МУИС-ийн Генийн инженерчлэлийн лабораторийн эрхлэгч Доктор О.Одгэрэлтэй ярилцаа.
-Биотехнологич, генийн инженер мэргэжлийг яагаад эзэмших болов. Биологийн хичээлд илүү сонирхолтой хүүхэд байв уу?
-Тийм ээ. 10 жилийн сурагч байхдаа биологийн хичээлд илүү сонирхолтой байсан. Тийм ч учраас энэ чиглэлийн мэргэжил сонгож их сургуульд орсон. Тэр үед Баярлхагва, Мөнгөнсүх багш нар маань энэ генетикийн салбарт илүү дур сонирхолтой болгосон доо. Хичээлээ их өвөрмөц байдлаар заадаг байсан.
-Энэ мэргэжлийн талаар товч таницуулахгүй юу?
-Генийг өөрчилж хувиргаад, генээс бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх үйл явцыг хийдэг гэж ойлгож болно. Энэ төрлийн мэргэжилтнүүд Монголд олон байдаг ч яг ажиллаж буй нь цөөн. Сүүлийн үед генетикийн инженерийн мэргэжлийг сонирхож суралцаж байгаа оюутнууд олон болсон нь сайшаалтай. Бүр дунд сургуулийн хүүхдүүд ч надаас энэ мэргэжлийн талаар асууж зөвлөгөө авч байсан удаа олон. Олон улсад генетикийн инженерийн мэргэжлээр суралцах сонирхолтой оюутнууд ч байдаг.
-Та энэ салбарын залуу эрдэмтэн хүн. Хийж бүтээсэн эрдэм шинжилгээ, судалгааны ажлууд олон байгаа болов уу. Энэ талаараа танилцуулахгүй юу?
-Германд докторт суралцаж байхдаа эрдэмтэдтэй хамтарч хийсэн ажлууд гэж хэсэг юм бий. Яг өөрөө санхүүжилтээ босгоод, оюутнуудтай хамтарч ажиллаад бүтээсэн ажил ч байгаа. Энэ ажлууд хоорондоо их өөр ялгаатай л даа. Германд хийсэн ажил гэвэл хулганы генийг өөрчилж, тухайн өөрчилсөн генээс шалтгаалж хулганад ямар өөрчлөлт явагдаж буйг судалдаг ажил байсан. Энэ илүү суурь судалгааны чиглэл байсан гэж хэлж болно. Хажуугаар нь стем селл вөөдл эсийн судалгаануудыг хийдэг байсан. Ийм ажлууд Монголд хийгдэх шаардлагагүй л дээ. Миний Монголд ирээд хийж буй хамгийн том ажил бол анх удаа генийн инженерчлэлийн технологиор энтерпром гэж эм бүтээсэн явдал. Энэ нь хүний цагаан эсээс ялгардаг уураг. Энэ уургийг хавдрын өвчин, янз бүрийн вируст халдварын үед эм болгож хэрэглэдэг. Үүнийг бүтээснээрээ монгол эрдэмтэд хамтраад генийн инженерчлэлийн аргаар ямар нэгэн бүтээгдэхүүн хийх, үйлдвэрлэх чадвартай боллоо гэдэгээ харуулсан. Үүнийг Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн био бэлдмэлийн үйлдвэрт үйлвэрлүүлж олон улсын стандартын дагуу хөндлөнгийн лабораториор баталгаажуулаад сертификатаа аваад байгаа. Улмаар бид энэ үйлдвэрийн техник эдийн засгийн үндэслэлийг хийлээ. Үйлдвэрийн технологи зураглалыг хийсэн. Энэ ажлуудыг Эрүүл мэндийн яам, БСШУсЯ-аас хэрэгжүүлж буй цөм технологийн төслийн хүрээнд гүйцэтгэсэн.
-Хулганы генийг өөрчилсөн гэхлээр сонирхолтой санагдаж байна. Энэ судалгааг хэр хугацаанд хийсэн бэ. Ач холбогдол, зорилго нь юу байсан бол?
-Энэ суурь судалгаа л даа. Хулганы VSIJ 1 гэсэн генийг дотор нь устгана. Гэхдээ эхлээд констрактуудыг хийгээд вөөдл эсрүү шилжүүлж үүнийг хөврөл рүү оруулаад хулгана гаргаж авдаг. Улмаар хулгануудаа үржүүлж гаргадаг юм л даа. Энэ бол 11 жилийн хугацаа шаардсан ажил. VSIJ гэсэн хулганыг гаргаж авахад хулганы биед юу болж байгааг судалдаг. Үүнийг үзэхэд ходоодонд нь хавдар үүссэн байсан. Ингээд үзэхэд VSIJ нь ходоодны хавдырг дарангуйлж буй гень болох нь харагдаж байгаа юм. Яваандаа энэ нь ходоодны вөөдл эст нийлэгждэг ген болох нь тодорхой болсон. Хүн 22600 орчим мянган гентэй. Тэр бүхний үүргийг мэдэх ёстой байдаг. Ерөнхийдөө биологийн шинжлэх ухааны хамгийн анхны зорилго энэ. Шинэ мэдлэг үүсгэж байна гэсэн үг шүү дээ. Үүнд л хувь нэмэр оруулж байгаа хэрэг. Монголд иймэрхүү ажлыг хийх шаардлага байхгүй. Бид илүү мөнгө олох ажилд явах шаардлагатай. Монголчууд гаднаас юу худалдаж авч байна, хамгийн том валютын гадагшлах урсгал юунд зарцуулагдаж байна гэдгийг судалж тухайн технологийн үйлдвэрлэлийг Монголд хөгжүүлэх ёстой.
-Та судалж гаргасан эмээ илүү тодорхой танилцуулахгүй юу. Ач тус нь юу бол?
-Элэгний “C” вирусийн эм Монголд орж ирэхээс өмнө өндөр ач холбогдолтой байсан. “C” вирусийн эм 2014 онд орж ирээд үндсэндээ ач холбогдол нь унасан. Олон улсад ч ялгаагүй л дээ. Үүнээс өмнө “С” болон “D” вирусийг устгахад тогтмол хэрэглэдэг байсан. Жишээ нь, Эбола вирус 2014 онд дэгдсэн шүү дээ. тэр үед бидний бүтээсэн энтерпроор л эмчилж байсан. Үүнийг цусны цагаан эсийн хавдрын үед хэрэглэдэг. Энэ нь хүний дархлааг дэмжиж, вирусийн халдвар авсан эсүүдийг цагаан эсд барьж өгдөг. Хоёрдугаарт, эрүүл эс өвчтэй эс хоёрын хооронд хил тогтоож өгөөд хамгаалдаг үйл ажиллагаатай эм.
-Хийж бүтээсэн ажил олон байгаа юм байна. Монголын генетикийн эрдэмтдийн ур чадвар олон улсад аль хэр үнэлэгддэг вэ?
-Бусад улстай харьцуулаад шалгаж байгаагүй л дээ. Гэхдээ их хоцрогдоод байгаа асуудал байхгүй. Монгол эрдэмтэд хилийн чанадад очоод сурахдаа бусад орны эрдэмтдийг бодвол илүү хурдан суралцдаг сайн талтай. Харамсалтай нь яваандаа “зэврэх” гээд байдаг талтай.
-Энэ юутай холбоотой вэ. Олон улсын хэмжээнд боловсрол эзэмшсэн эрдэмтдээ дэмжээд, ажиллах нөхцөл боломжоор хангаж өгдөг үү. Энэ талаар та ямар байр суурьтай байдаг вэ?
-Жишээ нь, БНХАУ Монгол хоёрыг харьцуулъя л даа. Сүүлийн үед БНХАУ-ын их дээд сургуулиас боловсорч гарсан, био технологийн үйлдвэрийн эрдэмтэд хүчтэй гарч ирж байна. Энэ нь Хятад хүн онцгой ухаантай даа биш. Тэд системийн хүрээнд үүнийг хараад бий болгож чадаж байна. Хүн бол тухайн системийн нэг л хэсэг. Тиймээс эрдэмтдээ харьцуулахад дундаж монгол эрдэмтэд дундаж Хятад эрдэмтнээс илүү. Гэхдээ системийг ингэж босгож байгаагийн хувьд Хятадын төр, нөөц бололцоо чадал нь өөр. Тиймээс тухайн био технологи, генетикийн инженерийн салбарыг хөгжүүлнэ гэдэг зөвхөн эрдэмтдээс хамаардаг зүйл биш. Тиймээс төр засаг биднийг огт дэмжихгүй байна гэж хэлж болохгүй. Боломжийнхоо хүрээнд дэмжиж байгаа. Гэхдээ боломжгүй зүйл гэж байна шүү дээ. Бид суурь судалгааны чиглэл хөгжүүлээд алдагдалтай л даа. Үндэсний стратеги гэдэг утгаараа ашигтай байж болох ч мөнгөний хувьд алдагдалтай. Тэр мөнгөний алдагдлыг нөхөх хэмжээний хөрөнгө манайд байхгүй. 1990-ээд онд ОХУ манайх хоёрын био технологи бараг ижил түвшинд байсан. В.Путин гарч ирээд Ростехнологи компанийн харьяанд олон жилийн түүхтэй Эфитимлогийн хүрээлэнг шууд оруулсан байна лээ. Энэ хүрээлэн нь судалгаагаа хийхийн хажуугаар, үйлдвэрлэл явуулаад эхэлж байгаа юм л даа. Одоо Монголд зарагдаж байгаа ихэнх молекул биологийн оношлуурууд бүгд Эфитимлогийн хүрээлэнгийн инновацийн бүтээгдэхүүн. Үүнийг л манайхан авч хэрэглэдэг. Гэтэл манайд үүнийг хийх бүрэн боломжтой, их амархан. Гагцхүү зохион байгуулалтын л асуудлууд байгаа.
-Энэ мэргэжлийн давуу тал, онцлог юу вэ?
-Магадгүй гадаадад энэ мэргэжлийг эзэмшсэн хүн өндөр цалин авдаг байх. Манайд бол хөдөө аж ахуйн салбарт их анхаарч байна шүү дээ. Малын гаралтай түүхий эд боловсруулах, малын вакцин хийх гэх мэт. Үүнд энэ төрлийн мэргэжилтнүүд шаардлагатай байгаа. Хиймэл үр тогтоох, ихэрлүүлэх технологиуд дээр ажиллаж болдог. Эсвэл мах, сүү хадгалалтын технолги дээр ч ажиллах боломжтой. Био технологич хүн энэ салбарт хэрэгцээтэй байдаг.
О.ДАШНЯМ