Улсын хэмжээнд өнгөрсөн онд 121 удаагийн ой, хээрийн түймэр гарч, 311,8 мянга га талбай түймэрт өртөж, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад 24,2 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Өмнөх онтой харьцуулахад шатсан талбай 45,2 хувиар, учирсан хохирлын хэмжээ 38,8 хувиар тус тус буурчээ.
Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн урьдчилан сэргийлэх мэдээллээр 2,3,4,5 дугаар саруудад Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод, Завхан зэрэг аймгийн ихэнх нутгаар дундаж орчим, бусад нутгаар 1.0-1.5 градус дулаан байх төлөвтэй байна. Олон жилийн дунджаар Увсын зүүн, Архангайн өмнөд, Булган, Хэнтийн зүүн хойд, Өвөрхангайн хойд, Сэлэнгийн баруун хэсгээр 21-30 мм, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дундговь, Дорноговийн ихэнх нутгаар, Завханы баруун, Өвөрхангай өмнөд хэсгээр 3-12 мм, бусад нутгаар 12-21 мм хур тунадастай, хаврын улиралд нийт нутгаар хуурайшилтын зэрэг өндөр байх мэдээллийг ирүүлсэн.
Тиймээс Монгол Улсын шадар сайд, Улсын Онцгой Комиссын дарга Ө.Энхтүвшин “Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээий талаар” албан даалгаварыг гаргалаа.
Албан даалгаварт ой хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, бэлтгэл бэлэн байдлыг хангаж, гал түймэр унтраах зохион байгуулалтыг эртнээс сайжруулах, бүх шатны төрийн болон төрийн бус байгууллага, олон нийтийн оролцоог нэмэгдүүлж ажиллахыг БОАЖЯ, БХЯ, Хил хамгаалах ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газрын дарга нар болон аймаг, нийслэлийн засаг дарга нарт холбогдох арга хэмжээ авч, хамтран ажиллахыг үүрэг болгожээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.