ОХУ Украин руу өнөөдөр халдан довтлох төлөвлөгөөтэй байгаа тухай АНУ-ын тагнуулын тайлан мэдээллийг тус улсын өндөр албан тушаалтнууд батлаагүй гэдгийг мэдэгдэв. Гэхдээ ОХУ-ын төлөвлөгөөний талаар мэдсэн зүйлсээ хуваалцах замаар “гэнэтийн халдлагаас” сэргийлэх оролдлого хийнэ гэжээ. Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан ОХУ Украин руу хэзээ ч халдан довтолж магадгүй гэдгийг давтан мэдэгдсэн бөгөөд ерөнхийлөгч Жо Байден Украиныг дэмжиж, Умард Атлантын гэрээний байгууллагын нутаг дэвсгэрийг хамгаална гэдгээ илэрхийлээд байна.
“Бид Оросууд хэдийд довтлох өдрийг яг таг урьдчилан таамаглах боломжгүй ч нөхцөл байдлыг ажиглаж эхлээд тодорхой хугацаа өнгөрч байна. ОХУ ойрын хугацаанд Украин руу халдан довтолж, тус улсад томоохон цэргийн ажиллагааг эхлүүлж болзошгүй хэвээр байна. Үүнд Олимпийн наадам дуусахаас өмнөх долоо хоног багтаж байна” гэж Ж.Салливан хэлжээ. Мөн Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби лхагва гаригийн товтой холбоотой мэдээллийг батлахаас татгалзсан ч ОХУ-ын цэргийн ажиллагаа хэзээ ч эхэлж магадгүй гэж ярьсан байна.
Украины асуудлаар цэргийн ажиллагаанаас зайлсхийх Өрнөд, Москвагийн сөргөлдөөнийг зохицуулах дипломат үйл ажиллагаа үргэлжилсээр байгаа юм. Тухайлбал, өнгөрсөн бямба гаригт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярьсан АНУ-ын төрийн тэргүүн Жо Байден мөн Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй утсаар ярьсан талаар АНУ, Украины албан төлөөлөгчид мэдээлсэн юм. Ж.Салливан, Ж.Кирби нарын хэн хэн нь Украиныг орхин явахыг америкчуудад анхааруулсан мэдэгдлийг давтан хийсэн бөгөөд 10 гаруй улс Украинаас иргэдээ татаж зарим томоохон нисэх компаниуд тус улсын дээгүүр нисэх нислэгээ зогсоогоод байгаа юм. Мөн Японы ерөнхий сайд Кишида Фүмио Украины байдалтай холбогдуулан өчигдөр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөө яаралтай хуралдуулсан аж.
Энэ тухай тус улсын сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Хироказү Мацүно “Токио Украины тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг тууштай дэмжиж байгаа бөгөөд нөхцөл байдалд хариу арга хэмжээ авахад Их Британи, Герман, Итали, Канад, АНУ, Франц зэрэг “Долоогийн бүлэг”-ийн бусад оронтой нягт хамтран ажиллахаар төлөвлөж” байгааг онцлон тэмдэглэсэн байна. Украины эргэн тойрон дахь нөхцөл байдлын талаар мэдээлэл цуглуулж, дүн шинжилгээ хийх хямралын штабыг Японы Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэргэд өнгөрсөн долоо хоногт байгуулжээ.