Categories
мэдээ нийгэм

Охид эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалах чиглэлээр Олон улсын байгууллага хандив өгнө

Дэлхийн эмэгтэй гайд, эмэгтэй скаутын хөдөлгөөнийг (ВАГГГС)дэмжигч Ази, Номхон далайн орнуудаас долоон улсын төлөөлөгчид өнөөдөр Монголын эмэгтэй скаутын холбоонд хандив өргөх гэж байна.

Уг байгууллага нь охид эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм. Энэ хүрээнд хүчирхийллийн эсрэг сургалт, семинар зохиож, хүчирхийлэл гэж юу вэ, юуг хүчирхийлэл гэж үзэх вэ, хүчирхийллийг яаж ялгах вэ гэдэг талаар ойлголт өгдөг байна.

Энэ талаар дэлхийн эмэгтэй гайд, эмэгтэй скаутын холбооны Ази, Номхон далайн бүсийн дарга Чин чин вэ онг-оос тодрууллаа.

-Яагаад Монголд ирэх болов оо?

-Дэлхийн эмэгтэй гайд, эмэгтэй скаутын холбоонд хамаарах Ази, Номхон далайн бүсийн орнуудыг“Андууд” хэмээх бүлэг хариуцдаг. Ази номхон далайн бүсэд 26 орон багтдаг. Энд Монгол Улс орно. Андууд бүлэг нь жил бүхэн тодорхой орнуудад очиж арга хэмжээ зохиож хөрөнгө босгож өгдөг. Өөрөөр хэлбэл жил бүхэн хамгийн хэрэгцээ шаардлагатай орнуудад очиж тусламж дэмжлэг үзүүлдэг. Энэ жил бид Монголыг сонгосон. Бидний өгсөн хандиваар монголын эмэгтэй скаутын холбоо охид эмэгтэйчүүд рүү чиглэсэн хүчирхийллийн эсрэг үйл ажиллагаанд зарцуулах байх. Бид үүнийг дэмжиж хандив өгнө. Монголд ирснээр Монголын Эмэгтэй Скаутын Холбооны охид, залуу эмэгтэйчүүдийг Дэлхийн энэхүү хөдөлгөөний аргаар манлайлагч, зөв төлөвшилтэй, багаар ажиллах чадвартай, өөртөө шийдвэр гаргагч, бусдад цаашлаад нийгэмдээ эерэг нөлөөлж өөрчлөлтийг хийдэг, нийгэмдээ тустай, хариуцлагатай хүн болж төлөвших бүхий л чадваруудаа хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр болохын зэрэгцээ ЕБС-ийн янз бүрийн насны охидын эцэг эхчүүдийг, залуу оюутнуудын сайн дурын оролцоог нэмэгдүүлж, дэмжигч удирдагч, насанд хүрэгч удирдагчаар сургаж бэлтгэхэд ихээхэн тус нэмэр болно хэмээн үзэж байна.

-Дэлхийн аль улс оронд охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл их байдаг вэ? Хөгжил дорой улс орнуудад их байх тохиолдол бий юу?

-Бид дэлхий даяар 150 гаруй орны 10 сая гишүүнтэй том байгууллага. Үүний гишүүн орон Монгол Улс. Хүчирхийлэл бол хөгжингүй, өндөр хөгжилтэй орон гэдгээс шалтгаалдаггүй. Эмэгтэйчүүд хүчирхийллийн эсрэг зоригтой дуугарч, санаа бодлоо хэлэх ёстой. Бид өмнө нь охид, эмэгтэйчүүдэд юуг хүчирхийлэл гэх, хүчирхийллийг яаж ялгах вэ, үүнээс хэрхэн сэргийлэх вэ гэдэг талаар сургалт зохиож ур чадварын тэмдэг олгож байсан. Цаашдаа ч энэ чиглэлээр сургалт хийх болно.

-Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл яагаад ихсээд байна вэ?

-Манай байгууллага эмэгтэйчүүд рүү чиглэсэн дэлхийн хамгийн том эмэгтэй скаутын холбоо. Энэ утгаараа охидын эсрэг хүчирхийллийг зогсооё гэсэн кампанит ажлыг өрнүүлж байгаа. Энэ хүрээнд тодорхой хөтөлбөр гаргаж, улс орнуудад сургалт сурталчилгаа зохиож, охидод энэ талаар мэдээлэл өгч байна. Бид өмнө нь 2013 онд НҮБ-ын эмэгтэйчүүдийн байгууллагатай хамтраад “Хүчирхийллийн эсрэг дуу хоолой” нэртэй том сургалтын хөтөлбөр бий болгосон. Энэ нь албан бус боловсролоор дамжуулаад залуу эмэгтэйчүүдэд боловсрол олгох хөтөлбөр юм.

-Дэлхийн эмэгтэй скаутын байгууллага цаашдаа эмэгтэйчүүд рүү чиглэсэн ямар үйл ажиллагаа зохион байгуулах вэ?

-Охид, эмэгтэйчүүд ихэвчлэн гудамж талбайд явж байхдаа хүчирхийлэлд өртдөг гэсэн судалгаа гарсан. Тэд хэлэхдээ “Гудамжаар явахад хүмүүс өмссөн хувцсаар нь доромж үг хэлэх, алхаа гишгээ зэргийг шүүмжлэх, бие махбод болон сэтгэлзүйн хувьд дарамттай байдаг” талаар хэлсэн. Тиймээс энэ жил охид эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг “Аюулгүй гудамж ” сэдвийн доор дэлхий даяар арга хэмжээ зохион байгуулах болно.

-Охид, эмэгтэйчүүд хүчирхийллээс өөрийгөө хэрхэн хамгаалах вэ?

-Хүчирхийлэл гэж юу болох, юуг хүчирхийлэл гэж үзэх зэргийг өөрөө судалж мэдэх, үүний эсрэг хүчтэй дуу хоолойгоо илэрхийлж байж эмэгтэйчүүд өөрсдийгөө хамгаалах болно. Хүчирхийлэл гэдэг бол дан бие махбодод үйлдэгддэг зүйл биш. Жишээ нь анги хамт олны дунд, найз нөхдийн хооронд бие биенээ гадуурхах нь хүчирхийлэлд тооцогддог. Түүнчлэн охидыг муухайгаар шоолох, элдэв бусаар тоглох зэрэг бол мөн адил хүчирхийлэлд тооцогддог болохыг мэдэх хэрэгтэй. Бид нас насны ангилалаар сургалт семинараа зохион байгуулдаг. Аль насанд юуг ойлгуулах вэ гэдэг талаар тусгай хөтөлбөртэй.

-Танай байгууллагын зорилго, ач холбогдол нь юу вэ?

-Дэлхийн Эмэгтэй Гайд, Эмэгтэй Скаутын Холбоо нь ЕБС-ийн 8-17 насны охид болон 18-30 насны залуу эмэгтэйчүүдийгманлайлагч, багаар ажиллах чадвартай, өөртөө шийдвэр гаргагч, нийгэмдээ эерэг нөлөөлж, өөрчлөлтийг хийдэг, нийгэмдээ тустай, хариуцлагатай зөв хүн болж төлөвших бүхий л чадваруудаа хөгжүүлэхэд нь дэмжих зорилготой байгууллага.

Б.ОЮУНЖАРГАЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *