2024 оны Ази тивийн болон Душанбе Их дуулга тэмцээний аварга, “Абудаби-2024” Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальт, ШШГЕГ-ын Сүлд спорт хороо, Үндэсний шигшээ баг, “Импери” группийн тамирчин, ОУХМ Б.Баасанхүү “Парис-2024” зуны XXXIII олимпийн наадмын мөнгөн медальтан боллоо.
Тэрбээр эмэгтэйчүүдийн 48 кг-д С зоонд Мальтийн Е.Катринтатай учраа таарч цэвэр, хоёр дахь барилдаандаа Австрийн Кетрингийг цэвэр ялсан. Хэсгийн аваргын төлөө Парагвайн Нарваез Габрилатай барилдаж ялснаар зооны аваргын төлөө Испанийн Мартинез Абелендатай барилдаж, нэмэлт цагт ялалт байгуулсан. Улмаар Олимпийн наадмын алтан медалийн төлөө “Ханжоу-2022” Азийн наадмын аварга, “Доха-2023” Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Японы бөх Цунода Нацүмитай өрсөлдөж ялагдсанаар ийнхүү мөнгөн медаль хүртлээ. Б.Баасанхүүгийн хувьд олимпийн наадмаас жүдо бөхийн төрлөөр мөнгөн медаль хүртсэн Монголын жүдо бөхийн тав дахь тамирчин, жүдочдын олимпийн мөнгөн медальтай хоёр дахь эмэгтэй бөх болж буй аж.
Б.Баасанхүүгийн аав А.Бавуудоржтой ярилцлаа.
-Танд юуны өмнө нийт монголчуудынхаа өмнөөс дахин баяр хүргэе. Анхныхаа “Парис-2024”зуны XXXIII олимпоос таны охин Б.Баасанхүү мөнгөн медаль хүртлээ. Та сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Юуны өмнө охиндоо баяр хүргэе. Аав, ээж нь охиноороо маш их бахархаж байна. Улам их охиноо хайрлаж, үгээр хэлэхийн аргагүй баяр цэнгэлийг эдэлж байна. Энэ жил охин минь дөрөв дараалан түрүүлсэн амжилт үзүүлснээс гадна олимпийн мөнгөн медаль хүртсэнд үнэхээр их сэтгэл хөдөлж, маш их баяртай байна.
Улсын шигшээ баг, “Сүлд” спорт хороо,“Импери” групп зэрэг тусалж дэмжсэн бүх хүмүүст бүгдэд нь баяр хүргэе. Охиныг минь гардаж бэлтгэл сургуулилт хийлгэсэн Монгол Улсын гавьяат тамирчин М.Бундмаа багшид нь тусгайлан баяр хүргэе.
Мөн анх охиныг минь бөхийн спортод чиглүүлж, дурлуулсан эрхэм хүмүүс болох Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн биеийн тамирын багш, Алтан гадас одонт, Монгол Улсын шилдэг багш А.Даваадорж, Биеийн тамир спорт хорооны багш Б.Очирбат нартаа баярлалаа. Бидэнд баяр хүргэж буй хүн бүрд танай сониноор дамжуулан талархлаа илэрхийлье.
Охиныхоо олимпийн алтан медалийн төлөөх барилдааныг гэр бүлээрээ сэтгэл догдлон үзсэн. Олимпийн мөнгөн медаль хүртсэний дараа нь бид нутаг усаараа Мөрөнгийнхөө төв Чингүнжавынхаа талбай дээр цугласан. Манай Хөвсгөлийнхөн бүгд тэнд очсон байсан. Бид хамтдаа шөнөжингөө олимпийн мөнгөн медаль хүртсэн охиныхоо баярыг тэмдэглэж, баярын нулимстай огшиж хонолоо. Өөрийн сонирхол, дуртай зүйлээрээ хичээллэж энэ их амжилтад хүрсэн охиноороо бахархаж, сэтгэл огшин баярлаад л сууна. Охин минь энэ жил бэлтгэл сургуулилт сайтай, олимпийн бэлтгэлээ ч сайн хийсэн болохоор энэ удаа олимпдоо амжилттай оролцох байх гэж бодож байсан.Би охиндоо итгэж байсан.
Монголын ард түмэн их сайхан юм. Бүгд л манай гэр бүлд баяр хүргэж, утсаар залгах нь залгаж байна. Монгол оронд төдийгүй дэлхийн өнцөг булан бүрээс хүн бүр охинд минь баяр хүргэж байгааг цахим ертөнцөөс харах үнэхээр сайхан байна. Аав хүний хувьд хүн болж төрснийх охиноо олимпийн дэвжээнд гарч барилдаад медаль хүртэхийг харна гэдэг их хувь заяа. Үүнээс илүү жаргалтай сайхан зүйл гэж хаа байхав.
-Б.Баасанхүү Монголын тамирчдын медалийн салхийг хагалж, дахиад олон медалийг манай тамирчид “Парис-2024” зуны XXXIII олимпоос авах болов уу гэсэн хүлээлтийг бий болголоо.
-Энэ олимпийн анхны медалийг эх орондоо авчирч, анхны олимпоосоо мөнгөн медаль хүртсэн охиндоо дахин баяр хүргэе.Бүх боломжоо дайчилсан, миний охин мундаг байлаа. Охин минь Хөвсгөлийн Мөрөнгөөс төрсөн олимпийн анхны медальтан боллоо. Миний охин маш том амжилтыг үзүүллээ. Монгол түмнээ баясгалаа. Булган сүүлтэй байгаасай гэж хүсч байна. Тамирчид бүхэн олимпод амжилт үзүүлнэ гэсэн бодолтой бэлтгэл, сургуулилтаа хийж ирсэн. Тиймээс Монголын баг тамирчид бүгдээрээ олимпдоо амжилт гаргах болтугай гэж ерөөе.
-“Парис-2024” зуны XXXIII олимпийн наадмын нээлтийг монголчууд сэтгэл догдлон үзлээ. Зарим Монголын тамирчид нээлтийн ёслолд оролцож харагдахгүй байсан.
-Олимпийн нээлтийн ёслолын үйл ажиллагаанд барилдах цаг нь давчуу болсноос Монголын жүдогийнхон оролцоогүй юм билээ.
-Охинтойгоо олимпийн мөнгөн медаль авснаас нь хойш холбогдож чадсан уу. Сүүлд хэзээ холбоо барьсан бэ?
-Охинтойгоо медаль авснаас нь хойш холбогдож чадаагүй байна. Өнөөдөр (өчигдөр) холбоо барих болов уу гээд хүлээж байна. Парист очсоноос нь хойш жин хасах үед нь л охинтойгоо холбогдсон. Охинд минь айж, сандарч буй зүйл ажиглагдаагүй. Тухайн үед бид охиндоо амжилт хүссэн.
-Б.Баасанхүү тамирчин энэ удаагийн зуны XXXIII олимпод оролцохдоо хэдэн кг жин хассан бол?
-Ямар ч байсан тэмцээнд оролцохдоо дөрвөөс таван килограмм жин хасдаг. Түүнийгээ л хасаж оролцсон байх. Энэ удаа нэг их юм яриагүй.
-Охин тань олимпод оролцохоосоо өмнө гэртээ очсон уу. Сүүлд хэзээ охинтойгоо уулзсан бэ?
-Энэ зун охин минь гэртээ ерөөсөө ирээгүй. Дэлхийн аварга болоод ирэхэд нь очиж уулзсанаас хойш охинтойгоо уулзаагүй байна. Хятадын Хөх хотод 20 гаруй хоног олимпын бэлтгэл хийж ирээд, үргэлжлүүлэн Монголдоо бэлтгэлээ хийж байгаад л сая олимпдоо оролцохоор Парис явсан.
-Хэзээ эх орондоо ирэх вэ?
-Монголын тамирчид хоёр хуваагдаж ирэх болов уу. Эхний ээлжээр буюу ирэх наймдугаар сарын тавны хавьцаа Б.Баасанхүү эх орондоо ирэх байх гэж таамаглаж байна гэв.
“Парис-2024” зуны XXXIII олимпийн мөнгөн медальт, Дэлхийн аварга, Ази тивийн аварга Б.Баасанхүү “Анхны олимпдоо ороод мөнгөн медаль авсандаа маш их баяртай байна. Хэсгийн аварга хүртэлх барилдаануудаа бэлтгэл дээрээ багш нартайгаа хийж үзэж, давтаж, ярилцаж байсан мэхнүүдийг хийж хожсон. Сэтгэл их хангалуун байна. Чадах хүртлээ л барилдана гээд би өдөр бүр хичээж бэлтгэл сургуулилтаа хийж ирсэн. Хүн бүрд боломж байгаа шүү гэж хэлье. Улсын аваргаас хойш сэтгэл зүйчтэй ажиллаж байгаа. Хоол зүйч, сэтгэл зүйч бол тамирчин хүнд хамгийн хэрэгтэй байдаг.
Би эхний тойргоос эхлээд нэг л давчихвал, үүнийг л хожчихвол гэж барилдсаар байгаад финалийн шатанд үлдэж, их баярлаж, сэтгэл их хөдөлсөн. Тэр үедээ надад дахиад нэг барилдаан байгаа учир сэтгэл хөдлөлөө их дарсан. Би характергүй барилддаг. Финалийнхаа барилдаан дээр хэзээ ч өөрөөсөө гарч байгаагүй характер гаргаж, ширүүн барилдаж үзлээ. Үргэлж ард минь бат зогсож тусалж дэмждэг ард түмэндээ, гэр бүлдээ, баг хамт олондоо маш их баярлалаа” хэмээсэн юм.
Л.МИНЖМАА