Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

О.Батсайхан: Түүх үнэн байх хэрэгтэй

Монгол Улсын төрийн соёрхолт, Түүхийн шинжлэх ухааны доктор О.Батсайхантай ярилцлаа.


-1911 оны Үндэсний хувьсгалыг хийх тэр мөчид юу болж байсан талаар яриагаа эхлэх үү?

-Энэ өдрүүдэд тусгаар тогтнол төр улсаа сэргээн мандуулсны 110 жилийн ой тохиож байна. 1911 оны цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын 9-нд монголчууд манжийн эрхшээлээс гарч тусгаар тогтнолоо сэргээн мандуулж, бурхан шашны тэргүүн VIII Богд Жавзандамба хутагтыг улсын эзэн хаанаар өргөмжлөх төрийн ёслол Хүрээнд болжээ. Энэ үйл явдал бол нэгдүгээрт, туурга тусгаар улс болсноо дэлхий дахинд тунхаглан зарласан төрийн ёслол юм. Хоёрдугаарт, монголчууд бурханы шашинтай байсан учраас бурханы шашны тэргүүнээ хүрээлж, үндэсний үзлээрээ нэгдэж чадсаны үр дүн юм. Богд гэгээнтний нэр хүнд, алдар суу монголчуудын дунд өндөр байсныг хэлэх нь зөв байх.

1911 он бол монголчуудын үндэсний эв нэгдлийн оргил болсон юм. Алтан ургийн хан, ноёд, гүн, хутагт, хувилгаад, томоохон лам нар бүгдээрээ нэг зүйлийг ойлгосон. Тэр юу вэ гэвэл, энэ цаг мөчид тусгаар тогтнол, төр улсаа сэргээх нь бүхнээс чухал гэдгийг нэгэн дуугаар хүлээн зөвшөөрсөн юм. Богд гэгээнтнээс энэ цаг мөчид бүгдээр хөдөлж, туурга тусгаар улсаа сэргээн байгуулж, уул эзэн нутагтаа эзэн суух хэрэгтэй гэсэн зарлиг буулгаж, эл зарлигаа бүх монгол овогтонд хүргэсэн байна. Тэр зарлигийг бүгд дотроо залбирч, дэмжиж Богдыгоо хүрээлж тэмцэж, амжилтад хүрсэн юм.

-Социализмын үед түүхэн үнэнийг гуйвуулж байсан гэх юм билээ?

-Социализмын жилүүдэд Богдыгоо сайн биш саараар хэлж ирсэн. Кино, уран зохиолд ч тэгж бичиж ирсэн. 1911 оны түүхэн үйл явдалд бага ач холбогдол өгч байсан. 1921 оны үйл явдлыг л илүү дөвийлгөж харуулдаг байлаа. 1990 оноос өмнө 1911 оны үйл явдалтай холбоотой эх сурвалжууд байдаг ч ил гаргадаггүй байлаа.1990 оны ардчилсан хувьсгалын дараа монголчууд түүхийн хандлагаа өөрчилж, түүхээ мэдэх ёстой юм байна гэдэг үүднээс Чингис хааныхаа хөшөөг Улаанбаатар хотдоо босгож, монголчууд өөрсдийн ураг, удам, овгоо мэдэх үйл явц эхэлж байна. Монголын түүхийн бахархал болсон ном, эх сурвалж олноор хэвлэгдэн гарч байна. Тухайлбал, 1925-1927 онд 1911 оны үйл явдлыг будаг шунхгүйгээр сайхан бичсэн Магсар хурцын “Монгол Улсын шинэ түүх” номыг гараар хуулж, Зөвлөлт Орост нэг хувь, Монголд хоёр хувь байсан нь 1990 онтой золгосон юм. 1994-1995 онд эрдэмтэн профессор З.Лонжид гуай бид хоёр энэ номыг монгол бичгээс кирилл үсэг рүү буулгаж хэвлэсэн юм. Дээр нь 1934 онд монгол бичгээр хэвлэгдсэн Л.Дэндэвийн “Монголын товч түүх”, мөн Нямжав гүний бичсэн “Монгол Улсын Автономи хэмээх… түүх бичиг”, “1911 оны үндэсний хувьсгалтай холбоотой баримт бичгийн эмхэтгэл” гарсан байна. Эдгээр түүхэн үнэний сурвалж болсон ном сурах бичгүүдийг уншиж байгаарай. Яагаад эдгээр номны нэрийг дурдаад байна гэхээр орчин үед үнэн худал нь мэдэгдэхгүй түүхэн зохиол гэж их гарах боллоо.

-Түүхчид янз бүрийн олон дүгнэлт гаргасан байдаг. Нэг асуудал дээр нэгдэн тогтсон үзүүлэлт байхгүй маргадаг. Орчин үед нэгдсэн судалгаа гаргаад дүгнэлтээ нэгтгээд явах боломж нь хэр байдаг вэ?

-Манай түүхчид цөөхөн. Монгол Улс баялаг түүхтэй. Англи, Америк, Герман, Япон, Солонгос зэрэг дэлхийн улсуудын эрдэмтэд XIII-XIV зууны үеийн Монголын түүхийг илүү сонирхдог. Яагаад гэвэл дэлхийн талыг эзэлж явсан хоёр зууныг монголчуудын зуун гэж үздэг учраас. XX зууны түүхийг судалсан чамлахааргүй хэдэн эрдэмтэн байгаа. Гэхдээ манай эрдэмтэд асуудал асуудлаар нь жишээлбэл, гадаад харилцаа, эдийн засаг, Богд хаан, шашин гээд тус тусад нь судалгаа хийдэг. Мөн үе үеэр нь судалдаг. Юутай ч судалгаа гүнзгийрэхийн хэрээр түүхчдийн ойлголт нэг болж байгаа. Монголын орчин үеийн түүх 1911 оноос эхэлж байгаа гэдэг дээр санал нэгдсэн.

-1920 онд Богд хааныг буулгаад Хятадын Ерөнхийлөгчийн хөрөгт мөргүүлсэн гэдэг түүх бий. Бүх цаг үед л урвагчид байсаар ирсэн. 110 жилийн дараа эдгээр урвагчдын нэрийг зарлах цаг болсон байх тийм үү?

-1911 онд Их Хүрээ төвтэй Монгол Улс Богд хааныг ширээнд залаад гал голомтоо бадраасан. Өвөр монголын 49 хошуунаас 38 нь дагаар орж эхэлсэн. 1915 оны Хиагтын гэрээгээр Өвөр монгол хилийн гадна үлдэж байгаа. Тэр хүмүүс аргагүйн эрхэнд нэг хэсэг нь хилийн гадна, нэг хэсэг нь Монголдоо ирсэн юм. Энэ нь тухайн үеийн нөхцөл байдалтай л холбоотой. Өмнөд Монгол Манжид дагаар орсноос 275 жил, Халх Монгол дагаар орсноос 220 жил, зүүн гарын Ойрдууд хүчээр эзлэгдсэнээс 150 жилийн дараа тусгаар тогтнолоо сэргээсэн 1911 оны үйл явдал болов. Энэ үед төрийн уламжлалаа мэддэг хүн хэр их байв. Гэх мэтээр олон асуудал байна. 1912 онд Богд хааны зарлигт урагшаа урвасан гэх Доржпалам гэдэг хүнийг буруушаасан баримт байдаг. Энэ хүн бол Сэцэн хан аймгийн сүжигт ван Доржпалам гэдэг хүн юм. Энэ хүн анх тусгаар тогтнолын хэрэгт санаа нийлж байгаад гэнэт сэтгэл хувьсан урагшаа Бээжин явсан тул Богд хааны зарлигаар ялласан байдаг. Улсаас урвасан хүнийг шийтгэх хууль ёсоор түүнийг алах ялтай хэмээн үзэж байсан боловч “Өөрийн бурууг сэхээрэн мэдэж, нэгэнт дуртай ял хүлээсүгэй” гэсэн тул амийг хэлтрүүлж, улсад туслагч гүнгийн цолыг хурааж, дүү нар болон хүүхдийг нь ялаас хэлтрүүлсэн байдаг.

1919 оны үйл явдлыг нэлээд ярьдаг. 1919 оны намар Хятадын харгис хүчин Сюй Шү Жан Монголын засгийн эрхийг хүчээр булаан авах үед Монгол Улсын Ерөнхий сайдаар Шанзав Бадамдорж байлаа. Богд хаан,Шанзав Бадамдорж нарын ордоныг хятад цэргүүд бүсэлж айлгаж сүрдүүлсэн байдаг. Ингээд Ерөнхий сайд Бадамдорж, сайд болон дэд сайд нарын хамтаар Хятадад дагаар орох бичигт гарын үсэг зурсан гэдэг. Харин Богд хаан тууштай эсэргүүцсэн. Гарын үсэг зураагүй, тамга дараагүй үйл явдал болсон. Тухайн үедээ “Богц богц мөнгөөр Богдыгоо худалдсан сайд нар гуай” гэсэн үгтэй дуу ард түмний дунд гарч байсан. Тийм дуу гарч байсан гэхээр яах аргагүй ийм үйл явдал болсон гэж дүгнэж байгаа. Ингээд 1920 оны нэгдүгээр сард Хятадын Ерөнхийлөгчийн хөрөгт Богд хааныг хүчээр мөргүүлэх ёслол Хүрээнд болсон юм. Энэ бол монголчуудын түүхэнд үнэхээр гутамшигтай зүйл болжээ.

-Орчин үеийн ном зохиолуудаас аль нь бодит үнэнг бичсэн юм бэ. Залуус ямар эх сурвалжаас үнэн бодит мэдээлэл авч болох вэ?

-Түүхэн ном, эх сурвалжууд их зузаан учраас залуус тэр бүр уншихгүй байна. Энэ сарын 29 үндэсний баярын өдөр, бүх насныхан Богд хааны ордон музейг өөрийн биеэр ирээд үзээрэй. Мянга сонссоноос нэг үз гэдэг дээ. Өөрийн биеэр ирээд үзвэл арай өөр мэдрэмж төрнө. Мөн Чойжин ламын сүм музейг үзэх хэрэгтэй. Үндэсний түүхийн музейгээ үзэх нь зөв. Яагаад гэвэл 110 жилийн өмнөөс монголчуудын маань туулж ирсэн замналыг харуулах түүхэн дурсгалын өв баримтууд эдгээр газруудад хадгалагдаж байна.

-Боловсролын системд түүхэн үнэнийг яаж гуйвуулахгүй оруулах ёстой вэ?

-Өндөр гэгээн Занабазар өөрийн хүрдэн дээр “Төр маш бат, Шашин маш тунгалаг, Тэнгэр энх, Түвшин дэлхий” хэмээх хос үгийг бичсэн байна. 1911 онд тусгаар тогтнолоо зарлан тунхаглаад улсын эзэн хаан суусан Богд хаан анхдугаар Богдынхоо зохиосон энэ үгийг тамганыхаа дөрвөн талд шигтгэсэн. Дээр нь Өндөр гэгээн Занабазарын зохиосон соёмбо үсэг, уйгаржин монгол бичиг, дөрвөлжин үсгээр “Шашин төрийг хослон баригч, Наран гэрэлт Богд хааны тамга” хэмээн тамгандаа бичсэн байдаг.

Нэгдүгээрт, түүх үнэн байх хэрэгтэй. Энэ үнэн түүхийг ерөнхий боловсролын сургуулийн сурах бичигт оруулах хэрэгтэй. Богд хааныг хатных нь хамт, төрийн таван сайдтай нь, Ерөнхий сайд Сайн ноён хан Намнансүрэн, Гадаад яамны сайд Чинван Ханддорж, Дотоод яамны сайд Да лам Цэрэнчимэд, Сангийн сайд Түшээт ван Чагдаржав, Цэргийн яамны сайд Далай ван Гомбосүрэн, Шүүх яамны сайд ван Намсрай гээд эдгээр хүмүүсийн нэрийг сурах бичигт бичиж үлдээх хэрэгтэй. Энэ бол онц чухал. Дээрээс нь Богд хааны өөрийнх нь зарлиг бий. “Тэнгэрийн цаг болжээ. Энэ цаг мөчид хөдөлж тусгаар тогтнол эрх чөлөөгөө олж ав. Энэ газар нутагтаа эзэн суу” гэж. Өвөг дээдэс, өрлөг түүхэндээ өсвөр үе, үр хүүхдүүд маань үнэнч болж өсөх болно. Түүхээ мэдэхгүй бол гуйвж дайвж, урваж, няцах бол энүүхэнд. Тиймээс үнэн түүхийг олж судалж, мэдэж, сонсох явдал чухал шүү. Түүх бол сургамж, түүх бол ой санамж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *