Пүрэв гаригийн УИХ-ын нэгдсэн чуулган завсарласны дараа Хуульзүйн байнгын хороо 18:30 цагт хуралдав. Уг хуралдаанаар тус байнгын хорооны дарга Ш.Түвдэндорж Засгийн газрын гишүүн ҮХАА-н сайд болсон тул дараагийн байнгын хорооны даргыг томилох тухай байсан юм. Өчигдөр 17 цаг өнгөрсний дараа сайд Ш.Түвдэндорж Их хурлын даргад байнгын хорооны даргын албанаас чөлөөлж өгөх хүсэлтээ өгчээ. Тиймээс ийнхүү байнгын хороо хуралдахаар болсон тухай Ш.Түвдэндорж тайлбар хийв. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Хууль зүйн байнгын хорооны даргад манай бүлэг Д.Ганбат гишүүнийг нэр дэвшүүлж байна” хэмээн мэдэгдэж түүний намтрыг танилцууллаа. Түүний дараа УИХ-ын гишүүн О.Баасанхүү горимын саналтай буйгаа хэлж “Хууль зүйн байнгын хорооны даргын суудал АН-ынх. Тэдний бүлэг Д.Ганбат гишүүнийг нэр дэвшүүлэхээр ярилцсан байна. Миний хувьд хуульч гишүүн гэдэг утгаар нь Ж.Батзандангийн нэрийг дэвшүүлж байгааг хэлэлцэж өгнө үү” гэв. Бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Ардчилсан намын бүлэг хуралдаад Д.Ганбат гишүүнийг байнгын хорооны даргад нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн. Манай намын өөр гишүүнийг байнгын хорооны даргад нэр дэвшүүлбэл завсарлага авна. Бүлгээрээ дахин хэлэлцэх ёстой. Тэгэхгүй бол хэн нэгнийг нь дэмжсэн болж АН-ыг дотор нь хагалах болчих гээд байна” гэдэг байр суурийг илэрхийлэв. Харин О.Баасанхүү гишүүн “Би АН-ыг хагалах гээгүй. Ж.Батзанданг байнгын хорооны даргад нэр дэвшихийг хориглож болохгүй” гэсэн юм. Д.Эрдэнэбат дарга “Манай намын хоёр гишүүн давхар нэр дэвшиж байгааг заавал бүлэг дээр ярих ёстой. Ж.Батзандан гишүүний байр суурийг сонсъё” гэв. Ж.Батзандан гишүүн “Байнгын хорооны даргын асуудал яригдаж байгаа энэ үед АН хуульч гишүүдээ аль алийг нь ялгахгүй байгаа гэдэгт найдаж байна. Би Ардчилсан намын бүлгийн даргад бүлгийн гишүүдийн аль нэгийг нь ялгаварлахгүйгээр нэр дэвшүүл гэсэн хүсэлт тавьсан. Харамсалтай нь манай намын бүлгийн дарга ганцхан хүний нэр дэвшүүлээд байгаа. Үүнд эргэлзэж байна. О.Баасанхүү гишүүн үүнийг ойлгож байнгын хорооны даргын асуудал шударгаар явах ёстой гээд миний нэрийг дэвшүүлэх санал гаргасан. Би өрсөлдөхөд бэлэн байгаа. Ялсан ч ялагдсан ч надад харамсах зүйл байхгүй” гэлээ. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Манай намын хоёр гишүүн бүлгийн даргад нэр дэвшиж байгаа тул ярилцах шаардлагатай. Завсарлага авъя” гэснээр Хуульзүйн байнгын хорооны хуралдаан өндөрлөсөн юм.
Э.БОЛД