Categories
мэдээ цаг-үе

О.Баярмаа: Арьсыг цоолж байгаа ажилбар болгоноос татгалзсан нь зүйтэй

Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн элэг шилжүүлэн суулгах баг

Монгол Улсад элэг шилжүүлэн суулгах 79 дэх хагалгаа амжилттай хийгдлээ. Энэ талаар Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Гастроэнтeрологийн төвийн дарга, анагаахын шинжлэх ухааны доктор, клиникийн профессор О.Баярмаатай ярилцлаа.


-Монголд элэг шилжүүлэн суулгах үйл ажиллагаа хэзээнээс эхэлсэн бэ?

-2011 оноос хойш Солонгосын Асаны анагаах ухааны төвийн багийн гишүүдтэй хамтарч төсөл хэрэгжүүлж эхэлсэн түүхтэй. Эхний жилүүдэд манай эмч мэргэжлтнүүд Солонгосын анагаах ухааны төвд суралцсан. Сургалтууд 4-5 жил үргэлжилсэн. Сургалт явж байх үед Солонгосын Асаны анагаах ухааны төвтэй хамтарч Монгол Улсад 2011 онд анх удаа элэг шилжүүлэн суулгах хагалгааг хамарч хийсэн. Эхэн үедээ 30-аад халгалгааг хамтарсан байдлаар хийсэн. 30 хагалгааны дараа монгол эмч нар бие дааж 79 дэх хагалгаагаа хийгээд байна. Найман жилийн хугацаанд дөрвөн хүүхэд, тархины үхжилттэй донороос гурван хүнд элэг шилжүүлэн суулгасан. Бусад нь элэгний В, С вирустэй хавдартай хүмүүст хагалгаа хийжээ. Одоо бол монгол эмч нар бие даагаад тус хагалгааг нутагшуулах хэмжээнд хүрчихсэн. Хавдар судлалын үндэсний төв ч ялгаагүй энэ хагалгааг хийдэг болчихлоо. Нэг хагалгааг мэс заслын, унтуулагч, дүрс оношлогооны, лабораторийн, эмгэг судлаач, эсийн шинжилгээ хийх эмч сувилагч гээд олон мэргэжилтнүүд хамтарч хийдэг.

-Монголд хийгдэж байгаагүй хагалгаа гэхээр дагаад техник технологи нь ч шинээр нэвтэрсэн үү?

-Эхлээд хүмүүс гайхдаг байсан. Манай улсын анагаах ухааны түвшин тийм ч өндөр хөгжилд хүрээгүй хөгжиж буй оронд нарийн техник технологи , мэргэжилтнүүдээс нь мэдлэг, ур чадвар, багаж тоног төхөөрөмжийн бэлэн байдал шаардсан мэс засал эмчилгээг хийнэ гэхэд хөгжингүй орны эмч мэргэжилтнүүд танайх арай болоогүй байх аа гэдэг байсан. Ер нь томоохон технологи нэвтрэхэд бусад бүхий л салбарууд даган хөгждөг жамтай юм байна гэдгийг бид ойлгосон. Жишээлбэл, элэгний хагалгаанд хэрэглэгдэх янз бүрийн багаж тоног төхөөрөмжүүд. тухайн үед Монголд байгаагүй. Эмнэлгийн тоног төхөөрөмжүүд шинэчлэгдэхэд түүнийг ажиллуулах, тохиргоо хийх, засч сэлбэх, аюулгүй байдлыг хангах техникч , инженерүүд, эмч, мэргэжилтний онолын мэдлэг хэрэглээний ур чадвар даган хөгждөг. Эрчимт эмчилгээ , мэс засал, мэдээгүйжүүлэгийн эмч мэргэжилтнүүдийн хувьд ч шинэ тоног төхөөрөмжийг ашиглах хэрэглэх зэрэгт суралцангаа ур чадвар нь нэмэгдэж байдаг. Нэг хагалгаа 15-24 цаг үргэлжлэх тохиолдол ч байна. Энэ урт хугацаанд өвчтөний амин чухал эрхтнүүдийн хэвийн үйл ажиллагааг хянаж өөрчлөлтийг засах шингэн сэлбэлт цус цусан бүтээгдэхүүн бусад нэн шаардлагатай эмчилгээг минут секундээр ч хэмжигдэх хугацаанд цаг алдалгүй хийж унтуулгын түвшинг зөв зохистой харьцаанд авч явах лабораторийн төрөл бүрийн шинжилгээнд дүгнэлт хийж хэлбэлзлийг засах, мэс засалч эмч нарын хагалгаа хийх бүрэн нөхцөл байлаар хангах, бие организмыг хэвийн хэмжээнд байлгах амаргүй ажил. Мэдээгүйжүүлэгч эмч, сувилагч нарт хамааралтай болдог. Лабораторийн хувьд ч ялгаа байхгүй. Эд нийцлийн болон эсрэг биеийн титр, дархлал дарангуйлах эмийн тун хэмжээг тогтоох, цусны бүлэгнэлийн өөрчлөлтийг харуулсан молекул генетик, дархлаа судлал, уураг, биохимийн нирийвчилсан шинжилгээнүүд хийгдэх шаардлагатай болдог бөгөөд эдгээр нарийн шинжилгээ хийх техник технологиуд орж ирэхэд энэ шинжилгээг хийх эмч мэргэжилтнүүд гадаад орнуудад суралцаж өндөр нарийн мэргэжилд суралцаж хөгждөг. Мэс засалч эмч нарын хувьд энэхүү том хагалгааг хийж суралцаж байх хугацаанд ур чадвар сайжирч бусад бүхий л хагалгааг маш сайн хийх чадвартай болдог. 2019 онд анх удаа УНТЭ ийн элэг шилжүүлэн суулгах багийн гишүүд цусны бүлэг өөр донороос элэг шилжүүлэн суулгах ажиллагааг амжилттай хийсэн. Энэ бол Монголын анагаах ухаанд цоо шинэ эмчилгээний аргыг нэвтрүүлэх суурь тавигдсан маш чухал бөгөөд донорын олдоц сонголтыг нэмэгдүүлэх онцгой ач холбогдолтой. Технологийг бид нэвтрүүлж чадлаа.

-Урьд нь элэг шилжүүлэн суулгах хагалгааг гадаадад их өндөр үнэтэй хийлгэдэг байсан. Монголдоо хийхэд төлбөр мөнгөний тухайд харьцангуй хямд тусах байх?

-Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам энэ асуудалд маш их анхаарал хандуулж, элэг шилжүүлэн суулгах хагалгааны төлбөрийг төрөөс хариуцдаг болсон. Энэ нь манай ард иргэдийг санхүүгийн эрсдэлд орохоос сэргийлсэн маш чухал алхам болохын зэрэгцээ эмч мэргэжилтнүүд, техник технологийг хөгжүүлэх, сурч боловсроход ихээхэн түлхэц болж байгаа юм.

-Элэг юунаас болж өвчилдөг юм бол?

-Элэгний өвчнийг үүсгэдэг шалтгаануудыг вирусийн ба вирусийн бус гаралтай гэж ангилна. Вирусийн шалтгаанд элэг гэмтээгч А.В.С.Д.Е,ТТ гэх мэт олон вирусүүд ордог. Эдгээрээс А болон Е вирус нь элэгний архаг өвчин үүсгэхгүй, хурц хэлбэрээр илрээд өнгөрдөг. Элэгний архаг өвчин үүсгээд энэ нь цааш элэгний цирроз, хавдар үүсгэх гол шалтгаан нь B, С, D вирусууд юм. Харин вирусийн бус шалтгаанд архи, эмийн ба химийн бодисын нөлөө, таргалалт, хөдөлгөөний хомсдол, аутоиммун болон удамшлын эмгэгүүд ордог.

Вирусийн тухайд манай судлаачдын үзэж байгаагаар Монгол Улсын хэмжээнд В вирусийн халдвар 9.8 хувь, С вирусийн халдвар 8.5 хувьтай байгаа. В вирусийн халдвартай хүмүүсийн 60 хувьд нь дельта вирус хавсарсан байдаг. 2015 оноос Засгийн газрын “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн бөгөөд бид вирусийн илрүүлэг ба вирусийн эсрэг эмчилгээнд нэлээд амжилт гарсан. Үүнтэй холбоотой С вирусийн шалтгаантай элэгний цирроз, хавдрын улмаас элэг шилжүүлэн суулгах хувь буурч, одоо эсрэгээрээ эмчилгээ нь түвэгтэй байгаа В, дельта вирусийн шалтгаантай, элэгний хатуурал болон хавдартай хүмүүст элэг шилжүүлэн суулгах ажилбарууд илүү хийгдэж байна. Монголд элэг шилжүүлэн суулгасан өвчтнүүдийн 95 % нь вирусийн гаралтай элэгний цирроз, хавдартай байгаа ба үүний 90%-г нь В, дельта вирусийн хавсарсан халдвар эзэлж байгаа юм.

-“Элэг бүтэн Монгол” хөтөлбөр хэрэгжсэнээр элэгний өвчлөл буурсан уу?

– Судалгаагаар Монгол Улс хүн амын 10-аас дээш хувь нь элэгний циррозтой улсын тоонд ордог бөгөөд 2018 оны Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс гаргасан статистик мэдээллээр 19100 элэгний цирроз бүртгэгдсэн байна. Элэгний цирроз буюу хатуурал нь өвчлөл, нас баралтаараа хоол боловсруулах эрхтний эмгэг дотроо тэргүүлэх байрыг эзэлдэг. Мөн элэгний хавдар эрэгтэй, эмэгтэй хүнд ялгаагүй өвчлөл, нас баралтаар нэгдүгээр байрыг эзэлж, бид дэлхийн дундажаас найм дахин их өвчлөл, нас баралттай байгаа юм. Тиймээс Монгол Улсын Засгийн Газраас энэ хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж, элэг гэмтээгч эдгээр вирусүүдын халдварыг яаж оношилж, эмчлэх вэ гэдэг тал дээр маш эрчимтэй ажиллаж байгаа. 2015 оны байдлаар В вирустэй 200.000, С вирустэй 200.000, В вирустэй хүмүүсийн 60%буюу 160.000 хүн дельта вирусийн хавсарсан халдвартай гэсэн судалгаа гарч энэ хөтөлбөр хэрэгжиж эхэлж байсан. Одоо иргэд маань илрүүлэгтээ харьцангуй сайн хамрагдаж, идэвхтэй халдвартай нь эмчилгээгээ хийлгээд, хяналтандаа явж байна. Гэхдээ уг хөтөлбөрийг үр дүн сайтай, бүх хүмүүст хүртээмжтэй хүргэх талаар ЭМЯ болон төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд бүгд хамтран аж:иллаж байна. Тиймээс Монгол Улс элэг гэмтээгч вирусийн эсрэг маш сайн тэмцэж буй жишиг орны тоонд орсоныг ДЭМБ тэмдэглэсэн байгаа.

-Нэгэнт вирус авчихсан бол ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

-Ер нь бол элэгний эмгэгийн үед өвдөх шинж тэр бүр илрэхгүй. Элэг хэмжээгээрээ нэлээн томорсон үед л аюулхай, баруун сүвээгээр унжиж өвдөх шинж илэрдэг. Ямар нэг үрэвсэл болоход тэр хэсэгт улайж, хавдаж, эмзэглэл үүсдэг шиг элэгний хурц үрэвслийн үед элгэн дээр мөн тийм өөрчлөлтүүд бий болно. Элэг хавагнаж, томорсоноос хөдөлгөөний үед унжиж өвдөх шинж илрэх бөгөөд шарласан хүүхдүүд түрүүлгээ харж хэвтдэгийн учир энэ юм. Харин элэгний архаг эмгэгийн үед хамгийн түрүүнд илрэх шинж нь маш ихээр ядрах. Байнга ядарч тамирдах, амархан сульдах, хөдөлмөрийн чадвар буурах, өдөр, шөнийн нойр солигдох, унтаад сэрсэн ч бие амрахгүй байх зэрэг шинжүүд илэрнэ. Элэгний эсийн гэмтлийн зэргээс шалтгаалж элэгний үйл ажиллагааны алдагдал хэдий хугацаанд илэрч байгаагаас өвчний тавилан шалтгаалдаг

-Урьдчилан сэргийлэхийн тулд ямар арга хэмжээ авах вэ?

-Элэг гэмтээгч вирусийн талаар иргэдэд зориулсан сургалт, эрүүл мэндийн боловсрол олгох хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаагийн дүнд иргэд маань нэг үеэ бодвол В, С, Д вирусийн талаар тодорхой хэмжээний ойлголттой болж байна. Юуны түрүүнд вирусийн халдварын илрүүлгийн шинжилгээнд хамрагдах ёстой. Өөрөөр хэлбэл В, С вирусийн халдвартай байна уу, үгүй юу гэдгээ нэгдүгээрт үзүүл. Хэрвээ байхгүй бол В вирусийн эсрэг вакцинжуулалтад хамрагдах хэрэгтэй. В вирусийн эсрэг вакцин хийлгэвэл В вирусийн халдвараар өвдөхгүй, В вирусгүй бол дельтагийн халдвар авахгүй гэсэн үг. Манай улс 1991 оноос төрсөн нярайд 24 цагийн дотор В вирусийн эсрэг вакцинжуулалт хийдэг болсон. Тэгэхээр гурван удаагийн тунгаа бүрэн тариулсан хүүхэд В вирусээр өвдөхгүй байх нь. Харин 1990 оноос өмнө төрсөн хүмүүс сайн дурын вакцинжуулалтад өөрсдөө очиж хамрагдах ёстой. Зарим хүмүүс нэг, хоёр удаа хийлгэчихдэг. Өөрийгөө элэгний өвчлөлөөс бүрэн хамгаалахын тулд гурван тунгаа заавал хийлгэх хэрэгтэй. Дараа нь цусан дахь вакцины титрийг хянаж байх шаардлагатай. Элэг гэмтээгч В, С, дельта вирусүүд бүгд цусаар дамжин халдварладаг. Тиймээс аль болох арьс, салстынхаа бүрэн бүтэн байдлыг хангаж байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл арьс, салстыг цоолж байгаа ажилбар бүр халдварын эрсдэлийг дагуулдаг. Чих цоолох, шивээс хийлгэх, гоо сайхан, шүд, эмэгтэйчүүд, мэс заслын ажилбарууд, тарилга, цус, цусан бүтээгдэхүүн хийлгэх зэрэг нь бүгд цусаар дамжих халдварын эрсдэлийг нэмэгдүүлнэ. Тиймээс эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийг бүрэн баримталсан, нэг удаагийн багаж хэрэгсэл хэрэглэдэг газруудаар үйлчлүүлж, шаардлагагүй тарилгаас татгалзах зэрэг нь халдвараас сэргийлэх арга хэмжээ болно.

-Цусны бүлэг өөр донороос анх удаа элэг шилжүүлсэн гэсэн. Жирийн хагалгаанаас өөр байх?

-Хүний биед байгаа цусны бүлэг бүр маш олон төрлийн антиген буюу эсрэг төрөгчтэй байдаг. Тиймээс ижил бүлгийн цустай донороос элэг шилжүүлэн суулгадаг. Дэлхийн аль ч улс оронд донорын хүрэлцээ муу байдгаас элэг шилжүүлэхээр хүлээж буй хүмүүсийн 5-10% нь нас бардаг байна. Тиймээс донорын хүрээг өргөтгөхийн тулд тархины үхэлтэй донороос, цусны бүлэг өөр донороос элэг шилжүүлэх технологиуд дэлхийд нэвтэрчээ. Элэг шилжүүлэх эмчилгээний өмнө цусны өөр бүлэгтэй донороос ирэх олон төрлийн эсрэг төрөгчүүдийн эсрэг үүсэх реципиентийн дархлааг дарангуйлах эмчилгээг хийдэг.

Бид энэхүү эмчилгээний бэлтгэлийг БНСУ-ын Асан Анагаах Ухааны Төвийн протоколын дагуу эмийн болон цусны сийвэнг бүрэн солих аргаар хийсэн бөгөөд хагалгаа маань ч амжилттай болсон. Дэлхий дээр цусны бүлэг өөр донороос элэг шилжүүлэх хагалгааг хийдэг цөөхөн төвийн нэг болж бүртгэгдэж байгаа нь маш том амжилт юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *