Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны захиргааны статистикийн мэдээллээр аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэдийн тоо энэ оны нэгдүгээр сарын эцсийн байдлаар 26 мянга болжээ. Үүнээс
- 16.5 (63.3 хувь) мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд
- 9.5 (36.7 хувь) мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна.
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын харьяа нэгжүүд хэвийн ажиллаж байна. Гэвч хөл хорионы дэглэмээс шалтгаалж аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа алдагдах, мөн ихэнх иргэд биечлэн очиж үйлчлүүлэх боломжгүй зэргээс ажил хайгч иргэдийн тоо буурсаар байна.
Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 4.1 (20.1 хувь) мянган хүн, өмнөх сараас 1.6 (9.0 хувь) мянган хүнээр буурчээ.
Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2021 оны нэгдүгээр сард ажилгүй 4.5 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 0.7 мянган иргэн ажилд зуучлагдан орж, 5.4 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан байна.
Үүнээс Улаанбаатар хотод 2021 оны нэгдүгээр сард нийт 766 иргэн нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 129 иргэн ажилд зуучлагдсан байна.