Categories
мэдээ цаг-үе

Олон улсад нефтийн үнэ буулаа, Монголд хэзээ буух вэ?

Өнгөрсөн сарын эхээр 71 ам.доллар байсан брент газрын тосны үнэ 62 ам.доллар руу уруудлаа. Брентийн ханш өнгөрсөн сарын 29-нд буюу тав, зургаахан хоногийн өмнө 69 ам.доллар байв. Сүүлийн дөрвөн хоногт огцом унаад байгаа юм. Шатахуун импортлогчид шатахуунаа түрүү сарынх нь сүүлийн 25 хоногийн дунджаар тооцож хойд хөршөөс худалдаж авдаг. Өөрөөр хэлбэл энэ сард худалдаж авах шатахууны үнээ тавдугаар сарын сүүлийн 25 хоногийн дунджаар тооцдог гэсэн үг. Ингэж тооцохоор тавдугаар сарын шатахууны дундаж ханш 70 ам.доллар болж байна. Харин дөрөвдүгээр сарын дундаж үнэ 71 ам.доллар байж. Тодруулж хэлбэл энэ сард импортлогчдын худалдаж авах шатахууны үнэ өмнөх сараасаа нэг ам.долларын зөрүүтэй гарах нь. Импортлогчид энэ сард худалдаж авах шатахуунаа дараа сард худалдаанд гаргана. Тэгэхээр наадмын үеэр лав шатахууны үнэ мэдрэгдэхүйцээр буухгүй нь тодорхой байна. Харин сүүлийн өдрүүдэд огцом унаж буй нефтийн ханшийн уруудал энэ янзаараа үргэлжилбэл импортлогчид долдугаар сард авах шатахуунаа илүү хямдаар импортлох боломжтой болно. Энэ тохиолдолд олон улсын зах зээл дээрх нефтийн ханшийн бууралт ирэх наймдугаар сард Монголын хэрэглэгчдэд мэдрэгдэх юм.

Дэлхийн зах зээл дээрх нефтийн ханшийн уналт 60 ам.доллар, бүр цаашлаад 55 ам.доллар хүртэл уруудаж магадгүй гэсэн таамаг дуулдаж байна. Ингэж хямдарвал жилийнхээ шатахууны хэрэглээг “хэжлэх” боломж бий. Эдийн засагч, шинжээч Г.Мөнх-Эрдэнэ өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлээр манай сонинд өгсөн ярилцлагадаа “Монгол Улс өнгөрсөн жил 1.1 тэрбум ам.долларын шатахуун авсан. Бүтэн жилийнхээ хэрэгцээг ханшийн өсөлтөөс хамгаалъя гэвэл шатахуун худалдаж авч буй мөнгөн дүнгийнхээ дор хаяж 10 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг гаргах хэрэгтэй болно. Дэлхийн аль ч улсад хэзээ ч 100 хувиар хэжинг хийдэггүй. Учир нь ирээдүйг хэн ч 100 хувь таамаглаж чадахгүй. Тэр утгаараа хамгийн ихдээ 50 хувиар л хэжинг хийдэг. Иргэдийн амьдралд чухал нь Аи-92. 92-ыг тусад нь тооцохоор худалдаж авах мөнгө маань 300 сая ам.доллар л болно. Энэ мөнгөн дүнгийн 50 хувь нь гэхээр 150 сая ам.доллар. 150 сая ам.долларын 10 хувь гэхээр 15 сая ам.доллар. Ингэхээр бүр боломжийн болчихож байгаа юм. Нефтийн үнэ дэлхийн зах зээл дээр бага байхад ийм мөнгө гаргаад хэжинг хийчихвэл иргэдийнхээ эдийн засагт тусалж байгаа маш том ажил болно” хэмээн онцолж байсан юм. Түүнтэй ярилцлага хийх үед нефтийн үнэ дэлхийн зах зээл дээр 74 ам.доллар байсан бол одоо 55 ам.доллар руу ч уруудаж мэдэх нөхцөл үүсээд байна.

Олон улсын зах зээл дээрх газрын тосны үнэ 55 руу уруудлаа гэхэд удаан хугацаанд хямд төсөр байхгүй гэсэн таамаг бас бий. Нэг талаас худалдааны дайн хурцдаж дэлхийн улс орнуудын эдийн засаг саармагжих магадлал өндөр байгаа. Энэ байдал эрэлтийг унагаж газрын тосны үнийг бууруулах шалтгаан болох нь ойлгомжтой. Гэвч нөгөө талд АНУ, ОХУ, ОПЕК-ийн геополитикийн тоглолтууд шатахууны үнэд савлагаа үүсгэсээр буй. Тодруулж хэлбэл худалдааны дайны хурцадмал байдал шатахууны үнийг буухад нөлөөлөх ч Трамп, Путин, Бен Салманы геополитикийн тоглолтууд ханшийг буцаагаад өсгөх хангалттай шалтаг болж мэднэ. АНУ Ираны эсрэг хоригоо чангалсаар байгаа. Иран хариуд нь “Бидэнд хатуу хандаад байвал дэлхийн нефтийн нийлүүлэлтийн 19 хувийг урсгадаг Ормудын хоолойг хаана” гэсэн мэдэгдэл хийж суугаа. Ханш бууж буй энэ үед Ормудын хоолойг хаачихвал эрэлт ихэсч, нийлүүлэлт татарч, газрын тосны үнийг эргээд өсгөх эрсдэлтэй. Мэдээж занараас хямд өртгөөр шатахуун гаргах технологийг атгасан АНУ зүгээр суухгүй. Нийлүүлэлтээ нэмэх тоглолт хийх нь бас тодорхой. Нөгөө талд ханш удаан хугацаанд унах нь ОПЕК-т ашигтай биш гэсэн бодит үнэн бий. Газрын тосны ханш 60-55 ам.долларын хооронд удаан хугацаанд хэлбэлзвэл ОПЕК-т ашиггүй. ОПЕК-ийн хувьд алдагдал хүлээгээд зүгээр суухгүй нь тов тодорхой. Нефтийн ханшийг өсгөхийн тулд нийлүүлэлтээ танах арга хэрэглэж таарна. Ингээд харахаар газрын тосны үнэ буух ч гэлээ, үнэ буусан таатай үе удаан үргэлжлэхгүй нь тодорхой байна.

Тэгэхээр газрын тосны үнэ буух энэ агшныг ашиглаж “хэжинг”-ийн аргыг ашиглах боломж Засгийн газарт байна. Засаг энэ үед ухаан сийлж дэлхийн улс орнууд, компаниудын ханшийн эрсдлээс хамгаалах зорилгоор ашигладаг “хэжинг”-ийг хийвэл бензиний үнийн өсөлтөөс айхгүй амьдрах боломж иргэдэд бий.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *