Categories
гадаад мэдээ

Олег Белозеров “Оросын төмөр зам” нийгэмлэгийн тэргүүн болов

ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев өнгөрсөн пүрэв гаригт “Оросын төмөр зам” нийгэмлэгийн тэргүүн Владимир Якуниныг ажлаас нь чөлөөлөх тушаалд гарын үсэг зурсан билээ. Тэгвэл түүний оронд Олег Белозеровыг томилсон байна. Олег Белозеров уг албан тушаалд томилогдохоосоо өмнө ОХУ-ын Тээврийн яамны нэгдүгээр орлогч сайдаар ажиллаж байжээ.

Ерөнхий сайд Дмитрий Медведев Олег Белозеровыг хүлээн авч уулзахдаа “Таныг “Оросын төмөр зам” хувьцаат нийгэмлэгийн ерөнхийлөгчөөр томилсондоо таатай байна. Мөн таныг ОХУ-ын тээврийн яамны нэгдүгээр орлогч сайдын албанаас чөлөөлж байна. Та ажилдаа шууд орох болно. Маргааш гэхэд бүх ажлаа хүлээж аваарай” гэжээ.

“Оросын төмөр зам” нийгэмлэгийн ерөнхийлөгч Олег Белозеров гэж хэн бэ. Тэрээр 45 настай. Санкт-Петербург хотын Санхүү, эдийн засгийн их сургуулийг 1992 онд төгссөн. 1998-2000 онд “Ленэнерго” компанийн орлогч захирал, 2000-2002 онд Ерөнхийлөгчийн Тамгын газрын санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга, Санкт-Петербург хотын “Ломо” компанийн орлогч захирал, 2004 оноос “Оросын түлш” хувьцаат нийгэмлэгийн ерөнхий захирлаар тус тус ажиллаж байв. 2004 онд ОХУ-ын Холбооны замын агентлагын даргын орлогчоор томилогдож, арваннэгдүгээр сараас даргаар нь дэвшжээ. Харин 2009 онд Тээврийн яамны орлогч сайдаар томилогдож, 2015 оноос нэгдүгээр орлогч сайдаар ажиллах болжээ.

Өнгөрсөн долоо хоногт “Оросын төмөр зам” нийгэмлэгийн тэргүүн Владимир Якунин ажлаа сайн дураараа өгч буйгаа мэдэгдсэн юм. Энэ жил 67 настай В.Якунин “Оросын төмөр зам” хувьцаат нийгэмлэгийг 10 жил удирдсан. 2005 оны долдугаар сарын 14-нд “Оросын төмөр зам”-ын даргаар сонгогдохоосоо өмнө тус нийгэмлэгийн тэргүүн дэд ерөнхийлөгч, Тээврийн яамны дэд сайдын албыг хашиж байв. Владимир Якунин Калининград мужаас Холбооны зөвлөлд сонгогдохоор нэрээ дэвшүүлэхээр болжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *