Categories
гадаад мэдээ

ОХУ хамтарсан төслүүдэд Грект зээл өгнө

Грекийн ерөнхий сайд Алексис Ципрас ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай уулзав.

Грекийн ерөнхий сайд өчигдөр /IV.8/ Москвад айлчилсан нь олон улсын анхааралд байлаа. Ажиглагчид Алексис Ципрасын айлчлалыг Грекийн санхүүгийн хүндрэлийг даван туулахын тулд ОХУ-аас тусламж хүсэхээр ирсэн хэмээн таамаглаж байв. Харин ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин “Грекийн ерөнхий сайд Алексис Ципрас Афинд үүссэн өрийн хямралыг сааруулахын тулд Москвагаас санхүүгийн тусламж хүсээгүй” хэмээн мэдэгджээ. Гэхдээ ОХУ-ын зүгээс Гректэй эрчим хүчний салбарт хамтарсан том төслүүдэд Афинд зээл өгөх боломжийг авч үзэхээр амласан аж. Уулзалтын үеэр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Гректэй худалдаа, наймааны харилцаагаа сэргээж, эрчим хүчний том төслүүдэд хамтарч ажиллах олон арга замыг хэлэлцсэн байна. Хоёр орны хамтрах том төслүүдэд Турк-Грекийн хилээр татах “Туркийн урсгал” байгалийн хийн хоолойн ажил багтжээ. ОХУ нь Грекийн тэргүүлэх худалдааны хамтрагчдын нэг боловч Афины эдийн засгийн хүндрэлээс үүдэн хоёр орны худалдаа, наймаа 40 хувиар буурсан аж.

Грекийн ерөнхий сайд Алексис Ципрас Москвад айлчилсан нь Европын холбоог багагүй тэвдүүлсэн гэж хэлж болно. Учир нь Грекийн ерөнхий сайдыг Москвад ирсэн даруй Европын холбооны парламентын дарга Мартин Шульц түүнд Оросын эсрэг хоригийг зөрчихгүй байхыг сануулсан юм. Хариуд нь Алексис Ципрас “Грек бол өөрийн гадаад бодлоготой тусгаар улс. Гэхдээ олон улсад хүлээн үүрэг хариуцлагаа хүндэтгэнэ” хэмээжээ. Алексис Ципрас Европын холбоонд хандан ОХУ-ын эсрэг тавьсан эдийн засгийн хоригийн “чөтгөрийн тойргийг” дуусгахыг шаардсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *