Өнөө жил олон улсын гэрэл болон гэрэл дээр суурилсан технологийн жил гэж НҮБ-аас зарлажээ. Энэхүү уриалгад манай улс нэгдэж байгаа бөгөөд МУИС-ийн шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухааны салбарын физикийн тэнхим, Сансар судлал ба зайнаас тандан судлалын лабораторид төвлөрөн ажиллаж байгаа юм байна. Уг төвийн нээлтийн арга хэмжээ уржигдар орой боллоо. Арга хэмжээний гол зорилго хүрэлцэн ирсэн хүмүүст гэрэл бидний амьдралд ямар ач холбогдолтой тухай таниулах байв. Мөн энэ үеэр МУИС-ийн дэд профессор Н.Цогбадрах гэрлийн жилд хийгдэх ажлын төлөвлөгөөний талаар танилцуулсан. Бас магистрант Д.Амартүвшин “LED технологи ашиглан ухаалаг гэрэл” сэдвээр илтгэл тавьсан юм.
Тэрээр хүн төрөлхтний амьдрал, ирээдүйн хөгжилд өндөр ач холбогдолтой гэрлийг хэрхэн зөв зохистой ашиглах вэ гэдгийг илтгэлдээ онцолсон байв. Тухайлбал, орой унтах үедээ заавал орноосоо босож гэрлээ унтраах, шаардлагатай үед гэрлээ бүдгэрүүлж, тодосгох зэрэг үйлдлийг орчин үеийн ухаалаг утастай хэрхэн холбож ашиглах тухай танилцуулсан. Мөн сансар огторгуйн судлал, ялангуяа өөрөөсөө гэрэл үүсгэдэг биет болох нарыг судалсан судалгаа хүн төрөлхтний амьдралд хэрхэн ашигтай талаар технологийн дэвшилтэт нээлтийг энэ онд хийж байгаа тухайгаа тэнд цугласан хүмүүст танилцууллаа.
Илтгэлийн дараа ирсэн зочдод хамгийн сүүлийн үеийн техникт тулгуурлан хийсэн од эрхэсийг тольдох боломжтой дурангаар харж үзэх боломж олгосон юм. Энэ үеэр од дурандаж байгаа хүмүүст аль од ямар байрлалд байдаг тухай, тухайн одтой холбоотой ямар домог, түүх байдаг тухай сонирхуулан ярьсан. Харин төгсгөлд нь “Шри шри амьдрах ухаан” төвийн багш В.Алтанцэцэг “Сарны бясалгал” нэртэй бясалгалын хичээл явуулсан юм. Тэрээр бясалгалдаа од эрхэс, сар наран дээр өөрийгөө очсон мэт төсөөлж, хэсэг ч гэсэн өөрийгөө гадаад орчноос салж амар амгалан байхыг зөвлөж байсан. Уг бясалгалын учир утга нь байгаль дэлхийтэйгээ ойрхон байвал хүн амар амгалан орших болно гэсэн санааг илэрхийлж байлаа.
НҮБ-аас 2015 оныг гэрлийн жил болгосонтой холбогдуулан улс орнуудад ямар судалгаа хийж байгаа ажлын тухай НҮБ-аас гаргасан тусгай сайтад мэдээлэл байршуулах юм байна.