Categories
мэдээ нийгэм

Олон улсын ачаа тээврийн туршилт эхэлнэ

Хөрш гурван улсын Төрийн тэргүүн нар өнгөрсөн зургаадугаар сард Узбекистан улсын нийслэл Ташкент хотноо нэг ширээний ард уулзаж, Эдийн засгийн “коридор” байгуулах хөтөлбөрт гарын үсэг зурсан билээ.

Ингэснээр Евразийг холбох транзит тээврийн бүтээн байгуулалт эхлэх боломж бүрдсэн аж. Монгол нь Оросын хувьд Азид гарах, Хятадын хувьд Европт гарах гол суваг. Харин Орос, Хятад хоёр бол манай улсын далайд гарах сонголтгүй хувилбар. Ийм учраас Монгол, Орос, Хятад улсын Төрийн тэргүүн нар Хиагтын гурван улсын хэлэлцээрээс даруй 100 жилийн дараа буюу 2014 онд Тажикистаны нийслэл Душанбед уулзаж, Эдийн засгийн “коридор” байгуулахад санал нэгдсэн юм.

Тэгвэл эдийн засгийн “коридор” байгуулах ажил нэг шатаар урагшилж, эхний авто замын транзит тээврийн туршилт өнөөдөр эхэлэх аж.

БНХАУ-ын Тяньжин боомтоос ачаа ачсан автомашинууд Эрээнд хүрч, Замын-Үүд, Сайншанд, Улаанбаатар, Дархан, Сэлэнгийн нутгаар дайрч, ОХУ-ын Улаан-Үд хотод хүрнэ.

Олон улсын энэхүү ачаа тээврийг наймдугаар сарын 13-25-ны өдөр туршилтаар тээвэрлэнэ гэдгийг албаны эх сурвалж мэдээлж байна.

Тяньжин боомт нь БНСУ, Япон Улсын далайн боомттой холбогддог учир ийнхүү транзит тээврийн замтай болох нь манай улсад эдийн засгийн өгөөжтэй. Тухайлбал төмөр замаар тээвэрлэсэн ачаа дунджаар нэг сарын дараа манай улсад ирдэг бол авто замаар тээвэрлэхэд үүнээс дөрөв дахин бага хугацаа зарцуулах ажээ.

Харин анхны туршилтын тээврийн бэлтгэл ажлыг Зам, тээврийн яам болон Авто тээврийн үндэсний төв “Монгол тээвэр нэгдэл” компанитай хамтран зохион байгуулжээ. Энэхүү тээвэрлэлт нь хамгийн наад зах нь цаг хугацаа, эдийн засгийн хэмнэлттэй төдийгүй үүнийгээ дагаад эдийн засгийн эргэлт сайжирч, үйлдвэрлэл хөгжиж, ард иргэд ажлын байраар хангагдах нөхцөл ч бүрдэнэ гэдгийг холбогдох хүмүүс хэлж байна.

Монгол Улсын Засгийн газар энэхүү төслийн хэрэгжилт нь Монголд транзит боломжийг олгож, хөрөнгө оруулалтыг татахын зэрэгцээ үйлдвэрлэлийг хөгжүүлэн, эрчим хүч болон уул уурхайн салбарыг ч шинэ шатанд гаргана гэдэгт итгэж байгаа билээ.

Гурван улс хоорондын тээвэр, худалдаа нь Монгол Улсын эдийн засгийг дэмжих бөгөөд одоогийн тооцоолж байгаагаар Хятад, Оросын хоорондох байгалийн хий болон нефтийн транзит тээврээс Монгол Улс 2020 онд 200 тэрбум төгрөгийн ашиг хүртэх тооцоо гаргаад байгаа ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *