Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

О.Баатарчулуун: ЗГ, УОК цар тахлын дэгдэлтийн бурууг ХӨСҮТ-д тохох гэж байна

“ХӨСҮТ”-ийн эмч нар PCR шинжилгээний хариуг хуурамчаар үйлдсэн асуудлаар Эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбоо, ХӨСҮТ-ийн үйлдвэрчний эвлэлийн хороо хамтран хэвлэлийн бага хурал хийлээ. Тус хурлын эхэнд Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн дарга Х.Ариунаа хэлэхдээ “Өдрөөс өдөрт коронавируст цар тахлаар өвдсөн иргэдийн тоо өсч, хүнд болон хүндэвтэр иргэд олширч, нас баралт нэмэгдэж байгаа энэ цаг үед эрүүл мэндийн салбарынхан өдөр шөнөгүй бүх чадлаараа зүтгэн ажиллаж байна. Гэтэл ийм хүнд цаг үед эмч, ажилчдын нэр хүндийг сэвтээсэн үндэслэлгүй хуурамч мэдээллийг олон нийтэд цацаж, хууль хяналтын байгууллага буруу, зөвийг нь тогтоогоогүй байхад ийм зохисгүй үйлдэл гаргаж байгаад харамсаж байна. Цар тахлын хүнд хэцүү үед ард иргэдийн сэтгэл санааг үймүүлж, дархлааг унагаасан мэдээлэлд хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчид та бүхэн хянуур хандаж, хууль хяналтын байгууллагаас шийдвэр гарсан тохиолдолд бодитой мэдээлэхийг хүсч байна. Эрүүл мэндийн салбарынхан 100 хувь алдаа гаргахгүй ажилладаг гэж хэлээгүй. Алдаа дутагдал гаргасан бол алдаа гаргасан хүнтэй нь хариуцлага тооцдог байх хэрэгтэй. Түүнээс биш энэ салбарт ажиллаж байгаа 56 мянган хүнийг нийтээр нь, салбараар нь харлуулж хоёр жил гаруй хугацаанд ар гэр, үр хүүхдээ умартан, цаг наргүй ажиллаж байгаа хүмүүсийн нэр хүндийг унагаж болохгүй” гэв.

САЙД ДАРГА НАРЫН ЗӨВЛӨХҮҮД, ЭРДЭМТДИЙН БАГ ЗАСГИЙН ГАЗАРТ ХӨЛ ХОРИО ТОГТООХ ШААРДЛАГАГҮЙ ГЭЖ ХЭЛЭХЭД, БИД ШОКОНД ОРСОН

ХӨСҮТ-ийн Үйлдвэрчний хорооны дарга О.Баатарчулуун “ХӨСҮТ-д Тагнуул, эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас хамтарсан шалгалт орсон нь үнэн. Шалгалт үргэлжилж байгаа. Хачирхалтай нь энэхүү шалгалт орсноос хоёр хоногийн дараа LIVETV.mn гэх нэр бүхий сайтад шалгалттай холбоотойгоор “ХӨСҮТ-ийн эмч мэргэжилтнүүд Монгол Улсыг коронавирусийн цар тахалд живүүлсэн үү” гэсэн маш хүнд гарчигтай, зохиол, жүжиглэлттэйгээр зохион байгуулсан. ХӨСҮТ-д буюу цар тахлын голомтод ажиллаж байгаа эмч, ажилчдыг илтээр буруутгасан нэвтрүүлэг гарсан. Ийм нэвтрүүлэг гарсан нь цар тахлын голомтод ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнуудад сэтгэл санааны маш хүнд цохилт боллоо.

Бодит байдлыг илт гуйвуулсан, эмч, ажилчдыг буруутгасан нэвтрүүлэг гарснаас хойших хоёр хоногийн хугацаанд тэр хүмүүс өнөөдөр сэтгэл санааны хүнд дарамтад байна. Миний бие тус нэвтрүүлэгт нэр дурдагдсан ажилчидтайгаа уулзахад “Өнгөрсөн хоёр хоногийн хугацаанд ажлаа хийх ямар ч хүчгүй болчихлоо. Нойр ч хүрэхгүй байна. Бид яагаад өнгөрсөн хоёр жил үнэнчээр зүтгэчихээд хийсэн ажлынхаа төлөө ингэж буруутгагдаж байгаа юм бэ. Бид ийм буруу зүйл хийх хүмүүс биш” гээд уйлаад ярьж байна. Тэр хүмүүс өнөөдөр энд ирж мэдээлэл өгөхийг хүссэн ч ХӨСҮТ-ийн ачаалал их байгаа тул лаборатори дээрээ ажлаа үргэлжлүүлэн хийхээс өөр аргагүй байлаа. Өчигдрөөс эхлэн ХӨСҮТ-тэй холбоотой мэдээлэл, батлагдсан мэтээр мэдээлж эхэллээ. Түүнчлэн 50 мянган хүний хариуг сөрөг болгосон гэх гурван эмч 80 мянган төгрөгөөр сөрөг гэдэг хариу гаргадаг байсан, Сайханхүү эмч 21 мянган хүний шинжилгээг сөрөг хэмээн гаргахдаа 1.7 тээрбум төгрөг олжээ гэх мэт мэдээллүүд гарч эхэллээ. Үүнийг бид цар тахлын дэгдэлтийн бурууг ХӨСҮТ рүү зохион байгуулалттайгаар тохож байна гэж харж байна. Дээр нэвтрүүлгийн гол зорилго нь бүх бурууг ХӨСҮТ рүү чихэж байгаа улс төрийн зорилго цаана нь байна.Шуудхан хэлэхэд, эмч ажилчид хоёр жилийн турш халдвартай тэмцэн ажиллаж ирсэн энэ хугацаанд төр засгийн шийдвэр бүгд зөв байсан бил үү. Хоногийн халдварын тоо, нас баралтын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж буй өнөөдрийн энэ бодит байдлыг ХӨСҮТ-ийн мэргэжилтнүүд, тархвар судлалын докторууд аль эртнээс Засгийн газар, УОК-т хэлж анхааруулж, зөвлөж байсан. Хөл хориогоо сайн тавиад өгөөч гэж гуйсаар ирсэн. Тэр үед Засгийн газар, УОК мэргэжилтнүүдийн гаргасан зөвлөмж, дүгнэлтийг бодитоор хэрэгжүүлж байсан бил үү. Бид эргэлзэж байгаа. Өнөөдөр тэр сайд, дарга нарын хажууд байдаг зөвлөхүүд, эрдэмтдийн баг юу хийж байгаа юм бэ. Та бүхнийг сарын өмнө Засгийн газар, УОК-т хөл хорио тогтоох шаардлагагүй гэхэд, үнэндээ ХӨСҮТ-д ажиллаж байсан эмч, мэргэжилтнүүд бид шоконд орсон. Хөл хорих шаардлагагүй гэж хэлснээс чинь хойш сарын дараа гэхэд аюул нь ингэж гарч ирж байна. Та нар мэргэжлийн байгууллагынхаа зөвлөмж, шийдвэрийг Засгийн газар, УОК, шийдвэр гаргагчдад ойлгуулж хэлж чадахгүй юм бол тэнд зөвлөх хийж яадаг юм. Эрдэмтдийн баг гэж байгаад яах юм. Больцгоо.

Та нар ард иргэдийг битгий хуур. Өнөөдөр та нарт иргэд итгэж л амьдарч байгаа шүү дээ. Гэтэл цар тахлын тоо өсч, нас баралт өсөхийн хэрээр ХӨСҮТ-ийн голомтод ажиллаж байгаа, хоёргүй сэтгэлээр ажиллаж байгаа эмч, мэргэжилтнүүдийг буруутгах аргыг ийм амархан олох юм уу. Үүниг бид хүлээн зөвшөөрөхгүй. Үнэнийг хэлэхэд сайд, дарга нарын шийдвэр оновчгүй байсан гэдгийг шулуухан хэлнэ. Тэр нь өнөөдрийн тархалтаар батлагдаж гарч ирж байгаа хэрэг. Тиймээс бид та нарын явуулж буй энэ хуйвалдааныг чинь хүлээн зөвшөөрөхгүй. Өнөөдөр цар тахал эрчээ аваад хөдөөгийн сумдад коронавирусийн халдвараар хүмүүс, төрийн албан хаагчид нас барж эхэллээ. Эмнэлгийнхэн халдвараар олноороо өвдөж байгаа. Битгий голомтод байгаа хүмүүсийг баримтгүйгээр чичилж буруутгаач” хэмээв.

Энэ үеэр дээрх Үйлдвэрчний эвлэлийн холбооны зүгээс эрүүл мэндийн салбарын ажилчдын нэр хүндэд санаатайгаар халдаж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн сайд С.Энхболдод мэдэгдэл хүргүүлж буйгаа онцлов. Энэхүү мэдэгдлийн хариуг дөрөвдүгээр сарын 30-ны дотор ирүүлэхийг сайдаас хүсэв.

Мэдэгдлийн тухайд:

1. Гэм буруутай нь шүүхээр тогтоогдоогүй байхад тодорхой нэр бүхий мэргэжилтнийг нийтэд зарлаж салбарын эмч, ажилчдын нэр хүндэд бүдүүлгээр халдсаныг эсэргүүцэхийн зэрэгцээ, эмч, ажилчид холбогдоод буй асуудлын үнэнийг олж тогтоон салбарын ажилтнуудын нэр хүндийг сэргээх

2. Салбарын ажилтнуудын цалин, илүү цаг зэрэг хөдөлмөрийн хөлсийг бүрэн олгохгүй бол эмнэлэг бүрд хөдөлмөрийн маргаан үүсгэх

3.Дээрх асуудал шийдвэрлэгдэхгүй хэвээр үлдвэл Нийслэл болон орон нутгийн эмч, ажилчид улсын хэмжээнд эсэргүүцлээ илэрхийлж, тэмцэл хөдөлгөөн өрнүүлэх тул уг асуудлыг нэн даруй шийдвэрлэж өгөхийг сайдаас хүсч байна хэмжээжээ.

П.БАТЗАЯА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *