Categories
мэдээ цаг-үе

О.Адъяа: Монголчууд хөнгөлөлттэй үнээр АнУ-ын зах зээлд бараа, бүтээгдэхүүнээ борлуулах хөтөлбөр байгаа

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Өчигдөр ЗГХЭГ-ын дарга Занданшатар Америк Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчдөд мэдээлэл хийжээ.


Энэ талаар тус танхимын гүйцэтгэх захирал О.Адъяатай ярилцлаа.

-ЗГХЭГ-ын дарга Г.Зандаршатартай ямар асуудлаар ярилцав?

-Засгийн газар байгуулагдаад 100 хонож байна. Бид сар бүр тодорхой албан тушаалтнууд, гадаад, дотоодын хөрөнгө оруулагч нартай тухайн үеийн тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам, зорилтын талаар хэлэлцүүлэг зохион байгуулдаг. Энэ удаа ЗГХЭГ-ын дарга Занданшатар ирэх жил Засгийн газраас хэрэгжүүлэх бодлогыг танилцууллаа. Мөн хөрөнгө оруулагчдын асуултанд хариулсан.

-”AmCham Mongolia” гэж ямар учиртай байгууллага вэ?

-Монгол Америкийн худалдааны танхим гэсэн үг. Төв нь АНУ-д байдаг. Монголд байгуулагдаад долоон жил болж байна. 50 гаруй гишүүн компанитай байгууллага.

-Гадны хөрөнгө оруулагчид олон асуудалтай тулгардаг. Танай гишүүдээс Засгийн газарт ямар нэгэн санал хүсэлт тавьдаг уу?

-Манай танхим чиглэл чиглэлээрээ төрийн байгууллагуудтай хамтран ажилладаг.

2018 онд төрийн байгууллагуудтай ямар чиглэлээр хамтран ажиллахаа тодорхойлсон. Эхний ээлжинд бодлогын залгамж халаа, өөрөөр хэлбэл хууль эрх зүйн тогтвортой байдал. Хоёрт уул уурхай эдийн засгийн голлох салбар байгаа тул хамтран ажиллана. Гуравт уул уурхайн салбар голлох боловч, энэ салбараас бусад салбарыг хөгжүүлж үйлдвэрлэлийг төрөлжүүлэх талаар хамтран ажиллана. Жишээлбэл, хөдөө аж ахуй, эрчим хүчний салбарыг хөгжүүлэх хэрэгтэй. Дөрөвт, Монгол Улс далайд гарцгүй орон учраас бүс нутгийн байгууллагуудад нэгдэн орох шаардлагатай юм. Ингэснээр манай улсын өрсөлдөх чадвар нэмэгдэнэ. Энэ дөрвөн чиглэлээр төрийн байгууллагуудтай хамтран ажиллана.

-Хамтран ажиллана гэдэг нь…

-Тухайн асуудлаар санал солилцох, судалгаа шинжилгээ, мэдээлэл солилцох зэрэг ажлууд хийгдэнэ. Гэхдээ мэдээж энэ нь алдаатай бодлогыг хараад, хэрэгжүүлээд явна гэсэн үг биш. Бас алдаатай бодлого дээр манай танхим өөрийн байр сууриа илэрхийлдэг. Зөвхөн шүүмжлэл биш. Харилцан ойлголцоод, хамгийн гол асуудлаа шийдэх хэлбэрээр ажиллана. Өнөөдөр энэ бодлогын баримт бичгээ ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарт гардуулж өгсөн.

-АНУ-тай ил тод байдлын гэрээ байгуулна гэсэн мэдээ гарсан.

-АНУ, Монгол Улсын хооронд ил тод байдлын гэрээ өнгөрсөн оны гуравдугаар сард зурагдсан.

-Энэ гэрээ ямар учиртай гэрээ вэ?

-Энэ гэрээгээр хоёр тал бизнес, эдийн засагтай холбоотой шийдвэр гаргахдаа бие биендээ урьдчилан мэдэгдэх ёстой. Мэдэгдэх гэхээсээ шийдвэр гарахаас өмнө мэдээлэл солилцож санал авахыг хэлж байгаа юм. Манайхан чинь гэнэт нэг өдөр хуулиа өөрчлөөд байдаг шүү дээ.

-Тухайн үед энэ гэрээ нь аливаа шийдвэр гаргахдаа америкуудаас зөвшөөрөл авдаг гэрээ байгуулах гэж гэсэн шүүмжлэл гарч байсан.

-Энэ буруу ойлголт. АНУ-аас зөвшөөрөл авах биш. Мэдээллийг урьдчилан хүргэх тогтолцоо. Зургаан сарын өмнө мэдээлэл авсан бизнес эрхлэгч өөрийн хөрөнгө, бизнесийн үйл ажиллагаагаа хамгаалах, шинээр гарах шийдвэрт зохицуулах боломжийг л олгож байгаа юм. Жишээлбэл, өнөөдөр хэн нэг нь Хятадаас төмс оруулж ирлээ. Гэтэл маргааш нь Монголд хятад төмс зарахыг хориглосон шийдвэр гарвал хэн хэн нь их хэмжээний хохирол хүлээнэ биз дээ. Үүнтэй адил хэн нэгнийг гэнэтийн шийдвэрийн эрсдлээс л хамгаалах арга.

-Ил тод гэдэг нь юу гэсэн үг вэ?

-Хуулиуд гэнэт гардаг. Мөн бусад шийдвэрүүд ч гэнэт гардаг жишиг тогтож байна. Энэ гадныханы бүү хэл дотоодын бизнесменүүдэд хүндрэл биш, хохирол учруулдаг. Тийм учраас ямар шийдвэр гаргах гэж байгаа, хэлэлцэж байгаа зэргээ ил болгох хэрэгтэй л гэсэн үг. Эхний алхам, үндсэн зарчим нь гаргах шийдвэрээ ил тод мэдээлэх. Мэдээлээд цаад талаас ямар санал ирэх, түүнийг хүлээн авах эсэх нь дараагийн асуудал.

-Гэрээнд гарын үсэг зурсан Монгол Улс юу хийх ёстой вэ?

-Гэрээг хэрэгжүүлэхэд таван жилийн хугацаа шаардлагатай.

-Яагаад?

– Одоо мөрдөж байгаа хуулиуддаа шаардлагатай нэмэлт өөрчлөлт оруулна. Төрийн бүх шийдвэрүүд, хууль тогтоомжуудаа англи хэл дээр хөрвүүлнэ. Энэ гэрээ манай улс Япон улстай байгуулсан стратегийн гэрээтэй төстэй. Гэрээнд гарын үсэг зурчихаад хэрэгжүүлэх бэлтгэл ажил хангах гэж тодорхой хугацаа ордог.

-Монголчууд АНУ руу бизнес хийхэд худалдааны хөнгөлөлт байна уу?

-Энэ тусдаа багц асуудал байдаг. Монголчууд хөнгөлөлттэй үнээр АНУ-ын зах зээлд бараа, бүтээгдэхүүнээ борлуулах нэг хөтөлбөр байгаа.

-Одоо хүчинтэй юу?

-Хүчинтэй. Гэхдээ одоохондоо манайхан АНУ-ын зах зээлд бараа, бүтээгдэхүүн нийлүүлэх боломж хомс.

-Яагаад?

-Нөгөө талаас тавьж байгаа стандарт өндөр. Манайхан тэр түвшний шаардлага хангадаггүй.

-АНУ-ын бизнесменүүд биднийг сонирхож байна гэж 25 жил ярьсан. Яагаад дорвитой хөрөнгө оруулалт хийхгүй байна?

-Олон шалтгаан байна. Нэг томоохон шалтгаан нь манайд бодлогын тогтвортой байдал алга. Ний нуугүй хэлэхэд Монгол Улс жижигхэн зах зээлтэй. Гэтэл АНУ-ын компаниуд том зах зээлээс л том ашиг олох сонирхолтой. Бид бас тэдэнд хэлдэг. Хэдийгээр манай зах зээл жижигхэн ч гэсэн. Жаахан хөрөнгө оруулаад маш хурдан ашиг олох боломжтой. Үр дүн нь богино хугацаанд батлагддаг зах зээл гэж бид хэлдэг. Бас зөрчилтэй хууль тогтоомж хөрөнгө оруулахад нөлөөлдөг. Ер нь олон хүчин зүйл хөрөнгө оруулахад нөлөөлдөг л дөө.

-АНУ-ын иргэд манайхаас юу сонирхдог вэ?

-Манай танхимаар дамжуулаад америкийн компаниудтай холбогдох, тэдний бараа, бүтээгдэхүүний албан ёсны борлуулагч болох сонирхолтой иргэд, аж ахуйн нэгжүүд байдаг. Бид боломжийн хэрээр холбож өгөхийг боддог. Хоёр тал адилхан сонирхолтой байгаа.

-Манай иргэд, аж ахуйн нэгжүүд АНУ-ын зах зээлтэй харьцахад юу анхаарах ёстой вэ?

-Манай цахим хуудсанд энэ тухай мэдээлэл бий. Хоёр хуудас гарын авлага байдаг. АНУ-ын бизнесийн орчин, бизнес эрхлэхэд юуг анхаарах ёстой, эрх зүйн орчны тухай мэдээлэл байгаа.

Х.БАТТӨГС

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *