Categories
мэдээ цаг-үе

О.Машбат: Үндсэн хуулийн өөрчлөлтөөр хүчтэй Ерөнхий сайдыг гаргаж байж л улс орны ажил явна

Улс төр судлаач О.Машбаттай ярилцлаа.


-Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлэг эхэлчихлээ. Энэ нэмэлт, өөрчлөлтийн зорилго, ач холбогдол нь юу вэ?

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болсон суурь шалтгаан гэж бий. Энэ шалтгаан нь гишүүдийн тоо, байгалийн баялгийн асуудал ердөө биш, энэ бол сая шинээр сөхөгдөж байгаа сэдэв. Хамгийн гол хоёр асуудал бий. Нэгд, засгийн газрыг ажлаа хийдэг болгох: хоёрт, шүүхийн хараат бус, хариуцлагатай байдлыг хангах. Энэ хоёр асуудлыг шийдэхийн тулд гурав гурван зохицуулалт хийхээр төсөлд тусгасан, өөрөөр хэлбэл зургаан чухал заалт бий гэж анхны төслийг нь гардан боловсруулсан бидний хэсэг хүмүүс үздэг юм.

Засгийн газар тогтворгүй байгаа болохоор авлигын сүлжээ үүрлэх таатай боломж үүссэн, шүүгч нар хараат бус байж чадахгүй болохоор шударга бусын хонгил үүссэн. Улс төрийн авлигыг устгая, шударга бусын хонгилыг нураая гэвэл Ерөнхий сайд Засгийн газраа өөрөө бүрдүүлж, тогтвортой ажиллах боломжийг олгож, шүүгчийн сонгон шалгаруулах, томилох, огцруулах асуудлыг эрхэлдэг байгууллагыг харилцан тусдаа байлгах ёстой юм.

-Тэр зургаан зохицуулалт нь юу юм бэ?

Засгийн газрыг ажлаа хийдэг болгохын тухайд хамгийн чухал гурван заалт нь нэгд, Засгийн газрыг тэнхимээрээ ажилладаг болгох тухай, хоёрт, Ерөнхий сайдыг огцруулах журмыг тодотгох тухай, гуравт, улсын төсвийг хэлэлцэхэд парламентын хариуцлагыг нэмэгдүүлэх тухайд юм. Шүүхийн хараат бус, хариуцлагатай байдлыг хангахын тухайд хамгийн чухал гурван заалт нь нэгд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн тухай, хоёрт, шүүхийн хариуцлагын зөвлөлийн тухай, гуравт, Үндсэн хуулийн Цэцийн тухайд юм. Энэ асуудлууд үндсэндээ 20 гаруй жилийн турш хамгийн их судлагдсан сэдэв. Шийдлийнх нь гаргалгааг ч бараг 10 шахуу жил судалсан, тэгээд ч гурван парламентаас байгуулагдан ажилласан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсгийн гишүүд санал нэгдээд ирсэн.

Гэхдээ эдгээр заалт УИХ-аар батлагдаж чадах эсэхийг би сайн мэдэхгүй байна. Үндсэн хуулийн Цэцтэй холбоотой заалтыг Зөвшилцлийн ажлын хэсэг шаардлагагүй гээд хасахаар шийдсэн гэсэн. Төсвийн хариуцлагыг дээшлүүлэх тухай заалтыг хоёрдугаар хэлэлцүүлгээр баталчихсан. Засгийн газар тэнхимээрээ ажиллах тухай заалт эхний санал хураалтаар уначихсан. Би үүнд санаа их зовж байна. Бусад заалт яахыг одоогоор мэдэхгүй байна.

-Яагаад энэ заалтыг чухал гэж үзээд байгаа юм бэ?

-Өнөөгийн Монголын нийгмийн гол асуудлуудыг шийдэх түлхүүр нь энд байгаа гэж үзээд байгаа юм. Энэхүү Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт Монголд төр байх эсэхийг шийднэ. Монголд төр алга болчихлоо гэж хүмүүс яриад байна. Энэ бол үнэн. Хоёр жил тутам Засгийн газар огцорч байхад төр байгаа гэж үзэхэд үнэндээ л хэцүү болчихоод байгаа юм. Төрийн ажлыг УИХ хийхгүй, Ерөнхийлөгч хийхгүй, Засгийн газар л хийнэ, тэгэхээр ажлаа хийх ёстой гол этгээд чинь хоёр жил тутам солигдоод байхаар ажил явахгүй, хөгжил урагшлахгүй байгаа юм.

Яагаад Засгийн газрын ажил нь явахгүй, байн байн огцроод байна вэ гэдэг асуулт ургана. Үүнд хоёр шалтгаан байна. Нэгд, Засгийн газар Ерөнхий сайдын удирдлага дор нэгдэж чаддаггүй нэг зовлон байна. Ерөнхий сайдыг УИХ-аас томилдог, Засгийн газрын гишүүн нэг бүрийг бас л УИХ-аас томилдог. Засгийн газар яагаад эрх мэдлээ Ерөнхийлөгчид алдаад байна гэхээр Ерөнхий сайд тэнхмээ өөрөө байгуулж чаддаггүйд байгаа юм. Сайд нэг бүрийг Их хурлаас томилохоор өөрийнх нь баг биш, фракцуудын төлөөлөл орж ирдэг. Фракцуудын төлөөлөл дотор Ерөнхийлөгчийн төлөөлөл байнга байдаг. Ингээд дотроосоо үймэлдээд нэгдсэн бодлого гардаггүй, зохион байгуулалтад орохгүй, нэг удирдамжаар хөдөлж чадахгүй байгаа юм. Засгийн газар ингээд ирэхээр Ерөнхийлөгчид эрх мэдэл нь төвлөрөөд эхэлж байгаа юм. Барих ёстой хүн нь барьж чадахгүй учраас задарчихаад байгаа юм. Ийм л үйл явц сүүлийн 30 жил болсон. Ялангуяа сүүлийн 20 жил хүчтэй явсан Манайхаас өөр ингэж явдаг парламентын засаглалтай улс байхгүй шахуу.

Энийг өөрчилье гэж байгаа юм. Ерөнхий сайдыг УИХ-аас томилж, Ерөнхий сайд нь Засгийн газрын бусад гишүүнээ өөрөө томилдог байна. Гэхдээ өглөө босоод л үзэмжээрээ томилчихгүй, заавал УИХ, Ерөнхийлөгчид нэг бүрчлэн танилцуулж байх ёстой. Ингэснээр УИХ-ын өмнө Ерөнхий сайд хариуцлага хүлээнэ, харин Ерөнхий сайдын өмнө Засгийн газрын гишүүн нэг бүр хариуцлага хүлээнэ. Мөн хариуцлагын шугам маш тодорхой болж, Ерөнхий сайдын дор Засгийн газар нэгдэж ажиллах боломж бүрдэнэ. Парламентын засаглалтай бүх орон ийм зарчимтай, үүнийг тэнхимийн зарчим гэж нэрлэдэг.

Хоёр шалтгааны нөгөөх нь бол Засгийн газрын тогтвортой байдал. Хоёр жил тутам Засгийн газар огцорч байна, тэр тоолон бодлого тасарч байна. Нэг ийм тохиолдол бий. Нэг сайд салбарынхаа ажилчдад зориулсан орон сууцны байшин бариулах гээд эхний жилд нь зураг төсөл, газрын зөвшөөрөл, төсөв гэх мэт бүх бэлтгэлээ базааж улсын төсөвт суулгаж хөрөнгийг нь шийдүүлж байгаа юм. Дараа жилийнх нь хавар барилгын ажил эхэлж, гадна талаа бүгдийг нь босгоод байхад нь Засгийн газар огцорчихсон. Дараагийнх сайд ирээд тэр ажлыг үргэлжлүүлээгүй, балгас болоод хоцорсон. Ийм балгас маш олон, хэрэгжээгүй тасалчихсан төсөл, хөтөлбөр бүр ч олон бий. Орхиод явсан ажлыг нь дараагийнх нь сайд үргэлжлүүлэх эсэх нь түүний хүсэл зоригоос хамаарна. Тасарчихсан ажлын төлөө шинэ Засгийн газар ч, УИХ ч, Ерөнхийлөгч ч хариуцлага хүлээхгүй.

Энэ байдлыг өөрчилж, Засгийн газрыг байн байн огцруулаад байдаггүй болгоё гэж байгаа юм. Ерөнхий сайдыг огцруулахын тулд орных нь Ерөнхий сайдыг хамт нэр дэвшүүлэх ёстой гэсэн шаардлагыг нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгаж байгаа юм. Ер нь парламентын засаглалтай цөөнгүй улс ийм шаардлага тавьдаг, Засгийн газар нь ч тогтвортой ажилладаг юм байна.

-Тэгэхээр эдгээр өөрчлөлт батлагдахгүй бол өнгөрсөн 20 гаруй жилийн замнал үргэлжлэх нь, тийм үү?

-Үргэлжлэх л байх. Амьхандаа л бид Үндсэн хуульдаа хөгжлийн бодлого тогтвортой байна гэж заах гэж байгаа. Засгийн газар тогтворгүй байхад хөгжлийн бодлого тогтвортой байна гэж хичнээн бичээд нэмэргүй, тэртэй тэргүй хэрэгжихгүй.

Өнөөдөр энэ өөрчлөлтүүдийг хийж чадахгүй, дахиад найман жилийн турш Засгийн газар үлгэн салган, байн байн огцроод байвал нийгэм маш хүнд байдалд орно. Ажил хийдэг Засгийн газрыг хүмүүс хүсэмжилж байгаа, тэр нь хүчтэй Ерөнхийлөгчтэй болчихвол Засгийн газар ажил хийдэг болох байх гэсэн төсөөлөл рүү хөтлөөд байгаа. Энэ бол ардчиллыг ч устгаж чадах аюултай хандлага.

Засгийн газартай холбоотой өөр нэг том асуудал бол төсөв. Төсөв гэдэг төрийн бодлогын мөнгөн илэрхийлэл. Улс орноо хөгжүүлэх тооцооны мөнгөн илэрхийлэл нь төсөв. Сангийн яаманд байгаа мэргэжлийн хүмүүс бүтэн жилийн турш тоо бодоод тэнцүүлээд оруулаад ирсэн тооцоог УИХ-д санхүүгийн талаар төсөөлөл байхгүй гишүүд өөрчилчихдөг байсан. Засгийн газрын оруулж ирсэн төсвийг нэмж болохгүй гээд төслийн заалтыг маш дажгүй байдлаар УИХ баталчихлаа. Хүчтэй Ерөнхий сайдыг гаргаж ирж байж л улс орны ажил явна. Харамсалтай нь энэ концепцийг унагаачихаж магадгүй байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдах байх. Гэхдээ яг зорилгодоо хүрч чадахыг мэдэхгүй байна.

-Зөвшилцлийн ажлын хэсгээс оруулж ирсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн зүйл заалтууд хэр зөв шийдэл байсан бэ. 62 гишүүний өргөн барьсан нэмэлт, өөрчлөлтийн анхны хувилбар нэлээд өөрчлөгдсөн байдлаар орж ирж байгааг шүүмжилж байсан?

Зөвшилцлийн ажлын хэсэг 62 гишүүний өргөн барьсан төслийг бүхэлд нь өөрчилчихлөө гэж зарим гишүүн ярьж байгаа. Асуудлыг дутуу ойлгосон хүний яриа. Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөл дээр зөвшилцлийн ажлын хэсэг ажиллаад нэгтгэж болохыг нь нэгтгээд, илэрхий зөрчилтэйг нь хасаад, нэлээн чамбайруулсан. Гэхдээ зөвшилцлийн ажлын хэсгийн нэгтгэсэн томьёоллыг хажуугийн санал гэж үзнэ, харин 62 гишүүний өргөн барьсан төсөл чуулганаар хэлэлцэх үндсэн төсөл хэвээрээ байгаа. Өөрөөр хэлбэл эхэлж, 62 гишүүний өргөн барьсан төслийн томьёоллоор санал хураасны дараа зөвшилцлийн ажлын хэсгийн томьёоллоор хураана. Алийг нь дэмжих вэ гэдэг бол УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийн л асуудал.

-Шүүх засаглалын тухай заалтууд хэрхэн уялдаж орж байгаа вэ. Шүүхийн хараат бус хариуцлагатай байдал, шүүхийн тогтолцоо, дээд шүүхийн зөв, ончтой, чиг үүргийн хуваарилалт биеллээ олж батлагдах болов уу. Зарим хуульчдын зүгээс гол хоёр зорилго дэмжигдэхгүй нь гэх шүүмжлэл байна?

Өргөн барьсан төслийн санаа бол сонгон шалгаруулалт, томилгоо, хариуцлага тооцох гэсэн гурван чиг үүргийг өөр өөр байгууллагад өгье гэдэгт бий. Ерөнхийлөгч томилгоо хийдэг хэвээрээ, харин сонгон шалгаруулдаг ШЕЗ, хариуцлага тооцдог Шүүхийн хариуцлагын зөвлөл хоёрыг бие даасан, нээлттэй, сонирхлын зөрчилгүй байгуулъя гэсэн юм.

Ерөнхийлөгч шүүхийн хэсэг дээр чанга байсан, тэр нь хуульчдын эсэргүүцэлтэй тулгарсан юм. Зөвшилцлийн ажлын хэсэг ажиллаж, нэлээн дэлгэрэнгүй заасан байсан анхны долоо, найман заалтыг хумьж гурван заалт болгоод байгаа. Гэхдээ анхны агуулгаа бүрэн хадгалж байгаа, үүн дээр хоёр тал зөвшилцсөн.

-Гишүүдийн тоог нэмэх шаардлага бий гэж та үзэж байна уу?

УИХ 99 гишүүнтэй болчихвол сайн,140 гишүүнтэй болбол бүр сайн. Гэхдээ УИХ-ын гишүүний тоог нэмэх шаардлага одоохондоо тулгамдаагүй гэж үзээд өмнөх ажлын хэсгүүд цөмөөрөө өргөн бариагүй.Үүнийг Ерөнхийлөгч өргөн барьсан.

-Тэгэхээр Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан нь төрийн, нийтийн өмч мөн” гэж томьёолох нь хэр зөв юм бэ?

-Өмчийн тухай асуудалд шууд тийм гэж хэлэхэд хэцүү. Өмчийн асуудлыг иргэний эрх зүй гэдэг салбараар судалдаг, би ийм салбар эрх зүйн хүн биш. Энэ бол цэвэр нарийн мэргэжлийн асуудал. Нүдний эмч хүн цөсний тухай ярих гэж байна шүү дээ.

Байгалийн баялагтай холбоотой Үндсэн хууль дахь 1992 оны анхны заалт нь зөв.

Хүмүүс Үндсэн хуулиа уншдаггүй болохоос зарчмын заалт нь 6 дугаар зүйлийнхээ 1 дэх хэсэгт өмнө нь байгаа. Бүх баялаг мэдээж ард түмний мэдэлд байна, тэрийг нь хамгаалах үүрэг нь төрийнх байна гээд л заачихсан. Хамгийн чухал зарчим нь тэнд бий. Одоо маргаад байгаа 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт төрийн өмч гэх үү, төрийн нийтийн зориулалттай өмч гэх үү гэдэг бол хууль зүйн хувьд шууд үр дагаваргүй шахуу.

– Нам Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 10-т заасны дагуу байгуулагдаж, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна гэх заалт дэмжигдсэн. Парламентын мөрдөн шалгах хяналт, хэмжээ хязгаарыг тогтоох гол зорилго байсан. Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой саналын томьёоллуудад та ямар байр суурьтай байна вэ?

-Улс төрийн намын тухай зохицуулалт Үндсэн хуульд байдаг. Үндсэн хуулийн түвшинд намыг зохицуулдаг гурван төрлийн заалт байдаг. Нэгдүгээрт, намын зорилгыг заадаг. Хоёрдугаарт, намын бүтэц зохион байгуулалт ардчиллын зарчимд суурилах ёстой. Гуравдугаарт, намыг тараах нөхцөлүүдийг заадаг. Тэрнээс биш хэдэн хүн нэгдэх ёстой гэх зэрэг заалтууд ердийн хуулиараа зохицуулагдах асуудал. Ийм зүйлийг Үндсэн хуульдаа заасан улс орон байдгийг би мэдэхгүй байна. Намын тухайд хоёр өөр асуудал яригдах ёстой. Эхнийх нь, хүний эрхийн тухай асуудал. Хүн эвлэлдэн нэгдэх эрхтэй. Энэ эрхийг хязгаарлаж болохгүй. Харин дараа нь төрийн эрхийг барих зорилгын тухай асуудал.Төрийн эрхийг авах гэж байгаа бол сонгуульд ороод ард түмний дэмжлэгийг ав гэх нь зүйтэй. Хүмүүс хичнээн олноороо эвлэлдэн нэгдсэн ч гэсэн сонгуулиар санал авч чадахгүй бол төрийн бус байгууллага шиг хэвээрээ л үлдэнэ. Ард түмний дэмжлэг аваагүй 20 гаруй нам УИХ-ын гадна талд одоо ч байж л байна. Байж л байг. Энэ чинь гол асуудал шүү дээ.

-УИХ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хоёрдугаар хэлэлцүүлгээ явуулчих юм бол Ард нийтийн санал асуулга явуулах нь зөв үү?

-Үндсэн хуулийн 68,69,70 дугаар зүйл дээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг ард нийтийн санал асуулгаар шийдэж болно гэж байгаа. Заавал хийх ёстой гэж байхгүй. Их хурал өөрийнхөө мэдэлд шийдэх ёстой гэж заасан. Хоёрдугаар хэлэлцүүлгээр энэ асуудлыг гуравдугаар хэлэлцүүлгээр батлах уу, эсвэл ард нийтийн санал асуулга явуулах эсэхийг шийднэ. Энэ бол Их хурлын шийдэх асуудал.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *