ОХУ-д гарсан ойн түймрийн талбай одоогийн байдлаар 8 сая га даваад байна гэж Ойн аж ахуйн агентлагийн дарга Иван Советников “Известия” сонинд ярилцлага өгөхдөө мэдээлжээ.
“Энэ жилийн гал түймрийн улирал ажиглалтын түүхэн дэх хамгийн хүнд хэцүү улирлуудын нэг байлаа. Түймрийн талбай 8 сая га-гаас давсан. Бүгд Найрамдах Саха Улс /Якут/, Эрхүү мужид байдал хамгийн хүнд байв. Улирлын сүүлчээр түймрийн талбай бүр ч том болно” гэж Оросын Ойн аж ахуйн агентлагийн дарга ярьсан байна.
Тэрбээр мөн түймрийн талбайд ой модны 10-15 орчим хувь нь үхсэн болохыг тодруулжээ.
“Түймэр дууссаны дараа бид өртсөн бүх хэсгээр явж, хэчнээн мод үхэж, хэд нь амьд үлдсэнийг шалгана. Үүний дараа бид хохирлыг тооцно” гэж Советников нэмж хэлсэн байна.
Якут нь ОХУ-ын түймрийн хамгийн аюултай бүсүүдийн нэг юм. Якутын иргэдэд долоодугаар сарын 1-нээс ойд очихыг хориглосон бөгөөд ойн түймэр суурин газар, эдийн засгийн байгууламжийн нутаг дэвсгэр лүү орж ирсэнтэй холбогдуулан бүс нутгийн хэмжээнд онцгой байдлын дэглэм тогтоожээ. Түүнчлэн Якут, Эрхүү мужид ойн түймэр гарсан холбогдуулан наймдугаар сарын 13 -наас эхлэн бүс нутаг хоорондын онцгой байдлын дэглэмийг нэвтрүүлсэн байна.