Эдийн засгийн байнгын хороо хуралдав. Хуралдаанаар “Ипотекийн зээл олголтын байдал, цаашид авах арга хэмжээний талаарх” Барилга, хот байгуулалтын сайдын мэдээллийг сонслоо.
Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан:
-Ипотекийн журмаар орон сууцны зээлийг 2008 оноос олгож эхэлсэн. Өнгөрсөн 2008-2012 онд 42600 орчим айл орон сууцны зээлд хамрагдсан байна. 2013-2016 онд 26 мянган айл зээлд хамрагджээ. Ингээд 2016 оноос ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсан тул ипотекийн зээлийн хэмжээ буурсан. Валютын сангаас тавьсан шаардлагын дагуу 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс Монголбанк биш Засгийн газар энэ зээлийг авч явах ёстой гэсэн шаардлага тавигдаж байгаа. 2017 онд 10 мянган айл зээлд хамрагдлаа. 2017 оноос төсөвт хөрөнгө суулгаад 110 тэрбум төгрөг суулгаж байсан бол энэ онд 120 тэрбум төгрөг төсөвт суусан. Өнөөдрийн байдлаар гурван эх үүсвэрээс зээл олгож байгаа. Үүнд, эргэн төлөлт, Монголбанкнаас гаргадаг, арилжааны банк санхүүжүүлж байна. Арилжааны банк энэ онд 248 тэрбум төгрөг гаргаж, 3798 айлд зээл олгосон. Монголбанк болон улсын төсвөөс 236 тэрбум төгрөгөөр санхүүжүүлж 3578 айл өрхөд зээл олгожээ. Ингээд энэ онд нийт 484 тэрбум төгрөг зарцуулж, 7383 өрх зээлд хамрагдсан. Оны эцэст 10 мянган айл зээлд хамрагдана гэж тооцож байна.
Ийнхүү мэдээлэл хийсний дараа Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Ипотекийн зээлийг Монголбанк хариуцаж байсныг Засгийн газарт хариуцуулах шийдвэрийг Валютын сан гаргасан. Ингэхийн тулд Монголбанкнаас гаргасан хөрөнгө оруулалтыг Засгийн газар төлөх ёстой болно. Одоогоор Засгийн газарт тийм боломж байхгүй гэдгийг онцолсон юм.
Мөн тэрбээр өнгөрсөн жилүүдэд мөнгө хэвлэж ипотекийн зээлийг санхүүжүүлсэн нь эдийн засгийг хямраасан тул одоогийн хэрэгжүүлж байгаа бодлого хамгийн тохиромжтой гэдгийг онцлов.
Байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр ипотекийн зээлийн хүү өндөр байна гэсэн бол УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат зээл олголт тааруу байгааг шүүмжилсэн юм.