Categories
мэдээ цаг-үе

О.Бум-Ялагч: Байгаа хуулиудаа хэрэгждэг болоход анхаарна

Монголын Ногоон нам үүсэн байгуулагдсаны 25 жилийн ой өчигдөр тохиолоо. Ойн өдрөөр ногоон орчны ирээдүй, ногоон бодлого төлөвлөлт зэрэг асуудлуудыг хөндөж тус намынхан баярын хурал хийлээ. Энэ үеэртус намын дарга О.Бум-Ялагчаас дараахь тодруулгыг авсан юм.

Намын тань ой боллоо. Монголын Ногоон нам үүсэн байгуулагдсан түүхийг дурсаач. Дэлхийн ногоонтнуудын Монгол дахь гар хөл гэж ч яригдах болж?

-Бид 25 жилийн өмнөх гуравдугаар сарын 9-нд Монголын Ногоон нам байгуулагдаж байгааг тунхаглан тавдугаар сарын энэ өдөр үүсгэн байгуулах хурлаа хийж байсан түүхтэй. Бүр анхдагчдын тухай яривал 1988, 1989 онуудад Ногоон зам, Монголын ногоонтнууд гэх мэт хөдөлгөөнүүд байгуулж байгаль дэлхийг идэвхтэй хамгаалж эхэлсэн байдаг. Тухайлбал, Хөвсгөл нуураа хамгаалж фосфоридын ордыг эсэргүүцэж, Мардайн асуудлыг тухайн үеийн сэхээтэн залуус дэвшүүлэн тавьж байсан. Энэ хүмүүс МоАХ-г үүсгэн байгуулахад ч гар бие оролцож байж. Ингээд Монгол Улсад олон намын тогтолцоог хүлээн зөвшөөрөхөд байгаль экологио гэсэн сэтгэлтэй хүмүүс эвлэлдэн Монголын Ногоон намыг байгуулан өнөөг хүртэл авч ирсэн түүхтэй. Ногоон үзэл баримтлал гэдэг бусад намынхаас нэг л зүйлээрээ ялгардаг. Даян дэлхийд байгаа бүх нам хүний амьдралыг сайжруулах туйлын зорилготой. Ногоонтнууд бол даян дэлхийгээ хамгаалж үлдэнэ гэсэн үзэлтэй. Эх дэлхийгээ хамгаалах замаар хүн төрөлхтнийг урт удаан хугацаанд эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх. Тиймдээ ч бид бусад намууд шиг хүчирхийллийн аргаар бүхнийг шийдэхгүй, энхтайвны, зөвшилцлийн аргаар явах ёстой гэсэн туйлын итгэл үнэмшилтэй байдаг. Эдийн засгийн тухайд өрсөлдөөн дээр тулгуурласан эдийн засаг явуургүй юм. Эв, хамтын буюу бүх талуудын эрх ашгийг тусгасан замаар асуудлуудаа шийдэж байх ёстой гэж үздэг.

Улс төрийн ууган хүчнүүдийн нэг ч гэлээ парламентад суудалгүй, гишүүнчлэл цөөтэй гэх мэтээр үр дүн багатай байна уу?

-Монголын Ногоон нам анх байгуулагдахдаа гурван мянган гишүүнтэй, 12 мянган дэмжигчтэй байсан байна. Хамгийн их санал авсан тохиолдол нь 2008 онд 65 мянган сонгогч манай намыг дэмжсэн байдаг. Харин өнгөрсөн сонгуулиар 15 мянган хүний санал авсан. Өнөөдрийн тухайд хоёр мянга гаруй хатуу гишүүнчлэлтэй байна. Гишүүнчлэл нэмэгдэх хандлагатай байгаа.

Та бүхэн өнгөрсөн хугацаанд иргэдийнхээ төлөө ямар үр дүнтэй ажил хийсэн байна вэ?

-Шинэ Үндсэн хуулийг батлагдахад Монголын Ногоон нам 1992 онд 16.2 дахь заалтыг оруулсан нь бидний бахархал болсон үйл явдал байсан. Хүн эрүүл, аюулгүй орчинд амьдрах ёстой гэж. Энэ заалтаас үндэслээд хүний амьдралын баталгаа бүрдэх ёстой. Агаарын бохирдол, усны бохирдол, эрүүл аюулгүй хүнсээр хангах, хөрсний бохирдолгүй орчинд амьдрах гэх мэт эрүүл аюулгүй орчинд тав тухтай амьдрах эрх зүйн зохицуулалт байх ёстой. Тодорхой хэмжээнд асуудал явагдаж байна.

Өнөөгийн ногоон үзэл, бодлогын хэрэгжилтийн тухайд?

-Яахав байгаль орчны хууль эрх зүй үнэхээр сайн гэж дүгнэдэг. Гэхдээ тодорхой хуулиуд дээр ухралт гарчихаад байгаа. Та бүхэн мэднэ. Цацрагийн идэвхийг зохицуулах тухай хуулийг 2009 онд улс төрийн шийдлээр С.Баярын Засгийн газар хүчингүй болгож байсан. Үндсэн хуульд зааснаар хүний аюулгүй орчинд амьдрах таван чиглэл хуулийг гаргах ёстой ч гурвыг нь гаргачихаад байна. Гэхдээ манай нийгмийн сул тал нь сайн хууль баталж гаргаад байгаа ч огт хэрэгждэггүй. Хуулийг хэрэгжүүлэх хүсэл эрмэлзэл улс төрийн хүрээнд байдаггүйтэй энэ бүхэн холбоотой. Үүнийг Урт нэртэй хуулийн хэрэгжилтээс харж болно. Хэрэгжихгүй байсаар Дагаж мөрдөх журмын тухай хуулийг гаргаад маш их мөнгөн ус, цианит натрийг импортоор оруулж ирчихээд сууж байна. Байгаль дэлхийтэйгээ зарлаагүй дайн хийж байгаа хэрэг. Энэ хууль хүчингүй болсноос хойш Улаанбадрахын асуудал босч их хэмжээний уран олборлоход бэлэн болчихоод байх шиг байна.

Ногоон үзэл, эко орчин гээд уул уурхайгаас 100 хувь татгалзчихвал эдийн засаг юу болох билээ?

-Олборлоно. Олборлохдоо байгаль орчинд, хүний амьдрах орчинд халгүй, ээлтэй байна. Даян дэлхийн ногоонтнууд энэ дэлхийгээ хамгаалж авч үлдэх үүрэгтэй хүмүүс. Уран олборловол дэлхий сөнөдөг. Зөвхөн хүн гэлтгүй амьтан ургамалд хамгийн их халтай зүйл. Ураныг хүн анагааж, эмчлэхэд огт ашигладаггүй юм. Ердөө хоёр зүйлд л ашигладаг. Цөмийн цахилгаан станц, цөмийн зэвсэг үйлдвэрлэлд зориулж гарган авдаг. Хоёулаа хүний аюулгүй амьдрах баталгаанд сөрөг нөлөөтэй. Үүнийг Чернобыл, Фүкүшима нотолдог. Хоёр долоо хоногийн өмнө Нью-Йорк хотын ойролцоох цөмийн станцад гал гарч ихээхэн хохирол учрууллаа. Хичнээн хүн үрэгдсэн, юу болсон нь тодорхойгүй байна. Францад маш их хэмжээний цөмийн хог хаягдлыг булсан нь ил болж байна. Цөмийн технологийн сул тал нь эцсийн шийдлээ олоогүй. Харин нөгөө талдаа үүнийг орлуулах боломж хэд хэдэн хувилбараар нээгдчихсэн байдаг. Нарны энерги, салхины хүч, газрын гүний энергийг ашиглах технологийг бид нээгээд авчихсан. Япончууд ус төрөгчөөр ажилладаг машин бүтээчихээд патентаа үнэгүй аваач ээ гээд уриалан дуудаж байх жишээтэй. Тэгэхээр хүн төрөлхтөн аюултай технологиос татгалзах бүрэн боломжтой болчихсон. Өнөөдөр хөгжил нь их хурдацтай явагдаад энергийн эх үүсвэрийн дутагдалд орчихсон орнууд олборлоод байгаа юм. Бас хөгжөөд задралдаа ойртчихсон орнууд цөмийн зэвсэг хийж байна. Манай улс бол уран олборлох шаардлагагүй. Уранаа зараад мөнгө олох санаа байж болох байх. Гэхдээ уран зарвал хог шаарыг нь заавал өөрийн нутаг дэвсгэртээ булах, эсвэл их хямд үнээр уранаа зарах сонголтын өмнө очдог.

Байгаль орчны төлөө нэгдсэн хүмүүс зорилгоо хэрэгжүүлэх байгаль орчноор бизнес хийдэг болсон гэх шүүмжлэл гардаг. Асуудлыг яаж шийдэх ёстой юм бэ?

-Зургаан мянга гаруй байгаль орчныг хамгаалах төрийн бус байгууллагууд байна. Түүний 90 хувь нь цаг үеийнх. Юу гэсэн үг вэ гэвэл сонгууль болж эрх баригчид өөрчлөгдөхөд намд ойр байсан хэсэг нь санхүүжээд эхэлдэг. Бас уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй компаниудаас мөнгө шаарддаг хэсэг ч бий гэж дуулддаг. Ийм нөхцөл тогтчихлоо. Юунаас болсон бэ гэвэл Төрийн бус байгууллагын тухай хуулийн зарим зохицуулалт учир дутагдалтай байгаагийн илэрхийлэл. Төрийн бус байгууллагыг хэн санхүүжүүлэх вэ гэдгийг шийдээгүй. Герман компаниудаас авч байгаа татварынхаа бага хувийг аль нэг төрийн бус байгууллагад өгөхийг хуулиар зөвшөөрчихсөн байдаг. Төрийн бус байгууллагуудын санхүүжилт найдвартай болоод ирэхэд нийгмийнхээ төлөө л ажиллана гэсэн үг.

Та бүхэн цаашдынхаа замналыг яаж тодорхойлж байгаа юм?

-Бид байгаа хуулиудаа хэрэгждэг болоход л анхаарал хандуулъя гэж байгаа. Түүнээс биш шинээр гайхамшигтай хууль гаргаад хэрэгжихгүй бол ямар ач холбогдол байх билээ. Тэгээд ч өнгөрсөн 25 жилд Монгол Улс хуулийнхаа үндсэн шаардлагыг базаад гаргачихаж. Бас байгаль орчноор бизнес хийдэг бус чин сэтгэлээсээ ажилладаг болгох үндсийг тавихад анхаарна.

Л.МӨНХӨӨ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *