Categories
гадаад мэдээ

ОХУ Умард Солонгосчуудыг нутаг буцааж эхлэв

Зураг

ОХУ НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн баталсан Пхеньяны эсрэг хориг арга хэмжээ авах тухай тогтоолыг дагаж мөрдөн умард солонгосчуудыг нутаг буцааж эхэлсэн гэж ОХУ-аас Умард Солонгост суугаа Элчин сайд Александер Мацегора мэдэгдсэнийг “Спутник” агентлаг уламжлав.

Элчин сайд А.Мацегора өнөөдөр сэтгүүлчдэд мэдэгдэл хийхдээ “Умард Солонгосын ажилчдыг нутаг буцаах нь Орост сөргөөр нөлөөлнө. Гэхдээ бид НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн шийдвэрийг хүндэтгэж, бүрэн дагаж мөрдөж байна” гэжээ.

Эх сурвалжийн мэдэгдсэнээр, ОХУ жилд Умард Солонгосын 15 мянга хүртэлх тооны иргэдэд виз олгодгийн 90 хувь нь богино хугацаанд ажиллах виз байдаг гэнэ. Одоогоор Орост Умард Солонгосын 35 мянган иргэн ажиллаж байгаа аж. Тэдний олонхи нь барилга, хөдөө аж ахуй, загасны аж үйлдвэрийн салбарт ажилладаг гэнэ.

Элчин сайд ярихдаа “Умард солонгосчууд оросуудтай адил хэмжээний цалин авдаг. Гэхдээ Умард Солонгосын нэг ажилтан цалингаараа дунджаар 13 хүнийг тэжээдэг” гэжээ.

Удаа дараалан баллистик пуужин харвасантай нь холбогдуулан умард солонгос ажилчдыг нутаг буцаахыг улс орнуудад уриалсан агуулга бүхий тогтоолын төслийг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл 2017 оны 12 дугаар сарын 22-нд баталсан билээ. Гадаад улс орнуудад ажиллаж буй умард солонгосчууд цалингаа эх орон руугаа явуулдаг бөгөөд энэ мөнгийг Умард Солонгосын эрх баригчид цөмийн хөтөлбөрөө санхүүжүүлэхэд ашигладаг гэж шинжээчид үздэг юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *