Categories
гадаад мэдээ

ОХУ цөмийн зэвсгийн байгууламжуудын үзлэгийг түр зогсоосноо мэдэгджээ DNN.mn

ОХУ-ын таван муж бүх нийтийн амралтыг сунгажээ

Орос улс, Стратегийн давшилтын зэвсэглэлийг хорогдуулах гэрээний хүрээнд хийгддэг үзлэг шалгалтад цөмийн байгууламжуудаа хамруулахыг түр хугацаагаар зогсоосноо АНУ-д мэдэгджээ. “Америкийн нутаг дэвсгэр дээр мөн ижил үзлэг явуулах Москвагийн эрхийг хангалгүйгээр, Америкийн талд дангаар давуу байдал үүсгэсэн нөхцлөөр энэ үзлэг шалгалтыг сэргээхээр Вашингтон мугуйдлан зүтгэж байгаа нь ОХУ-ыг ийм арга хэмжээ авахаас аргагүй болголоо” гэж Оросын ГХЯ-ны мэдэгдэлд тэмдэглэсэн байна.

Мөн энэ шийдвэрээ, Стратегийн давшилтын зэвсэглэлийг хорогдуулах гэрээний нэр бүхий заалтад нийцүүлэн гаргасан гэдгээ Москва мэдэгдэлдээ дурджээ. Вашингтоноос тавьж байгаа шаардлагууд нь цөмийн байгууламжуудад хийгдэх үзлэг шалгалтад эрх тэгш байх зарчмыг хангахгүй байна гэдгийг мэдэгдсэн боловч хариу өгөөгүй болохыг оросын тал мөн тодотгосон байна.

Үүний зэрэгцээ энэ арга хэмжээ нь түр хугацааных гэдгийг оросын Гадаад яам дурдаад, хяналт шалгалтын үйл ажиллагаатай холбоотой бүх асуудлыг гадны түншүүдтэйгээ харилцан зохицсоны дараа нэн даруй цуцлах болно гэдгийг заасан байна.

Харин АНУ Украинтай холбоотойгоор Оросын эсрэг тогтоосон хоригуудын улмаас энэ гэрээний тал дээр хоёр улсын хоорондын нөхцөл байдал өөрчлөгдсөн гэж мэдэгдэв.

Тухайлбал, АНУ төдийгүй Их Британи, Европын холбооны орнууд зэрэг холбоотнууд нь Оросын нисэх онгоцнуудыг нутаг дээгүүрээ нэвтрүүлэхийг хориглож агаарын орон зайгаа хаасан нь энэ гэрээг ёсчлон биелүүлэхэд саад учруулж байгаа нөхцөл болж байгааг Вашингтон мэдэгдсэн байна.

АНУ, ОХУ хооронд хүйтэн дайнаас хойш мөрдөгдөж байгаа гол ганц гэрээ болох Стратегийн давшилтын зэвсэглэл буюу цөмийн зэвсгийн нөөцийг хорогдуулах, хязгаарлах тухай 3 дахь гэрээний хүчинтэй хугацаа 2026 онд дуусгавар болно. Үүнтэй холбогдуулж Москва, Вашингтон хоёр шинэ гэрээний шалгуур нөхцөлүүдээр зөвшилцөж эхлээд байсан боловч Украины дайны улмаас энэ үйл явц тасарсан. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден саяны даваа гарагт дээрх гэрээг орлох шинэ системийн талаар “даруй ярилцаж тохироход өөрийнх нь засаг захиргаа бэлэн байгааг” мэдэгдсэн. Гэхдээ Оросын талаас мөн адил санаа зорилго илэрхийлэх шаардлагатай гэдэг байр суурь илэрхийлээд байгаа юм.

Үүний зэрэгцээ Орос, Америк хоёрыг энэ гэрээний хүрээний дагуух үзлэг шалгалттай холбоотой бүх асуудлаа шийдвэрлэж, шинжээчдийг нэвтрүүлэхийг НҮБ уриаллаа. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийн албан ёсны төлөөлөгчийн орлогч Фархан Хак Москвагийн дээрх шийдвэрт холбогдуулан ийм уриалга дэвшүүлснийг Риа “Новости” мэдээлсэн байна.

“Орос, Америкийн Цөмийн зэвсэглэлд хяналт тавих тухайд хоёр тал хооронд үйлчилж байгаа цор ганц хэлэлцээр гэдгээрээ энэ гэрээ олон улсын энх тайван, аюулгүй байдал болон цөмийн зэвсэг хураах, үл дэлгэрүүлэх дэглэмийн чухал бүрэлдэхүүн хэсэг. Тиймээс хоёр тал зөрчилдөөнтэй бүх асуудлаа шийдвэрлэж, энэ чухал гэрээний хяналт шалгалтыг хэрэгжүүлэх боломжийг шинжээчдэд олгох ёстой” гэж НҮБ-ын албан ёсны төлөөлөгч мэдэгдэлдээ цохон дурджээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *