Өвөрхангай аймгийн Уянга сумын Өлт гэх газарт байрлах “Аум Алт” компанитай ашиглалтын нөхөн сэргээлт хийлгэх, туслан гүйцэтгэх гэрээгээр ажиллаж байсан нэг аж ахуйн нэгж, 19 иргэний олборлолтын үйл ажиллагааг аймгийн Мэргэжлийн хяналтын газраас зогсоож, 35 экскаватор, 1 бульдозер, 34 ковш, 55 хүнд даацын ачааны автомашин болон гэр, усан буу, алт угаах тоног төхөөрөмж зэргийг буулгууллаа.
Тухайн иргэд, аж ахуйн нэгжийн олборлолт явуулж байсан газарт нөхөн сэргээлт хийж, орон нутагт хүлээлгэж өгөхийг “Аум Алт” ХХК-д даалгав.
Мөн тус суманд олборлолт хийж байсан “Баярс гоулд” компанийн үйл ажиллагааг МХЕГ-ын улсын ахлах байцаагчидтай хамтран шалгахад нөхөн сэргээлт хийгдээгүй, улсын байцаагчийн өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт хангалтгүй байв. Түүнчлэн “Аум Алт” компани ТЭЗҮ шинэчлэх шаардлагатай, зөвшөөрөлгүй блокоос олборлолт хийсэн зэрэг зөрчил илэрчээ. Иймд эдгээр компаниудын олборлолтын үйл ажиллагааг түр хугацаагаар түдгэлзүүлж, нөхөн сэргээлт хийх, зөрчил арилгахыг үүрэг болголоо.
“Аум Алт” ХХК нь 2016 онд 60 га, 2017 онд 80 га, 2018 онд 50 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийсэн бол 2019 онд 50 га, Баярс гоулд ХХК 15 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийж хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна.