Онцгой байдлын албаны удирдах албан тушаалтнуудтай холбоотой, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан хэргүүдийг АТГ-аас шалгасан билээ. Уг хэрэг прокурорын шатанд хянагдаж дуусаад шүүхэд шилжсэн аж. Тодруулбал, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын хэлтсийн даргаар ажиллаж байсан, хурандаа Б нарт холбогдох хэргийг шалгаж дуусаад прокурорын хяналтад шилжүүлжээ. Тэднийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж ээлжийн амралтаараа БНСУ руу явсан алба хаагчдад ээлжийн амралтын үндсэн хоног дээр нэмж чөлөө олгоод зогсохгүй, чөлөөтэй байсан алба хаагчдыг ажилласан мэтээр цалинг нь бодуулж, хандив хэлбэрээр түүнийгээ буцаан авч, хувьдаа завшиж байсныг мөрдөн байцаалтаар тогтоожээ.