Categories
мэдээ улс-төр

ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар Монголын ахмад дайчдыг одонгоор шагналаа

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины зарлигаар 1945 оны дайнд оролцсон Монголын 347 ахмад дайчинд “Аугаа эх орны дайны ялалтын 70 жилийн ойн медаль” гардууллаа. Ахмад дайчдын төлөөлөл болгон өнөөдөр Хан-Уул, Баянзүрх дүүргийн 55 ахмад дайчинд ойн медалийг гардуулан өглөө. Медалийг ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Азизов Искандер Кубарович ахмад дайчдад гардуулан өгч, баяр хүргэлээ.

Монгол Улс дахь ОХУ-ын Элчин сайдын яамны байранд болсон 70 жилийн ойн медаль гардуулах ёслолын арга хэмжээнд Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар оролцож үг хэлсэн. Үлдсэн 200 гаруй ахмад дайчиддаа энэхүү хүндтэй шагналыг ирэх тавдугаар сарын 9-нийг хүртэл хэсэг, хэсгээр нь хувааж өгөх юм байна.

Элчин сайд Азизов Искандер Кубарович хэлсэн үгэндээ “Бид нар хамтдаа дайтаж явсан 1945 оны эх орны дайны ялалтын 70 жилийн ой угтаж байна. Энэ дайнд Монгол цэргүүдийн оруулсан үүрэг оролцоо маш их байсан. Хамгийн гол нь энэ бүхний утга учир нь манай хоёр орны найрамдал, цусаараа гагнагдсан хоёр орны цэргүүдийн оролцоо байсан юм шүү. Үүнээс цааш манай хоёр улсын найрамдалт харилцаа батжих цоо шинэ зам хүлээж байгаа нь дамжиггүй. Хамгийн харамсалтай нь бидний цусаар гагнагдсан найрамдлын маань амьд гэрч болсон ахмад дайчид жил ирэх бүрт цөөрсөөр байна. Гэвч цаг алдахгүй бид тэмдэглэлт үйл явдлыг цаашид хамтдаа хуваалсаар байх болно. Та бүхэндээ Аугаа эх орны дайны ялалтын 70 жилийн ойн баярын баярын мэнд хүргэе. Биднийг илүү шинэ харилцаа, бат найрамдал, шинэ ирээдүй угтах болно гэдэгт найдаж байна” гэсэн юм. Аугаа эх орны дайнд оролцож явсан ахмад дайчид шагналаа авсаныхаа дараа ийн ярьсан.

Бэлтгэл хурандаа Ц. Алтангэрэл:

-Эх орны дайны хүнд бэрх жилүүдэд би Орос ах нартай мөр зэрэгцэн тулалдаж явснаараа бахархдаг. Дайн эхлэх үед би Москва хотод оюутан байсан юм. Сайн дураараа улаан армид элсч, дайны хүн бэрхийг хамтдаа туулсан даа. Дайнд германууд шүдээ хүртэл зэвсэглэн оролцож байсан бол улаан армийн хувьд учир дутагдалтай зүйл их байсан юм. Зөвлөлтийнхөн цэрэг зэвсэг техникийн хувьд хоцрогдмол байсан санагддаг. Туршлагатай жанжнуудаа хэлмэгдүүлээд барьж хорьсон, туршлага муутай залуу офицерууд удирдаж байсан даа. Уг нь би уугуул Төв аймгийн хүн. Орост оюутан болсон жил маань дайн эхэлж, оюутнуудын сайн дурын отрядад тулалдаж явсан. Ганц Москва төдийгүй бусад 3-4 хотыг хамгаалах үйлст оролцож байлаа. Хожим нь Баруун фронтод сайн дураараа тулалдсан. Тэнд гурван жил шахам байлдаад баруун мөрөндөө шарх авч байсан. Тулалдахын зэрэгцээ цусаа өгч, донор болсон. Тэрхүү үйлсээрээ би цөөнгүй хүний амийг аварсан байх гэж өөрөөрөө бахархаж явдаг даа.

Бэлтгэл хурандаа Д.Дэнзэн:

-Би Булган аймгийн Хутаг-Өндөр сумын уугуул хүн. Эх орны дайны хүнд жилүүдэд тулалдаж явсан бидэнд Эх орны дайны 70 жилийн ойн медаль гардуулж байгаад баяртай байна. Армид 18 наснаас 65 нас хүртлээ тасралтгүй ажилласан. Их бууны үйлдвэр, зэсвгийн төв склад зэрэг онц чухал газруудад ажиллаж байгаад хожим нь Цэргийн ерөнхий сургуульд олон жил багшилсан. Ахмад дайчид бидэнд жил бүрийн тавдугаар сарын 9-ний өдөр хүндэтгэл үзүүлдэг ОХУ-ын Элчин сайд, тус яамны ажилтнуудад талархаж явдаг даа.

Цыренова Софья Малановна:

-“Хүнд бэрх дайны жилүүдэд хүүхдүүд ерөөсөө урваагүй юм” гэж Монголын хүүхэд багачууд дуулдаг даа. Яг л түүнийг батлах нэгэн бол би юм. Дайн эхлэхэд би 11 настай байсан. Аав маань фронтод, ээж дараа нь нас бараад бид ах дүү наймуулаа өнчин хоцорч байсан юм. Эрчүүд дайнд мордож, арын албыг эхчүүд үүрч явахад хүүхдүүд мөн ч их тусалсан даа. Одоо бол барагтай эр хүний хийхээргүй хүнд бэрх ажлыг хүүхдүүд хийдэг байсан юм. Тэр үед би Улаан-Үүдийн ойролцоох нэгэн жижиг хотод амьдардаг байсан. Дайны дараа надад гарамгай ажилласны төлөө медаль гардуулж байсан. Хожим нь Улаанбаатарт ирж, орос хэлний багшаар ажилласан.

С.Цэгмэд:

-Севердловскийн фронтод бэлэг гардуулж өгөх бүрэлдэхүүнд багтаж, эх орны дайны фронтод хөл тавьсан цөөн хүний нэг болохоор намайг “фронт” гэж хочилдог болсон юм. 19 насандаа аварга саальчин болсон болохоор монгол түмнийхээ чин сэтгэлийн бэлгийг Зөвлөлтийн дайчдад хүргэх хувь завшаан надад тохиосон нь тэр юм. 1945 оны арванхоёрдугаар сард маршал Х.Чойбалсангаар ахлуулсан хүмүүс 215 вагон бэлэг авч Севердловскийн фронтод очсон юм. Тэдгээр хүмүүс дунд таван л эмэгтэй байсны нэг нь би. Тэгээд л фронт хочтой болсон юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *