Categories
мэдээ нийгэм

Олон хүний амийг авч одсон ослын шалтгааныг тогтоохоор ажлын хэсэг байгуулагдав

Баруун-Урт-Улаанбаатар чиглэлийн зорчигч тээврийн том оврийн автобус өчигдөр Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт осолдсон байна. Автобусанд нийтдээ 48 зорчигч явсанаас, долоон сартайгаас 18 настай нийт 14 хүүхэд, хоёр жолооч зорчиж явжээ. Осол болсон даруйд таван хүн, эмнэлэг хүргэгдэх замдаа нэг хү нас барсан байна. Бусад зорчигчид бүгд хүнд хөнгөн гэмтэлийн зэрэгтэй эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд нийт 43 хүн Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдсэнээс хоёр хүн сэхээнд, найман хүн нуруу нугасны тасагт, есөн хүн тархи толгойны тасагт нийт 19 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Ослын шалтгааныг тогтоохоор Зам тээврийн яамны дэд сайд Х.Ержан, Авто тээврийн үндэсний төв, Сүхбаатар аймгийн тээврийн авто замын газар, орон нутгийн тээвэрлэгч “Дайчин сүйх” компанийн төлөөлөл орсон ажлын хэсэг байгуулагдан, хэргийн газар ажиллаж байгаа гэж албаныхан мэдээлж байна. Ажлын хэсгийнхэн осол гарсан шалтгаан, ослоос болж гэмтсэн иргэдийн эрүүл мэндэд анхаарч, яаралтай тусламж үйлчилгээ, бүх талын дэмжлэгийг үзүүлэн ажиллаж байгаа гэлээ.