Categories
гадаад мэдээ

“Оны хүн”-ээр Аниргүйг эвдэгсэд тодорлоо

Америкийн “Тime” сэтгүүл 2017 оны “Оны хүн”-ээр “Аниргүйг эвдэгсэд”-ийг буюу бэлгийн дарамт, хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэсэн хүмүүсийг нэрлэлээ.

“Ассошиэтед Пресс” агентлагийн мэдээлснээр, Холливудын нэрт продюсер Харви Вайнштейныг тойрсон бэлгийн дарамт, хүчирхийлэлтэй холбоотой дуулиан шуугиан дэгдсэний дараа “#MeToo” буюу “Би ч бас” гэсэн нэртэй хөдөлгөөн өрнөж, олон эмэгтэй, тэдний дотор Холливудын жүжигчид бэлгийн дарамт, хүчирхийлэлд өртөж байснаа зоригтойгоор дэлгэж, бэлгийн хүчирхийлэлтэй хатуу тэмцэхийг дэлхий нийтэд уриалсан юм. Бэлгийн хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэж, хөдөлгөөн өрнүүлсэн энэ хүмүүсийг “Аниргүйг эвдэгсэд” гэж “Тime” сэтгүүлийн хамт олон нэрлэжээ.

Тус сэтгүүлийн ерөнхий редактор “Оны хүн”-ээр “Аниргүйг эвдэгсэд”-ийг тодруулснаа өчигдөр “Эн-Би-Си” телевизээр зарлаад “Бид бэлгийн дарамт, хүчирхийлэл үйлдэгсдийг олон арван жилийн турш чимээгүй харж, тэднээс эмээж, тэвчиж ирсэн. Бэлгийн хүчирхийлэл үйлдэгсдийн эсрэг үүн шиг чангаар дуу хоолойгоо хүргэж байсан тохиолдол байхгүй” гэжээ.

Х.Вайнштейны бэлгийн дарамтад өртөж байснаа олон нийтэд зарласан алдартнуудын төлөөлөл болох Америкийн жүжигчин Эшли Жудд болон “Хүчирхийлэхийг завдсан” гэх хэргээр DJ Дэвид Мюллерын эсрэг шүүхэд зарга мэдүүлээд, заргаа авсан поп дуучин Тэйлор Свифт тэргүүтэй хүмүүсийн зураг энэ сэтгүүлийн нүүрэнд гарсан байна.

“Тime” сэтгүүл нь 1927 оноос “Оны хүн”-ийг нэрлэж эхэлсэн юм. Тухайн жилд “сайн эсвэл муу талаараа” дэлхий нийтийн анхаарлын төвд байж чадсан нэг хүн эсвэл хүмүүсийг “Оны хүн”-ээр тодруулдаг билээ.

Өнгөрсөн онд “Оны хүн”-ээр тодорч байсан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ оны хувьд гол өрсөлдөгчдийн хоёрдугаарт бичигдсэн бол БНХАУ-ын дарга Ши Жиньпин гуравдугаарт орсон байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *