Түүнийг мөрөөдлөөрөө амьдарч буй нэгэн гэж тодорхойлмоор байна. Амьдралын олон бэрхшээлтэй тулгарсан ч хичээл зүтгэлээрээ өөрийгөө бүтээж, өдгөө Харвардын их сургуулиас номын дуу сонсож буй 5 мэргэжил эзэмшсэн .Цацралтай ярилцлаа.
-Өөрийг тань влогчин, мөн дэлхийн шилдэг их сургуульд суралцдаг гэдгээр нь зарим хүмүүс мэддэг байх. Эдгээр тодорхойлолтуудаас гаднах Д.Цацрал гэдэг хувь хүнийг уншигчдад танилцуулвал?
-Намайг Оюундалай овогтой Цацрал гэдэг. Саяхан 11-р сард АНУ-ийн Калифорни мужийн “Америка Олон Улсын их сургууль”-д 100 хувийн тэтгэлэгтэйгээр магистрын зэргээр суралцаж төгслөө. Мөн Харвардын их сургуулийн бизнесийн сургуульд хагас цагийн оюутанаар сурч байгаа. Миний хувьд Монголд гурав дахь их сургуульдаа суралцаж байгаад энд үргэлжлүүлэн суралцсаар нийтдээ таван мэргэжил эзэмшсэн байна. Хоёр мэргэжлээрээ одоо ажиллаж байна. Мөн чөлөөт цагаараа эрүүл, зөв хооллох, англи хэл сурах, АНУ-д ажиллаж, амьдрах, тэтгэлэгтэй суралцах талаар влог хийдэг. Хүмүүнлэгийн ажлыг мөн 11 жил тасралтгүй хийж байна. Товчхондоо иймэрхүү.
-Харвардын их сургуульд суралцаж байгаа юм байна. Мөн гадаад, дотоодын их дээд сургуулиудад таван өөр чиглэлээр мэргэшсэн гэхээр сонирхол татаж байна. Ямар мэргэжлүүд эзэмшсэн бэ?
-Миний хувьд сурахаа хэзээ ч зогсоож үзээгүй. Бэлтгэл ангид орсноос хойш гэвэл боловсролд бүх насаа зориулж явна. Мэргэжлийн тухайд Монголд ШУТИС-ийн Үйлдвэр технологийн сургуулийг хүнсний болон химич технологич гэсэн хос мэргэжлээр суралцаж төгссөний дараа одоогийн СУИС-РТМУС-ийн сэтгүүлчийн ангийг дүүргэсэн. Хүнс хоол судлал болон биохимийн чиглэлээр дөрвөн жил сурсан гэсэн үг. Америкт ирээд нэг жилийн хэлний бэлтгэлд суралцсаны дараа Los Angeles city College-д телевиз, киноны продюсерын чиглэлээр суралцсан. Үргэлжлүүлэн бизнесийн удирдлагаар мастерын зэргээ хамгаалсан. Одоо хиймэл оюун ухаан, дижитал бизнес, сэтгэл судлалын талаар сонирхож, бие даан судалж байгаа. Цаашдаа ч акедемик боловсролоор хязгаарлагдахгүй насан туршдаа суралцсаар байна гэж боддог.
-Таныг АНУ-д бүтэн тэтгэлэгтэйгээр суралцаж байгаа гэдэг утгаараа гадаадад суралцах талаар олон залуус асуудаг болов уу. Дэлхийн топ их сургуульд элсэхэд хувь хүнээс ямар ур чадварууд шаардагдах бол?
-Олон залуус гадаадад суралцахыг эрмэлздэг, зүтгэдэг болсон нь бахархмаар. Гэхдээ тэр их хүслээ зүгээр л боломжгүй айлын хүүхэд гэдэг үгээрээ өөрийгөө мохоогоод, хязгаарлачихдаг. Хамгийн түрүүнд хэлэх зүйл бол болохгүй гэдэг өнцгөөс юуг ч битгий хараарай гэж хэлмээр байна. Залуусын энэ бодлыг л няцааж, өөрөөрөө батлаж харуулахыг хүссэн учраас Youtube влог хийж эхэлж байсан. Би бэлтэй айлын хүүхэд байгаагүй. Гэхдээ надад мөрөөдөл байсан болохоор хүслээ биелүүлээд явж байна. Залуу хүн та чадна, тиймээс хэзээ ч өөрийгөө бүү гол. Хоёрдугаарт, Сурах боломж л байвал байнга шүүрч аваад сурахыг хичээгээрэй, онлайнаар хичээлүүд ав. EdX, Coursera, Khan academy гэсэн гурван аппликейшнд англи хэлний оноо хамаарахгүйгээр дэлхийн топ сургуулиудын хичээл үнэ төлбөргүй байдаг шүү. Интернэт л байхад хаанаас ч суралцах боломжтой. Гуравдугаарт, Монголд байгаа залуусын хувьд сайн дурын ажилд маш идэвхтэй оролц. Гадаадын их дээд сургуульд тэнцэхэд чамайг илэрхийлэх хамгийн чухал зүйл бол сайн дурын ажил буюу нийгмийн идэвх, оролцоо. Мөн эсээ бичихэд бакалавр эсвэл магистрын зэрэг горилож байгаагаас хамааран бичигдэх хэлбэр, тактик өөр байдаг. Тэгэхээр эсээн дээрээ маш сайн анхаарах хэрэгтэй. Төгсгөлд нь Монголд байхдаа хэлний мэдлэгээ ахиулахын хажуугаар дэлхийн түүх, математикийн хичээлийг эх хэл дээрээ судалчихаад ирвэл очсоны дараа илүү их цаг хугацаа, мөнгө хэмнэнэ. Хэрвээ бакалаврын хөтөлбөрт сурахаар зорьж байгаа бол шууд их сургуульд орох гэж яаралгүй Америкийн улсын коллежуудад өртөг багатайгаар их сургуулийн гуравдугаар курст байхдаа шууд шилжин суралцах боломжтой.
-Өөрийн хүчээр амжилтад хүрч бүхнийг тэгээс эхэлсэн түүхүүдийг хүмүүс сонсох дуртай. Таны хувьд зорилгодоо хүрэхэд юу хамгийн их нөлөөлсөн бол?
– Үнэнийг хэлэхэд өнөөдрийг хүртэл ирсэн зам минь тийм ч шулуун, дардан байгаагүй ээ. Ялангуяа зовлон, бэрхшээлтэй байгаагаа олон нийтийн сүлжээндээ зарлаад байдаггүй болохоор дандаа л аз жаргалаар бялхсан хүн байдаг гэж ойлгодог байх. Мэдээж бусадтай адил надад шантармаар амьдралын хүнд хэцүү сорилттой тулгарч байсан үе бий. Гэвч тэдгээр үе ирээдүйд биднийг хүчтэй нэгэн болгодог юм байна гэдгийг харсан. Манайх гэр бүлээрээ Дархан руу нүүх замдаа осолдож, бүх зүйлс орвонгоороо эргэж байлаа. Дүүтэйгээ уулан дээр гараад уйлж байснаа ерөөсөө мартдаггүй юм.Тэр үйл явдлууд намайг өөрийгөө дайчилж, илүү их хичээх ёстой гэсэн шалтгаан болсон. Би зүгээр байж чаддаггүй сониуч хүүхэд байсан юм уу 6 настайдаа ТҮЦ ажиллуулах бодол төрөөд, үйлдвэрээс 50 төгрөгийн ундаа аваад 100 төгрөгөөр төв шуудангийн гадаа зарж, дараа нь бас зах дээр очоод комиссын дэлгүүрийн худалдагчаас нь гуйж, жижиг лангуу гаргуулаад, өөрийнхөө хуучин хувцаснуудаа хэдэн өдөр гүйсний эцэст борлуулахад л анх удаа өөрийн хүчээр юм хийх ямар гоё амттайг мэдэрч байлаа. Тэрнээс хойш сонин борлуулах ажил хийлээ, огт мэддэггүй мөртлөө автомашины сэлбэг, хэрэгсэл хүртэл зарна, зайрмагны цех, шал угаах, үйлчлэгч хийх гээд хийж үзээгүй ажил бараг байхгүй. Би “Эх орондоо ихийг хийж бүтээсэн ажилсаг дайчин эмэгтэй болно” гэж гэж багадаа мөрөөддөг байлаа. Одоо бодоход энэ туйлын зорилгодоо л хөтлөгдөж явсан юм шиг санагддаг.
-Ямар ч ажлыг хийж эхлүүлэхэд эхлээд өөртөө бүрэн итгэх нь чухал гэдэг. Дутагдалтайгаа нүүр тулж, өөртөө итгэлтэй болсон түүх бий уу?
-Дуучин Наран эгч ээжийн ойрын шавь байсан болохоор манайхаар байнга орж гардаг бидний хувьд дотны хүн байсан. Наран эгч намайг өөрийгөө илэрхийлэх тал дээр дутагдалтай байгааг анзаарч Хөвсгөлийн тайзан дээр хүчээр шахуу гаргачихсан юм. Тэгээд л түүнээс хойш дуулах сонирхлоо нээж, олон тэмцээн уралдаанд орж, нүүр хагарсан гэж болно.Түүнийхээ ачаар 15 настайдаа Дарханы ФМ радиод хөтлөгчөөр ажиллаж, дараа нь өөрөө “радиогийн хөтлөгч” бэлтгэх сургалт хүүдүүдэд явуулдаг байлаа. Хүүхэд насанд бид зоригтой байдаг. Тэгэхээр залуу үеийн дүү нартаа“зоригтой байгаа дээрээ хийхийг хүсч байгаа зүйлээ шууд хийгээрэй” гэж хэлмээр байдаг.
-Өндөр бүтээмжтэй байхад хамгийн чухал гурван зүйл юу вэ?
-Нэгдүгээрт, “Golden hour” буюу өөрийн хамгийн их бүтээмжтэй цагаа олж тогтоох нь чухал. Хүн болгон өглөөний хүн байх албагүй. Учир нь хүн бүрийн бүтээмжтэй цаг өөр. Зарим нь өглөөний хүн бол зарим нь оройны хүн байж болно. Алтан цагаа мэдсэн бол цаасан дээр буулгаад ажлаа төлөвлөөд мэдээж хийж эхлэх хэрэгтэй.
– Таныхаар Монгол болон Америк залуусын сэтгэлгээний хамгийн том ялгааг юу гэж хардаг вэ?
-Гол ялгаа гэвэл Монголчууд бид юм болгоны зах зухаас гадарлаж мэддэг. Америкчуудын хувьд эсрэгээрээ мэдэхгүй, чадахгүй юм их. Гэхдээ нэг зүйлээ гүнзгий мэддэг, сонгосон ганцхан зүйлдээ төгс байдаг. Зөвхөн Ньф-Йорк хотод 9 сая хүн амьдардаг. Тэгэхээр энэ олон хүмүүсийн дундаас гарч ирэхийн тулд нэг юмандаа төгс байхаас аргагүй өрсөлдөөнтэй. Гэхдээ хиймэл оюун ухаан хөгжсөнөөр ирээдүйд олон ажлын байр үгүй болох магадлалтай. Тэр үед олон зүйлийг чаддаг байх шаардлага давамгайлна гэж нөгөө талаас бас үздэг болчихоод байгаа.
-Амьдралаас авч байсан хамгийн гоё бэлэг?
-Дандаа хамгийн сайхан хүмүүстэй учирдаг. Үүнийг бурхнаас надад өгдөг хамгийн нандин бэлэг гэж боддог. 11 жил хүмүүнлэгийн ажлууд хийхдээ надад ашигтай гэдэг талаас нь хэзээ ч харж байгаагүй. Гэтэл энд ирээд олон гайхалтай бэлгийг эргүүлээд амьдрал надад өгсөн. Хүмүүст сайн сайхныг хүсэж хийсэн тэдгээр зүйлсийн үрээр Харвард надад хаалгаа нээсэн. Мөн олон мянган хүмүүс дотроос “Эллений шоу”-нд уригдана гэж төсөөлж ч байгаагүй.
-Карьераа эхлүүлж буй залуу үеийнхэнд өгөх зөвлөгөө?
-Ямар ч ажлыг голохгүйгээр хичээгээд зүтгээд ажиллаарай гэж хэлэх байна. Заавал их сургууль ч гэлтгүй сул чөлөөтэй цаг гарж л байвал чадахгүй зүйлээ сураарай. Бас өөрийгөө үнэнээр нь дүгнэж цэгнээрэй. Үнэхээр чадахгүй зүйл их, дутуу дулимаг байгаа чинь үнэн бол өөртэйгөө нүүр тулж, хүлээн зөвшөөр. Миний хувьд англи хэл мэдэхгүй, дутуу дулимаг байгаагаа мэдсэн болохоор харьцангуй сүүлд ч гэсэн эхэлсэн. Бууж өгмөөр үе олон байдаг ч сайхан уйлж дотроо онгойлгоод эргээд эрч хүчтэй босоод ирээрэй. Бууж өгч шантралгүй хичээгээд байгаарай, залуусаа.
Ч.БИНДЭРЪЯА