Өнгөрөгч УИХ-ын сонгулийн үеэр МАН-ын удирдлагуудтай холбоотой 60 тэрбум төгрөгийн асуудлаарх аудио бичлэг цацагдаж нийгэмд бөөн шуугиан тарьсан. Гэвч дараа нь тэд үүнийг эвлүүлэг гэж няцааснаар хэрэг намжаад байсан. Энэхүү бичлэгийг МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъяан олон нийтэд дэлгэсэн билээ. Тэрбээр 60 тэрбум төгрөгийн асуудлаар хэвлэлийн хурал хийлээ.
Хан-Уул дүүргийн иргэний шүүхээс А.Ганбаатар гэж хүнээс Нэр хүнд, алдар нэрийг гутаасан мэдээлэл цацсан учир уучлалт гуйхыг шаардсан нэхэмжлэл Э.Эрдэнэжамъяанд иржээ. А.Ганбаатар нь бичлэгт өөрийнх нь хоолойг эвлүүлсэн хэмээн нэхэмжлэлдээ дурджээ.
“Гэвч Нийслэлийн прокурорын газар өгсөн мэдүүлэгтээ өөрсдийнх дуу хоолой мөн байсан. Намын нөхдүүд нь аудио бичлэг хийж, дараа нь сүрдүүлж мөнгө нэхсэн” гэж хэлсэн хэмээн Э.Эрдэнэжамвъяан хэллээ. Түүнчлэн Ц.Сандуй гэсэн мэдүүлэгт “Хоёр жилийн өмнө намын үйл ажиллагааны стратеги төлөвлөгөөг боловсруулах албан бус баг ажиллаж, байхад болсон яриаг эвлүүлсэн” гэжээ.
“Ц.Сандуй, А.Ганбаатар нар тус бичлэгийг эвлүүлэг хэмээн удаа дараа мэдэгдэж байсан ч Нийслэлийн прокурорын шинжээч бичлэгийг эвлүүлэг хийсэн эсэхийг нотлох боломжгүй байна гэсэн. Энэ нь өөрөөр хэлбэл эвлүүлэг биш байна гэсэн үг шүү дээ” хэмээн Э.Эрдэнэжамъяан хэлэв.
Энэ бол гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэдэг байр сууриа одоог хүртэл баримталж байгаа бөгөөд 60 тэрбумын асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх дараа дараагийн алхамаа хийнэ гэлээ.
О.ӨНӨР