Categories
мэдээ цаг-үе

О.Мөнхсайхан: Цаазаар авах ялын 30 орчим хувь нь алдаатай байх магадлалтай гэсэн судалгаа бий

МУИСийн Хууль зүйн сургуулийн профессор, хууль зүйн доктор О.Мөнхсайхантай ярилцлаа.


-Цаазаар авах ялыг халах тухай Нэмэлт II протоколд нэгдэн орсон УИХ-ын шийдвэр нь Үндсэн хууль зөрчсөн байна гэх гомдол Цэцэд иржээ. Уг протокол нь Үндсэн хуулийн ямар заалтыг зөрчсөн юм бэ?

-Энэ оны тавдугаар сард Н.Чадраабал гэдэг хүн цаазаар авах ялыг халах тухай Иргэний болон улс төрийн тухай олон улсын пактын Нэмэлт II протоколд нэгдэн орсон хууль нь Үндсэн хууль зөрчсөн гэж Үндсэн хуулийн цэцэд хандсан. Уг асуудлаар ҮХЦ маргаан үүсгэжээ гэх мэдээлэл гарсан. Гэхдээ Цэцийн маргаан үүсгэхтэй холбоотой тогтоол, магадлал нь нийтэд ил тавигддаггүй учраас би олж хараагүй байна. Энэхүү асуудал нь маш чухал учраас “Эмнести интернэшнл” байгууллагатай хамтраад Үндсэн хуулийн эрх зүй, олон улсын эрх зүй, криминологийн судалгаагаар энэ оны есдүгээр сарын 20-нд хэлэлцүүлэг хийж, цаазаар авах ялыг сэргээвэл Үндсэн хууль болон олон улсын гэрээг зөрчинө гэсэн дүгнэлт гаргасан. Хэлэлцүүлэгт тавьсан илтгэл, эрдэм шинжилгээний өгүүллийг эмхэтгэн гаргаад ном болгон гаргаад байна. Цаазаар авах ялыг халсан энэ шийдвэрийг зарим хүмүүс судалгаагүй, сэтгэлийн хөдлөлөөр гаргасан гэдэг. Гэхдээ тийм биш юм. Үндсэн хуулийг баталж байх үед цаазаар авах ялыг байлгах эсэхийг ярилцаж байжээ. Би 1991 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдрийн АИХ-ын хуралдааны тэмдэглэлийг уншсан. Тухайн үед АИХ-ын зарим гишүүд энэ ялыг бүр мөсөн халах хэрэгтэй гэж байжээ. Нөгөө хэсэг нь энэ ялыг халах нь зүйтэй, гэхдээ ирээдүйд халъя гэдэг байр суурийг илэрхийлж, энэ нь олонхын санал авч Үндсэн хуульд тусгагджээ. Үүнээс хойшхи үе үеийн парламент цаазаар авах ялыг халах алхмуудыг хийсээр ирсэн. Жишээ нь 1996-2000 оны УИХ дээр Д.Хувьтөгөлдөр гишүүн цаазын ялыг халж оронд нь бүх насаар нь хорих хуулийн төсөл санаачилсан боловч дэмжлэгийг аваагүйгээс батлагдаагүй өнгөрсөн. Гэвч тус парламент Шүүх эрх мэдлийн шинэтгэлийн үндэсний хөтөлбөр батлахдаа цаазаар авах ялыг аль болох хязгаарлана хэмээн тусгаж байв. Дараагийн УИХ нь 2003 онд Монгол Улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг баталсан. Энэ хөтөлбөрт мөн цаазаар авах ялыг халах чиглэлийг баримтална гэж заасан. 2006 онд Эмнести интенэшнлээс санаачлаад маш олон эрдэмтэд орж томоохон судалгаа хийсэн байдаг. Улмаар 2010 онд тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цаазаар авах ялаар шийтгэгдсэн хүнийг уучилж, 30 жилийн хорих ялаар солино гэж мэдэгдэж, уг ялын гүйцэтгэлийг түдгэлзүүлсэн. Үүнийг НҮБ-ийн Хүний эрхийн зөвлөл маш их дэмжиж, улмаар энэ ялыг халах тухай Нэмэлт II протоколд нэгдээч гэсэн зөвлөмжийг Монгол Улсад ирүүлсэн. Тухайн үеийн Засгийн газар НҮБ-ийн Хүний эрхийн зөвлөлийн зөвлөмжийн дагуу Нэмэлт II протоколд нэгдэн орох тухай хуулийг өргөн барьж, УИХ 2012 оны нэгдүгээр сарын 5-ны өдөр баталсан. 2012-2016 онд ажилласан УИХ дээрх протоколыг дэмжээд Эрүүгийн хуулиас цаазаар авах ялыг бүр мөсөн хассан бол 2016 онд байгуулагдсан УИХ-ын бүрэлдэхүүн ч Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа цаазаар авах ялыг сэргээгүй, халсныг дэмжсэн. Ингээд үзэхээр маш их судалгаа хийж байж, таван парламент дамжиж, улс төрийн гол намуудын аль алиных нь оролцож хүлээн зөвшөөрсөн үндэсний зөвшилцлөөр энэ ялыг халсан юм.

-Тэгэхээр Үндсэн хуулийн ямар заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа нь тодорхой биш байгаа гэсэн үг үү?

– Цаазаар авах ялыг халах тухай Нэмэлт II протоколд нэгдсэн орсон хууль нь Үндсэн хууль зөрчсөн гэх асуудлаар уг маргаан үүсгэсэн гэж ойлгосон. Яг ийм санааг Монгол Улсын Ерөнхийлөгч илэрхийлээд байгаа. Тэрээр өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сараас цаазаар авах ялыг сэргээх санал хэд хэдэн удаа гаргасан байдаг.

Саналдаа Үндсэн хуулийн 16.1-т “Хүн бүр амьд явах эрхтэй, Эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэг үйлдсэний учир шүүхийн хүчин төгөлдөр тогтоолыг ялын дээд хэмжээ оногдуулснаас бусад тохиолдолд хүний амь насыг бусниулахыг хатуу хориглоно”, “Цаазаар авах ялыг Эрүүгийн хуульд тусгах эсэхийг УИХ шийдвэрлэх бүрэн эрхтэй”, 10.4-т Үндсэн хуульд харшилсан олон улсын гэрээг Монгол Улс мөрдөхгүй” гэж заасан байдаг талаар хэлсэн. Тодруулбал, Үндсэн хуульд цаазаар авах ял заавал байх агуулга бий, уг ялыг халсан олон улсын гэрээ нь Үндсэн хуулийн 16.1-тэй зөрчилдөнө, иймээс уг гэрээг дагаж мөрдөхгүй гэж Ерөнхийлөгч яриад байгаа. Хэрвээ Цэцэд ийм агуулгатай мэдээлэл гаргасан бол энэ нь ямар ч ор үндэсгүй юм. Хууль зүйн хувьдаа ингэж үзэх ямар ч боломжгүй. Миний хувьд Үндсэн хуулийг хэрхэн тайлбарлах талаар Японд таван жил судалгаа хийж, докторын зэрэг хамгаалсан. Үндсэн хуулийг тайлбарлах олон аргаас хамгийн түгээмэл гурвыг нь сонгож Үндсэн хуулийг тайлбарлая. Нэгдүгээрт, Үндсэн хуулийг түүхчилсэн, угчилсан байдлаар тайлбарлах арга байдаг. Тэр нь Үндсэн хуулийн тухайн заалтыг оруулсан хүмүүс, эсвэл тэр үеийн нийгэм юу гэж ойлгосон бэ гэдгийг нь харах ёстой гэсэн үг. АИХ-ын төлөөлөгчид цаазаар авах ялыг халах, ирээдүйд халахыг дэмжиж Үндсэн хуулийн 16.1-ийг оруулсан гэдэг нь баримтаар тогтоогдож байна. Хоёрдугаарт, Үндсэн хуулийг үгчилж тайлбарлах явдал байдаг. Үгийн шууд утгаар нь тайлбарлах юм бол Үндсэн хуулийн 16.1-д цаазаар авах ял заавал байна гэсэн утга байхгүй. Энд “Эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэг” үйлдсэн бол ялын дээд хэмжээ оногдуулж болно гэсэн. Тиймээс, юуг гэмт хэрэгт тооцох, түүнд ямар ял оногдуулахаар хуульчлах нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал учраас цаазаар авах ялыг хууль баталж, эсвэл ийм олон улсын гэрээнд нэгдэн орж халах бүрэн эрх УИХ-д хадгалагдаж байгаа юм.

-Цэц Цаазаар авах ялыг халах тухай Нэмэлт II протокол нь Үндсэн хууль зөрчсөн гээд үзчихвэл яах вэ?

-Цаазаар авах ял Үндсэн хууль зөрчсөн гэж ил ярьж байгаа хүн бараг байхгүй. Ерөнхийлөгчийн хоёр зөвлөх, үндсэн хуулиар ч мэргэшээгүй нэг хүн л ярилцлага өгсөн байсан. Тэгэхээр цаазаар авах ялыг сэргээх олигтой ямар ч үндэслэл байхгүй. Ийм байхад ҮХЦ цаазаар авах ялыг халах тухай олон улсын гэрээнд нэгдсэн нь Үндсэн хууль зөрчсөн гэж шийдэхгүй байх гэж найдаж байна. Цэц арай ч тийм болтлоо хараат бус, мэргэжлийн байдлаа алдсан гэж бодохгүй байна. Хэрэв ҮХЦ Үндсэн хууль зөрчсөн гээд үзчих юм бол маш ноцтой үр дагавар үүснэ. Үндсэн хуульд өөрчлөлт оруулж энэ ялыг халах болох учраас ахиж цаазаар авах ялыг халах бараг л боломжгүй болно. Амьд явах, эрүү шүүлтээс ангид байх эрх, хүний нэр төр гэсэн суурь зарчмуудаа бататгасан алхмаасаа ухарна. 26 жилийн турш цогцлоож буй хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийн нэг том баганаа нураана. Олон улсад, НҮБ доторх Монголын нэр хүнд унана. Европын холбоотой харилцаа муудна, тэндээс манай ардчиллыг дэмжиж үзүүлж буй дэмжлэг, татварын хөнгөлөлт бүгд үгүй болох эрсдэлтэй. Тусгаар тогтнолын баталгаа болсон гуравдагч хөршийн бодлого, НҮБ дахь байр суурь суларна.

-Үндсэн хууль батлалцаж явсан, мөн судлаачид цаазаар авах ялын тухайд ямар байр суурьтай байдаг юм бол?

-ҮХЦ-ийн анхны дарга, доктор, профессор Г.Совд гуай өөрийн номдоо “Үндсэн хуулийн 16.1 нь Эрүүгийн хуулиар цаазаар авах ялыг үүрд хадгалсан заалт биш учраас цаазаар авах ялыг устгахад өчүүхэн ч саад болохгүй” гэсэн байдаг. Үндсэн хуулийн эх баригч Б.Чимид багш эхийг барьж 2003 онд УИХ-аар батлуулсан Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөртөө цаазаар авах ялыг халах чиглэлийг оруулсан. Энэ мэтчилэн маш олон судлаачид, хуульчид Үндсэн хуулийн 16.1-т цаазаар авах ял заавал байна гэсэн утга байхгүй гэж ойлгодог. Үндсэн хуулийн 10.4-т Үндсэн хуульд харшилсан олон улсын гэрээг Монгол Улс дагаж мөрдөхгүй гэж бий. Дүгнээд хэлэх юм бол цаазаар авах ялыг халсан олон улсын гэрээ нь Үндсэн хуультай харшлаагүй харин ч түүнд буй суурь үнэт зүйлийг бататгасан учраас уг гэрээг Үндсэн хуульд харшилсан хэмээн дагаж мөрдөхгүй байж болохгүй.

Манай Үндсэн хууль тогтоогчид маань Үндсэн хуульд улс төрийн ёс суртахууны буюу төрөөс иргэнтэй харьцах ерөнхий зарчим, үзэл санаануудыг тусгаж өгсөн. Энэ бүх үзэл санаатай цаазаар авах ял зөрчилддөг. Тухайлбал, уг ял нь хүний амьдралыг дуусгаж хүнийхээ хувьд эдлэх бүх эрхийг үгүй хийдэг учраас амьд явах эрхийг үгүйсгэдэг. Мөн хүн бүрийг нэр төртэй гэж үзэхийг шаарддаг. Хүн бүрийг хүн гэж хүлээж зөвшөөрч, хүний ёсоор хүндэтгэнэ гэсэн зарчим бол Үндсэн хуулийн оршилд буй хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийн суурь юм. Аймшигтай муухай хэрэг үйлдсэн ч тэр хүн хэвээрээ. Тэр хүний хэргийг шалгаад зохих шийтгэл хүлээлгэх нь зүйн хэрэг ч төр түүнтэй хүний ёсоор харьцаж хүндэтгэх үүрэгтэй. Мөн, цаазын ял нь эрүү шүүлтэд тооцогддог. Төр ял эдлүүлэх зорилгоор хүний бие махбодь төдийгүй сэтгэл санааны хувьд хүчтэй шаналал учруулдаг. Хүнийг цохиж зодож шийтгэхтэй адилхан бие махбодь дээр хэрэгждэг ял. Монголд доод тал нь 1-7 жилийн дараа уг ялыг гүйцэтгэдэг учраас тухайн хүнд маш их шаналал учруулдаг гэж үздэг. Энэ ялыг халснаар манай Үндсэн хуулийн амьд явах, хүний нэр төр халдашгүй байх, эрүү шүүлтээс ангид байх гэсэн эрхүүдийг баталгаажуулсан алхам болсон.

-Цаазаар авах ялыг халах тухай Нэмэлт II протоколд нэгдэн орсон орон буцаж гарах боломжтой юу. Хэрэв гарсан тохиолдолд ямар сөрөг үр дагаврууд учрах вэ?

-Болохгүй. Уг протоколоос гарах, гэрээг цуцлах заалт байдаггүй. Энэ ялыг халчихаад худал шалтаг хэлж буцаж сэргээх оролдлогыг хаах зорилгоор цуцлах, гарах заалтыг суулгаагүй байдаг. Гэхдээ, ийм гэрээнээс яаж гарах талаар олон улсын гэрээний эрх зүйн Венийн конвенцоор хоёр нөхцөл зааж зохицуулагддаг. Нэг талаар, уг конвенцын 56 дугаар зүйлд гэрээнээс гарах саналаа уг гэрээнд нэгдэн орсноос хойш 12 сарын дотор мэдэгдвэл гарах боломжтой гэсэн байдаг. Гэтэл Монгол ингэж мэдэгдээгүй төдийгүй Нэмэлт II протоколд нэгдээд зургаан жил болчихсон. Нөгөө талаар, олон улсын гэрээ нь мөн чанараараа гарахыг зөвшөөрсөн агуулгатай бол энэ талаар тодорхой заалтгүй байсан ч уг гэрээнээс гарч болно гэж өөр нэг нөхцөл заасан. Гэтэл НҮБ-ийн Хүний эрхийн хороо болон маш олон шинжээчид Нэмэлт II протоколд нэгдэн орсон л бол гарч болохгүй гэсэн тайлбарыг хийдэг. Филиппин 2016 онд уг протоколоос гарч, цаазаар авах ялыг сэргээх гэж оролдсон. Энэ үед НҮБ-аас хүчтэй буруушаасан. НҮБ-ын Ерөнхий Ассамблейгээс 2007 онд тогтоол хүртэл гаргаж цаазаар авах ялыг халах тө-дийгүй халсан улсуудыг бу-цааж сэргээхгүй байхыг анхааруулсан.

-Цаазын ялыг сэргээх гээд байгаа нь ямар учиртай гэж харж байна вэ. Үүнд нөлөөлж байгаа хүчин зүйл нь юу вэ?

-Ерөнхийлөгчийн зүгээс бага насны хүүхдийг хүчирхийлсэн, амь насыг нь хөнөөсөн жигшүүртэй хэрэг олноор гарч байгаа учир цаазаар авах ялыг сэргээе гэдгийг хэлж байгаа. Үүнээс харахад энэ ялыг халснаар жигшүүрт хэрэг ихээр гарах боллоо гээд байгаа юм шиг. Судлаад үзэхээр энэ нь худлаа юм билээ. Цаазаар авах ялыг халахаас өмнөх болон халсны дараах онц хүнд гэмт хэргийн гаралтын тоог харьцуулахад уг гэмт хэргийн тоо өссөн тоо баримт алга. Цаазаар авах ялыг хэрэглэж байсан 2002-2009 оны үед хүнийг санаатайгаар алах гэмт хэргийн тоо жилд дунджаар 294 гардаг байжээ. Цаазаар авах ялыг халснаас хойш буюу 2010-2017 оны хооронд жилд 213 болж буурчээ. Жилд 30-35 бага насны хүүхдийг хүчиндсэн гэмт хэрэг гардаг. Энэ хэрэг огт огцом өсөөгүй, тогтвортой байгаа. Монголчуудын буруу зөвийг ялгах чадвар дээшилж хөгжсөн төдийгүй хэвлэл мэдээлэл, цахим ертөнцийн тусламжтайгаар энэ хэрэг үйлдэгдсэн даруйдаа ил гардаг болсон. Тэгээд тоо нь өссөн юм шиг харагдуулаад байгаа хэрэг. Социализмын үед ч, цаазаар авах ял байх үед ч бага насны хүүхдийг хүчирхийлсэн жигшүүрт хэрэг гарч байсан. НҮБ болон Их Британи, Канад, Энэтхэг зэрэг бусад орнуудад хийсэн судалгаагаар цаазаар авах ял нь бүх насаар нь хорих ялаас илүү онц хүнд гэмт хэргийн гаралтыг бууруулдаг гэдэг нь нотлогддоггүй. Мөн Ерөнхийлөгчийн хэлсэн дээрх үгний хоёр дахь утга нь бага насны хүүхдүүдийг хүчиндэж, амь насыг нь бүрэлгэсэн хүнийг цаазлах ёстой, энэ бол шударга ёс гэсэн агуулгатай байж магадгүй. Хүй нэгдлийн үед шударга ёс гэдгийг амийг амиар гэж ойлгож байсан. Хүн төрөлхтөн, ялангуяа ардчилсан улсууд шударга ёсыг ингэж ойлгохоо больж байна. Шударга ёс гэдэг нь тухайн гэмт хэргийн хэр хэмжээнд тохирсон ялаар шийтгэх юм гэж ойлгодог болсон. Мэдээж ардчилсан улсын суурь үнэт зүйлд нийцсэн ялын төрлүүдээс хамгийн тохирсныг нь сонгоно гэсэн үг.

-Нийгэмд цаазаар явах ялыг улс төрийн шугамаар ашиглах вий гэх айдас бас байна л даа. Энэ тухайд?

-Үндсэн хуулийн нэг гол зарчим бол гэм буруугүй хүнийг хэзээ ч шийтгэж болохгүй. Харамсалтай нь цаазаар авах ял байгаа ямар ч улсад гэм буруугүй хүнийг шийтгэх магадлал их байдаг. 2000 оны Монгол Улсад цаазаар авах ялыг оногдуулсан шүүхийн шийдвэрт анализ хийсэн судалгааны дүгнэлтээр нийт цаазаар авах ялд оногдуулсан шүүхийн шийдвэрийн 30 хүртэл хувь алдаа гаргах магадлалтай гэж гарсан. Гэм буруугүй хүнийг цаазлах магадлал 30 хувьтай байгаа хэрэг. Гэм буруугүй хүнд цаазаар авах ял өгчихөөд түүнийгээ өөрчилсөн тохиолдол Монголын түүхэнд маш их байдаг. Монголд 1958-2011 он хүртэл 870 хүнд цаазаар авах ял оногдуулжээ. Цаазын ялын бүх мэдээллийг төрийн нууцад оруулчихдаг учраас энэ хүмүүсийн хэд нь яг гэм буруутай байсан бэ гэдгийг бид мэдэж чадахгүй. Цаазаар авах ял оногдуулах ажиллагаанд өмгөөлөгч, шүүгч, прокурорын хувиар оролцож байсан хүмүүс гэм буруугүй хүнийг цаазалсан байх үндэслэлтэй гэж харамсаж явдгаа надтай хуваалцаж байсан. Жишээлбэл, ҮХЦ-ийн гишүүн байсан, доктор, профессор Ж.Бямбаа багш маань 2010 онд өгсөн ярилцлагадаа “Баянхонгор аймагт нэг хүнийг хүчиндээд хөнөөсөн хоёр хүнийг цаазаар авсан. Гэтэл, хүчирхийлээд, хөтлөөд, чирээд явсан мөр нь нэг хүнийх л байсан учраас дээрх хоёр хүний нэг нь гэм буруугүй байсан байх магадлалтай” хэмээн харамсан өгүүлсэн байдаг. Өөр хэргүүд дээр ч нэр бүхий хуульчдын ийм харамсал бий. Ер нь энэ ялыг улс төрийн зорилгоор ашигладаг. Монгол Улс 1937-1939 оны хооронд 30 шахам мянган гэм буруугүй хүнээ цаазалсан гашуун түүх бий. Цаазаар авах ял маань ийм аймшигтай үр дагавартай учраас бид шударга ёс гэдгийг амийг амиар бус ийм олон хүчин зүйлүүд дээр тулгуурлаж авч үзэх, тодорхойлох ёстой.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *