорилгыг тавих ёстой” гэсэн юм.

Хурлын төгсгөлд “Улаанбаатарын тунхаг”-ийг танилцуулсан бөгөөд тунхгийг бүрэн эхээр нь http://admin.dnn.mn/%D0%BE%D0%BD%D0%BB%D0%B0%D0%B9%D0%BD… энд нийтлэв.

Ц.БАЯР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *