Categories
мэдээ нийгэм

Олимпийн спортын дэлхийн шилдэг холбоо болов


Туркийн Анталья хотноо болж буй Олон Улсын гандболын холбоо (ОУГХ)-ны ээлжит XXXVI их хурлаар Монголын гандболын холбоонд “Дэлхийн шилдэг гандболын спортын холбоо”-ны цом, өргөмжлөлийг тус байгууллагын Ерөнхийлөгч, доктор Хассан Мусфата гардуулан өглөө.

Шагналыг тус их хурлын төлөөлөгчөөр оролцож яваа Монголын гандболын холбооны Ерөнхийлөгч, Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч, доктор Д.Жаргалсайхан гардан авчээ. Анх удаагаа хөгжиж байгаа орнуудын дунд гандболын спортын ийнхүү сонгон шалгаруулалтыг 2014-2017 оны ажлын үзүүлэлтийн хүрээнд явуулахад Монголын гандболын холбоо (МГХ) шалгаран энэхүү нэр хүндтэй шагналын эзэн боллоо. Гандболын спорт нь 1936 оноос эхлэн зуны олимпийн хөтөлбөрт орон зохиогдож байгаа багийн спортын үндсэн төрлийн нэг юм.

МГХолбоо нь өөрийн эх орондоо 2014 онд анх удаагаа ОУГХ-ны цомын төлөө тэмцээнийг хүлээн авч явуулан, баг тамирчидаа удаа дараа Азийн спортын наадам, олон улсын тэмцээнд явуулан, спортын хэрэглэл материалаар хангагдан, үндэсний хэмжээнд бүх насны ангилалаар УАШТ-ийг зохиож, олон улсын сургалтыг удаа дараа хүлээн авч, 2016 оноос эхлэн лигийн тэмцээнийг зохион байгуулж, хөгжлийн тусгай хөтөлбөр гарган төв, орон нутагт гандболын спортыг дэлгэрүүлэн хөгжүүлэхэд амжилт олж, Азийн болон олон улсын холбоодтой байнгын харилцаа холбоо сайтай ажиллаж ирсэнийг ОУГХолбоо үнэлэн ийнхүү эрхэм дээд шагналаа Монгол Улсад гардуулан олгох болсон байна.

Хөгжингүй орнуудын гандболын спортын холбоодыг мөн адил шалгаруулахад 2016 оны “РИО” олимпийн эмэгтэй төрөлд олимпийн аварга болж, өнгөрсөн 4 жилийн хугацаанд ОУГХ-ны гурван томоохон арга хэмжээг хүлээн авч явуулсан ОХУ-ын гандболын холбоог дэлхийн шилдэг спортын холбоогоор шалгаруулан шагналыг ОХУ-ын гандболын холбооны Ерөнхийлөгч С. Шишкаревт гардуулан өгчээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *